З.Энхболдын цаг

Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, МАХН-ын дарга Н.Энхбаяр Сөүлээс яаран ирж эвслийн тохироо бүрдсэн алтан боломжийг ашиглахаар эрх баригчдыг шантаажилж, Ерөнхий сайд намуудын үл зөвшилцөл дунд сайд нарынхаа нэрийг өргөн барьж чадахгүй гацсан улс төрийн хүрээнд ээдрээт өдрүүд үргэлжилж байна.
Ээлжит бус чуулган зарлан Өршөөлийн хуулийг батлуулж, МАН-ын сайд нарыг огцруулан Засгийн газрыг дэнжигнүүлж, намынхаа гуравдугаар ээлжийнхнийг сайдад нэр дэвшүүлэхээр чиглүүлж, нам, төр, засгийн бодлогыг давхар атган, жолоодож байгаа эрхэм бол УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд.
Тэрбээр албан тушаал, эрх мэдлийнхээ бүрэн эрхийн хүрээнд өнөөдөр үүсээд байгаа улс төрийн ээдрээт нөхцөлийг бодлогоор бий болгосон. Парламентат засаглалтай улсын хувьд түүний эрхэнд Ерөнхийлөгч хөндлөнгөөс халдаж чадахгүй, нөгөөтэйгүүр тэрбээр спикерийн ч, АН-ын даргын ч хувьд гүйцэтгэх засаглалыг дээрээс удирдан чиглүүлдгээ үгээр биш үйлдлээрээ харууллаа.
Харин одоо үүсээд байгаа улс төрийн ээдрээт зангилаагаа тайлж, гацаанаас гарган, парламентын бүрэн эрхийн үлдсэн бага хугацаанд ч улс орныг хэрхэн удирдан чиглүүлэхээс З.Энхболд лидэр үү, лойдор уу гэдгийг харцгааж байна.
Өнөөдөр манайд улс төрийн лидер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хүлээн зөвшөөрөгдсөн.
Харин З.Энхболдын дээрх эрхмүүдтэй зөвшилцөн, улс төрийн ямар нүүдэл хийхээс намдаа төдийгүй улс орны хэмжээнд бурхан, будаа хоёрын аль нэгээр өргөмлжлөгдөх нь.
Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Н.Алтанхуягийг давхар давхар албан тушаалаас нь нэгмөсөн буулгаж, өөрөө намын дарга болсноос улс төрийн лидерт хүлээн зөвшөөрөгдчихдөг юм биш. Тэр байтугай намын даргыгаа хүлээн зөвшөөрөхгүй хэсэг ч байдаг. Журмын нөхдийн энэ мэт эсэргүүцэлтэй З.Энхболд намын дарга болсноосоо хойш хэд хэдэн удаа тулсан. Магадгүй, АН-ын их,бага хурлын үеэр ч дахин удирдлагуудаа эсэргүүцсэн тэмцэл өрнөж, зарим гишүүд нь хурлын танхимд лоозон бариад сууж байхыг үгүйсгэхгүй. Учир АН-д олон бүлэглэл, фракц байдгаас гадна барууны чиглэлийн хүчний угшилтайгаас ч тэр үү, гишүүн бүр нь “би” төвтэй.
Өнөөдөр АН-ын ҮЗХ-ны бүрэлдэхүүнд Н.Алтанхуягийн фракцынхан олонхийг бүрдүүлдэг. Энэ нь АН-ын дарга З.Энхболд өнөөг хүртэл намдаа хүрээлэлдээ бүрдүүлж чадаагүй, хүчтэй нөлөөтэй бус байгааг илтгэнэ.
Харин АН-ын бүлэгтээ бол түүний нөлөө хүчтэй. Бүлгийн гишүүд ямар хууль тогтоомжийг дэмжих эсэх нь УИХ-ын даргын бодлого, шийдвэрээс хамаарна. МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалж, Засгийн газрын зарим сайд нарыг огцруулсны дараагаар Ч.Сайханбилэгийг огцруулж, шинэ Засгийн газар байгуулах санаархал парламентад суудалтай бусад улс төрийн намын гишүүдэд төдийгүй АН-ын гишүүдэд ч байсан. Харин тэрбээр намын гишүүдийнхээ санаархлыг дарж, “Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналд гарын үсэг зурж, дэмжсэн АН-ын гишүүнийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй шүү” гэсэн АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр далайлган, намын даргын хүч сүрийг үзүүлж чадсан.
Улс төр ээдрээтэй, засаг тогтворгүй энэ хооронд ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 2000-ыг давж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, эдийн засгийн хямрал улам гүнзгийрэв. Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороошиж, намрын сэрүү унасан энэ өдрүүдэд өвлийн бэлтгэлийг хангаж, арвин ургац, хадлан хураахаар завгүй ажиллахаасаа илүүтэй сайдтай яам салбарынхан хоорондоо завсаргүй “хэрүүлийн алим” шидэлцлээ. Ийнхүү дээрээ ч, доороо ч их ярьж, бага хийсээр.
Тиймээс УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Засгийн газрын сайд нарыг томилох зөвшилцийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохиролцож, Ерөнхий сайдыг Ч.Сайханбилэгийг сайд нарын томилгоогоо өргөн барих боломжийг бүрдүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганы товыг захирамжлан асуудлаа цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэн лидер удирдагчаа харуулж, намдаа төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх цаг ирлээ. Учир нь төр, засаг, намын бүх асуудалд З.Энхболдын хэрхэн хөдлөх, шийдвэрлэх эсэхийг харж, хүлээгдэж байна.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ