Азийн аялал жуулчлалынхан Монголд чуулна
2015-08-18

Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дүгээр форум (IFNAT) энэ сарын 19-21-ний өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.

 

Форумын зохион байгуулагчаар БОНХАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран ажиллаж байна. Энэ жилийн форумд БНХАУ-аас 20, Японоос 40, БНСУ-аас 50, ОХУ-аас 10, Монголоос 120 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.  Форумыг 2008 онд Монголд анх удаа зохион байгуулж байсан ба тухайн үед эко туризмын асуудлыг хөндөж байжээ. Харин энэ жил MICE tourism буюу “Олон улсын хурал, бизнес аялал, тэмдэглэлт үйл явдал, үзэсгэлэнгийн зах зээл” гэсэн сэдвийн дор зохион байгуулах гэж байна. 

 

Форумд 40 гаруй илтгэл тавигдах бөгөөд Зүүн хойд Азид аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, Улаанбаатар хотод бизнес аялал жуулчлалыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ зэрэг сэдвээр илтгэл тавигдах ажээ. Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил дэх аялал жуулчлалын салбарын оролцоог тодорхойлох, тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг хамтдаа шийдэх гарц гаргалгааг олох, бүс нутаг дахь аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг сайжруулах, хил дамнасан жуулчин солилцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын илүү үр өгөөжтэй шинэ боломжуудыг нээх, туршлага, мэдээллээ солилцох жишиг болж байгаагаараа энэхүү форум нь чухал ач холбогдолтой аж.

Shuud.mn
Сонин хачин