Зарим нутгаар усархаг бороо орно
2015-08-18

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын мэдээг хүргэе. 19-нд нутгийн зүүн хагаст, 20, 21-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

 

Мөн ойрын өдрүүдэд  ч зарим нутгаар усархаг бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, малчид цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах үеэр гадагш гарахгүй байх, малд явахгүй байх, аян замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцсаа базаах, шатахууны нөөцтэй явах зэргээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

 

Энэ сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн зарим нутгаар усархаг бороо, нойтон цас үргэлжлэн орсны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, тус аймгийн Эрдэнэ, Халиун, Бигэр, Чандмань, Цогт, Цээл сумдын цахилгаан тасарсан. 17-ны өдөр “Алтай-Улиастай“ ТӨХК-иас ажлын хэсэг гарч тус аймгийн Есөнбулаг сумын “Дөтийн даваа” хүртэл цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг хийж, шугамд мөстөлт ихтэй учир шугамын газардуулга үүссэн, оройдоо мөстөлт ихсэж байгаа болохоор эдгээр сумдад хүчдэл дамжуулах боломжгүй тухай мэдээллийг “Алтай-Улиастай“ ТӨХК-иас өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин