Бангкокт дэлбэрэлт болж, 19 хүн амиа алдав
2015-08-18

Тайландын нийслэл Бангкок хотноо өчигдөр 19.00 цагт тэсрэх бөмбөг дэлбэрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас 19 хүн амиа алдаж, 123 хүн гэмтсэн байна. Дэлбэрэлт “The Erawan” бунхны дэргэд болжээ. Энэхүү бунхныг үзэхээр жилд 1-2 сая жуулчин ирдэг гэнэ.

 

“Энэхүү дэлбэрэлтийг ямар нэгэн алан хядах бүлэглэл болон хувь хүн үйлдсэн эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Одоогоор халдлагын буруутан өөрийгөө илчлээгүй байна” гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Правит Вонсувон мэдэгджээ. Сайд “Олон жуулчдыг хороох зорилготойгоор гэмт этгээдүүд аялал жуучлалын бүсэд халдлага үйлдсэн бололтой” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

 

Цагдаагийн газрын дарга Сомёот Пүүмпуммуан “Амиа алдсан хүмүүсийн 10 нь Тайландын иргэн. Мөн дэлбэрэлтийн улмаас Хятад, Филиппинийн иргэд амиа алдсан. Гэмтсэн хүмүүсийн дунд олон жуулчин байгаа” гэж “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

 

“Мөрдлөгийн явцад гэмт этгээдүүд бунхны ойролцоох муу усны хоолойд гурван кг тэсрэх бодис байрлуулж, дэлбэрэлт зохион байгуулсан байна” хэмээн Бангкок хотын цагдаагийн газраас мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин