“Боко Харам” шинэ удирдагчтай болжээ
2015-08-13

 

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл шинэ удирдагчтай болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ тухай Чад улсын Ерөнхийлөгч Идрисс Дебу сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрбээр “Хэт даврагчид “Боко Харам” бүлэглэлийг 2009 оноос удирдсан Абубакар Шэкауг халж, оронд нь Махамат Даод гэгчийг удирдагчаараа сонгосон. Энэ бол баттай мэдээлэл” гэж хэлжээ. Харин Нигерийн удирдлагуудАбубакар Шэкаугийг амиа алдсан эсвэл халдлагын үеэр хүнд гэмтэл авсан хэмээн таамаглаж байна. Өмнө нь хэд хэдэн удаа түүнийг амиа алдсан хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан юм. Шинээр сонгогдсон удирдагч Махамат Даод өмнө нь Чад болон Нигерийн удирдлагуудтай хэлэлцээр хийх санал тавьж байсан гэнэ. Тэрбээр Засгийн газартайгаа тохиролцоонд хүрч, утга учиргүй хүчирхийллийг зогсоохын хүсдэг хэмээн тус бүлэглэлд элссэн тагнуулууд мэдэгджээ. Одоогоор түүний зураг болон гадаад төрхийг хэт даврагчид нууцалж байгаа юм.

 

Өнгөрсөн долоо хоногт хэт даврагчид 22 удаа халдлага зохион байгуулж, 210 хүний аминд хүрч, бага насны 15 охиныг хулгайлсан байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин