Төрийн ордонд хуулийн эсрэг “чимээгүй эргэлт” боллоо
2015-08-13

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-2015 оноос өмнө 6 удаа Өршөөлийн хууль баталсан. Тэдгээр хуульд , насанд хүрээгүй үедээ гэмт хэрэгт холбогдсон, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, эрүүл мэндийн хувьд ял эдлэх чадамжгүй болсон, хөнгөн өолон хүндэвтэр гэмт хэргийг хамруулдаг байсан. Энэ удаагийн Өршөөлийн хуулийг Засгийн газраас дээрх зарчмын дагуу өргөн барьсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн саналаар албан тушаал, авлигалын хэргийг хамруулах болсон. Үүнийг МАН-ын бүлэг эсэргүүцсэн. Тиймээс МАН-ын бүлэг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлах үед чуулганы хуралдаанд оролцоогүй гэсэн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

 

-Хэдхэн жилийн өмнө сонгуульд “Авлигачдын нурууг атийлгаж, Ард түмний нурууг тэнийлгэнэ” гэсэн уриатай орж байсан улс төрийн хүчин өнөөдөр үүнийхээ эсрэг ажиллаж байна. “Цэвэр агаар сан”, “Нүүрс” хөтөлбөр, татварын зэрэг нийт 10 тэрбум гаруй төгрөгийн авилга, албан тушаалын хэргийг өршөөж байна. Монгол Улс 2012 онд авлигын индексээр дэлхийд 87 дугаар байрт орж байсан бол 2014 онд 107 байрт орсон. Өршөөлийн хууль батлагдсанаар Монгол Улс авлигалийн индщксээр хамгийн адагт орох боломж бүрдлээ гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Ээлжит бус чуулган гэх халхавчийн дорх Төрийн ордонд төрийн эсрэг, хуулийн эсрэг “чимээгүй эргэлт” боллоо. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэд хэдэн удаа хууль санаачлагчид нь буцаасан. Гэвч ээлжит бус чуулганаар хүчээр баталлаа. Мөн Өршөөлийн тухай хуулийг ч хүчээр баталлаа. Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглах, Мөнгө угаах, авилгал авах, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг бүх зүйл ангийг өршөөлд хамруулж байна хэмээв.

 

Тэд мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  хариулсан юм.

 

-Энэ хуулийг эсэргүүцэх боломж нь танай намын бүлэгт байсан. Батлуулахгүй байх боломж байгаагүй юу?

 

- Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль УИХ-д дөрвөн удаа орж ирсэн. Бид сөрөг хүчин байхдаа ч уг хуулийг дэмждэггүй байсан. Хамтарсан Засгийн газарт ажиллах хугацаандаа ч дэмжээгүй. Уг хуулиар бид наадмын өмнө завсарлага авсан. Гэтэл ээлжит бус хуралдаан зарлаж Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулийг баталлаа. Байнгын хорооны хуралдаан дээр МАН-ын бүлгийн гишүүд эсрэг саналтай байгаагаа дуулгасан. Өршөөлийн хуулиар ахмадууд болон эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөе гэсэн саналыг гаргасан. Гэтэл олонхоороо хүч түрж уг хуулийг баталлаа. Манай намын гишүүд эхний хэлэлцүүлэгт эсрэг кноп дарж байсан бол эцсийн хэлэлцүүлэгт нь оролцоогүй. Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг МАН-ын бүлгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд гишүүнийг орж ажиллах санал тавьсан байсан ч хүлээж аваагүй.

 

- Н.Энхбаяр Шадар сайдад нэр дэвшвэл танай намынхан дэмжих үү?

 

-Шадар сайдын асуудал УИХ дээр орж ирээгүй байгаа учраас үүнийг ярих эрт байна. Сайд нарт хэн хэнийг оруулж ирэх вэ гэдгээс шалтгаална.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Туршлага бна шуу!:
Ардын нам зов зуйтэй дугнэлт хийжээ!
2015-08-13