Тяньжин: 114 хүн амиа алджээ
2015-08-18

Тяньжины дэлбэрэлтийн улмаас нийтдээ 114 хүн амиа алдаж, 725 хүн гэмтэж, 95 хүн сураггүй алга болсон тухай “Синьхуа” агентлаг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Орон нутгийн цагаар өчигдөр 17.30 болон 23.56 цагт 25, 58 настай хоёр эрэгтэй шархаа даалгүй нас баржээ. Амиа алдсан эрчүүд дэлбэрэлт болох үед агуулахын ойролцоох барилга дээр ажиллаж байжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлсэн байна.

 

Дэлбэрэлтийн үеэр 10 давхар орон сууцны барилга нурж, олон зуун иргэн орон гэргүй болсон юм. Хохирогчид өчигдөр Тяньжины “Mayfair” гэх зочид буудлын гадна жагсч, Засгийн газраасаа нөхөн төлбөр шаардсан байна. Ерөнхий сайд Ли Кэцян хохирогчидтой уулзах үеэрээ зөвхөн амиа алдсан хүмүүсийн гэр бүлд нөхөн төлбөр хэмээн мэдэгдсэн юм.

 

“Рүй Хай” компанийн агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас 1000 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй өрх хохирол амссан билээ. Энэхүү жагсаалаас гадна галын голомтод ажиллаж байхдаа сураггүй алга болсон 85 гал сөнөөгчийн гэр бүл тус хотын Захиргааны байрны өмнөх талбайд суулт зарлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин