Ялалтын ойд зориулсан арга хэмжээ Дорноговь, Сүхбаатарт болно
2015-08-14

Энэ онд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож буй. Манай улс Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг хоёр үе шаттайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Эхнийх нь Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн хүрээнд өрнөсөн үйл явдал, ажил байсан бол хоёрдугаар үе шат нь энэ 6-8 саад болж байгаа юм. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Сүхбаатар аймагт энэ сарын 19-нд, Дорноговь аймагт энэ сарын 21-нд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тусгайлсан арга хэмжээ зохион байгуулах гэж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан “Чөлөөлөх дайны 70 жилийн ойн хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, ялалтын 70 жилийн баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх, Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулсан. Ер нь энэ ялалт нь Монгол Улс тусгаар тогтносон улсын хувьд уг дайнд оролцсоноор дэлхийн тавцанд олон улсын харилцааны эрх зүйн нэгэн субъект болохоо харуулж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс төрийн өндөр ач холбогдолтой, түүхэн үйл явц юм. Монгол Улс Дэлхийн II төгсгөл болох Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулахад түлхэц болсон энэ дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болно гэдгийг судлаачид онцолж байна” гэж ярьсан.

 

Чөлөөлөх дайнд Монголын 21 мянган цэрэг эрс оролцжээ. БНХАУ-ын /Өвөр Монголын/ ард түмнийг чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэрэг /МАХЦ/ 1945 оны 5 дугаар сарын дунд үеэс бэлдэж эхэлжээ. Манай зэвсэгт хүчнийг БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсан удирдан оролцсон байна. Дайн 8 дугаар сарын 9-ний өдөр  эхэлжээ. Долоннуур-Жэхэгийн чиглэлд давшсан МАХЦ-ийн анги нэгтгэлүүд 1000 гаруй км замыг богино хугацаанд туулж эх орныхоо даалгаврыг амжилттай биелүүлсэн. Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эвдэж, японы цэргийн томоохон бүлэглэлийг устгах ширүүн тулалдаан 8 дугаар сарын 19-21-нд болсон. 1945 оны МАХЦ-ээс нар барсан, шархадсан, сураггүй болсон дайчдын дурсгалд зориулан Жанчхүүгийн даваанд хөшөөнд босгосон гэж БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хурандаа С.Ганболд ярилаа.

 

1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцжээ. Уг дайнд оролцсон 332 ахмад дайчин өдгөө амьд сэрүүн байна. Мөн 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 15 ахмад дайчин энх тунх амьдарч байгаа аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин