Ус, дулааны төлбөрийг хууль бусаар нэмсэн нь илэрлээ
2015-08-17

ШӨХТГ-аас ус, дулаан, цахилгаан түгээх байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтад “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, ОСНААУГ болон түүний харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд,  “Бадамлах нар” ХХК, “Батбаян дулаан” ХХК, “Богд асар” ХХК, “Ганбиж” ХХК, “Туул арвижих” ХХК, “Тэлмүүн орд” ХХК, “Тунамал өргөө” ХХК, “ЖМБО” ХХК зэрэг байгууллагууд хамрагджээ. Шалгалтаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгааг тогтоожээ. Тухайлбал гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд байрлуулсан цахилгааны тоолуурууд заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийнхөө цахилгааны хэрэглээг хянах, мэдээллээр хангагдах боломжгүй, “УБЦТС” ТӨХК-ийн ажилчид тоолуурын заалт авч, төлбөрийн бичилт хийхдээ мэдээлэл өгдөггүй нь хууль зөрчжээ.




УС, ДУЛААНЫ ТӨЛБӨР ДЭЭР ХУУЛЬ БУС ТӨЛБӨР НЭМДЭГ БАЙЖЭЭ


Уг шалгалтын үеэр ус, дулаан, цахилгаан түгээдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдлоо. Тухайлбал  “Тэлмүүн орд” ХХК “узелийн цахилгааны зардал” нэрээр сард нэг өрхөөс 2800, “Богд асар” ХХК “ус дулаан дамжуулах төвийн зардал” нэрээр 6000, “Бадамлах нар” ХХК “насос тог” нэрээр 2475-11000, “Батбуян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11000, “Тунамал өргөө” ХХК “УДДТ” нэрээр 2600 төгрөгийг авч байсан нь илэрсэн байна.

 


Шалгалтад хамрагдсан “Тунамал өргөө” ХХК нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй, “ЖМБО” ХХК-ний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан боловч үйл ажиллагаа явуулж байжээ.

 

Иймд уг зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, захиргааны шийтгэл ногдуулахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин