Улаанбаатар
“Богино хугацааны олон удаагийн виз”-ны талаар танилцууллаа
2015-8-14

2015 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс Монгол улс дахь Японы Элчин сайдын яамнаас энгийн гадаад паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд "Богино хугацааны олон удаагийн виз" олгож эхэлсэн билээ. Энэ талаар иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас давхацсан байдлаар олон асуулт, лавлагаа ирж байгаа тул үнэн зөв, дэлгэрэнгүй мэдээллийг асуулт хариулт хэлбэрээр  Монгол улс дахь Японы Элчин сайдын яамны Консулын хэлтэсээс илгээснээр танилцуулж байна.

 

- "Богино хугацааны олон удаагийн виз"-ийн талаар тодорхой мэдээллийг өгнө  үү?

-2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аяллын болон ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө зочлох, бизнесийн зорилгоор  "Богино хугацааны олон удаагийн виз"-ийг дараах нөхцөлийг хангасан тохиолдолд мэдүүлэх боломжтой юм. Япон улсад ашиг олох үйл ажиллагаа, ажил хөдөлмөр эрхлэх зорилго нь энэхүү богино хугацааны олон удаагийн визийн “Аяллын виз” –ийн зорилгод хамаарахгүй.

 

1. Үндэсний энгийн паспорт эзэмшигч Монгол улсын иргэн байх
2. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд богино хугацааны ангиллын визээр Япон улсад зорчиж байсан, Япон улсын хилээр нэвтрэх болон зорчих хугацаандаа тус улсын хууль дүрмийг зөрчиж байгаагүй бөгөөд зорчих зардлаа хариуцах санхүүгийн боломжтой байх
3. Япон улсад зорчиж байгаагүй ч тодорхой орлоготой, санхүүгийн хувьд бие даасан байх
Дээрх 3-т заасан болзлыг хангасан виз мэдүүлэгчийн гэр бүл болон хүүхэд

 

-"Богино хугацааны олон удаагийн виз"-ээр нэг удаа хэдэн хоног зорчих боломжтой вэ. Мөн визийн хүчинтэй хугацаа?

-Визийн хугацаа  доорхийн дагуу болно.

Зорчих хугацаа: Нэг зорчихдоо 15 хоног /15-аас дээш хоногоор зорчих тохиолдолд олон удаагийн визийн нөхцөлд хамаарахгүй/

Хүчинтэй хугацаа: 1 болон 3 жил

 

-Энэ удаагийн виз мэдүүлэх журмын өөрчлөлт нь энгийн паспорт эзэмшигч Монгол улсын иргэний хувьд ямар нэгэн ашигтай тал бий юу?

-Өнөөг хүртэл тус ЭСЯ-наас "Олон удаагийн виз" олгодог байсан боловч Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанитай тогтмол холбоотой монголын томоохон аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, эрдэмтэн зэрэг төрийн өндөр албан тушаалтан, урлагийн алдартан  зэргээр хязгаарлагддаг байсан. Харин энэ удаагийн хөнгөлөлт нь шаардлага хангахуйц тодорхой орлоготой, санхүүгийн чадамжтай энгийн паспорт эзэмшигч аялах,  ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө зочлох, бизнесийн зорилгоор "Олон удаагийн виз" мэдүүлэх боломжтой болсноороо давуу талтай юм.  

 

-Дипломат, албан паспорт эзэмшигч Япон улсад зорчиход виз мэдүүлэх шаардлагатай юу?

-Энэ удаагийн “Богино хугацааны олон удаагийн виз” мэдүүлэх журмын өөрчлөлт нь Дипломат болон албан паспорт эзэмшигчдэд хамаарахгүй. Дипломат, Албан паспорт эзэмшигч нь ямар ч тохиолдолд урьдын адил виз мэдүүлэх шаардлагатай. Харин Дипломат паспорт эзэмшигчийн тухайд визээс чөлөөлөх Монголын талын хүсэлтийг Япон улсын Засгийн газар судалж байгаа бөгөөд ойрын үед  хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна.

 

-Виз мэдүүлэхэд анхаарах зүйл, мөн бүрдүүлэх материалын талаар тодруулж өнгө үү?

-Виз мэдүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

Тус ЭСЯ-ны цахим хуудас (Виз хуудас: http://www.mn.emb-japan.go.jp/mn/visit_japan_index.htm) –тай сайтар танилцаж шаардлагатай бүх материалыг бүрдүүлэх нь зүйтэй. Бүрдүүлсэн бичиг баримтад ямар нэгэн асуудал байх аваас хянан шалгах явцад визийн хариу шийдэгдэхгүй хойшилж болох тул зорчих өдөр болон виз олгох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ. 

 

Хүссэн хүн бүр "Богино хугацааны олон удаагийн виз" мэдүүлэх эрхтэй хэдий ч тухайн нөхцөл байдлаас шалтгаалан нэг удаагийн виз олгох эс бөгөөс татгалзах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Татгалзсан шалтгааны талаар тайлбар хийхгүй.

 

-Япон улсын Хууль зүйн яамнаас олгодог “Оршин суух зөвшөөрөл”-г авах нөхцөлийг хөнгөвчилсөн үү?

-Япон улсын Хууль зүйн яамны харъяа Хилийн шалган нэвтрүүлэх алба нь “Оршин суух зөвшөөрөл” олгох, мөн Япон улсад урт хугацаагаар оршин суух гадаадын иргэний асуудлыг хариуцдаг. Тус ЭСЯ нь  хамгийн сүүлийн үеийн байдлаар Япон улсад урт хугацаагаар оршин суух статусын зарим ангилалд өөрчлөлт орсон тухай мэдээлэл авсан. Оршин суух зөвшөөрлийг мэдүүлэх үйл явцын талаарх тодорхой мэдээллийг  Япон улсын Хууль зүйн яамны харъяа Хилийн шалган нэвтрүүлэх албанд хандаж авах нь зүйтэй.

 

-Эмнэлгийн яаралтай тусламж авахаар Япон улсад зорчих шаардлагатай тохиолдолд  визийг шуурхай олгох тогтолцоо бий юу?

-Япон улсад зорчих гэж буй Монгол улсын тухайн иргэн эмнэлгийн яаралтай тусламж авах, амь насанд нь ноцтой аюул учирсан эсвэл Японд оршин сууж буй Монгол улсын иргэн осол, гэмт хэрэгт холбогдсоны улмаас эмнэлэгт хэвтсэн эсвэл  нас барсан тохиолдолд түүний ар гэрийнхэн яаралтай Япон улсад зорчих шаардлага гарсан гэх мэт  хүндэтгэх шалтгааны улмаас яаралтай виз мэдүүлэх тохиолдолд тус ЭСЯ бодит байдал, материалыг шалгасны үндсэн дээр визийн хариуг олгодог. Энэ  тохиолдолд тус ЭСЯ-ны Консулын албатай шууд холбогдох нь зүйтэй.

 

-Визийн хариуг хэд хоногийн дараа олгож байгаа вэ?

-Визийн хариуг виз мэдүүлсэн өдрийг тооцон ажлын 4 хоногт хянан шийдвэрлэнэ. Жишээлбэл, Даваа гаригт мэдүүлсэн бол тухайн долоо хоногийн пүрэв гаригт, лхагва гаригт мэдүүлсэн бол дараагийн долоо хоногийн даваа гаригт паспортыг буцаан олгох хуваарьтай. Бүрдүүлж өгсөн бичиг баримт нь ямар нэгэн асуудалтай байх бол шалгах хугацаанд хариу хугацаандаа шийдэгдэхгүй хойшлох магадлатай. Иймд зорчих өдөр, виз олгогдох хугацаа зэргийг сайтар тооцоолох нь зүйтэй.

 

-"Богино хугацааны олон удаагийн виз"-ээр Япон улсад зорчих үедээ хугацаа хэтрүүлэн үлдэх тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ тохиолдолд Япон улсын хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж арга хэмжээ авах эсвэл Япон улсаас албадан гаргана. Аль ч тохиолдолд зарчмын хувьд  Япон улс руу дахин зорчих боломжгүй.

 

-Япон улсад өмнө нь урт хугацаагаар визийн хугацаа хэтрүүлж байсан хүн дахин виз мэдүүлэх боломж бий юу?

-Өмнө нь Япон улсад визийн хугацаа хэтрүүлж байсан хүн виз мэдүүлж болох боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр виз олгохгүй. Энэ нь зөвхөн хүмүүнлэгийн тодорхой шалтгаанаар хязгаарлагдана.

 

-“Ажил эрхлэх виз”-ээр Япон улсад оршин сууж буй хүн оршин суух хугацаагаа хэрхэн сунгуулах вэ?

-Япон улсад оршин сууж буй гадаад иргэдийг Япон улсын Хууль зүйн яамны Хилийн шалган нэвтрүүлэх алба хянан хариуцдаг. Оршин суух хугацаагаа сунгуулах, сунгуулахад шаардлагатай материал зэрэг тодорхой мэдээллийг тус албанаас лавлаж асуух нь зүйтэй .

 

-2015 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн визийн хөнгөлөлт цаашид тогтмол хэрэгжих үү эсвэл тодорхой хугацаа заасан уу?

-Богино хугацааны олон удаагийн визийн хөнгөлөлт наймдугаар сарын 10-ны өдрөөс  хэрэгжиж эхлээд байна. Энэхүү визийн хөнгөлөлт хэрэгжих хугацааны хувьд, тодорхой хугацаа тогтоогоогүй ба хууль бусаар оршин суух Монгол иргэдийн тоо нэмэгдэх, нийтийн амар амгалан байдалд сөрөг үр дагавар гарах тохиолдолд олон удаагийн виз олгох хөнгөлөттэй арга хэмжээг зогсоох магадлалтай. 

 

-Богино хугацааны олон удаагийн визийн хураамж хэд вэ?

-Богино хугацааны олон удаагийн визийн хураамж 102 000 төгрөг бөгөөд визийн хураамжийг жил бүрийн 4 сард шинэчлэн тогтоодог тул, виз мэдүүлэхдээ тус ЭСЯ-ны цахим хуудсыг үзэх боломжтой.  

 

-Одоогийн байдлаар богино хугацааны олон удаагийн визээр нэг удаа 15 хоног хүртэлх хугацаатай хэдий ч цаашид энэ хугацааг уртасгах боломж бий юу?

-Энэ удаагийн богино хугацааны олон удаагийн визийн хөнгөлөлт нь нэг удаа 15 хоног хүртэл зорчихоор тусгасан бөгөөд Япон улсад хууль бусаар оршин суугч монгол иргэдийн тоо, Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшний өсөлт зэргээс хамааран цаашид нэг удаа зорчих хугацааг үе шаттайгаар 30, 90 хоног болгож сунгаж болно.

 

-Цаашид Монгол улсын иргэдэд визийн ямар хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх эсэх, мөн төлөвлөж буй эсэх?

-Цаашид Дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлөхөөр төлөвлөж байна. Одоогийн байдлаар энэ асуудлыг Япон улсын Засгийн газар идэвхтэй судалж байгаа бөгөөд ойрын үед хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нөгөөтэйгүүр Монгол улсын Засгийн газар Албан болон Энгийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай хүсэлт тавьж буй хэдий ч Японд хууль бусаар оршин сууж буй монгол иргэдийн тооноос харахад үүнийг хэрэгжүүлэх нөхцөл хараахан бүрдээгүй байна.

 

Хууль эрх зүйг хүндэтгэн сахих нь ардчилсан нийгмийн үндэс суурь бөгөөд хожмын үр дагаврыг тооцолгүй хууль бус үйлдэл гаргадаг зарим нэг хүмүүсээс үүдэн гардаг асуудлууд нааштайгаар шийдэгдэн, хууль бусаар оршин суугчдын тоо буурснаар нэг өдрийн өмнө ч атугай визийн хөнгөлөлттэй нөхцлүүд хэрэгжиж эхлээсэй гэж хүсч байна.

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-15
Mongol:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-15
Зочин:
engiin passport ezemshigchdiig Japan visa naas chuluulvul MGL d hun uldehgui
2015-08-14