Монгол залуус дэлхийд ур чадвараа үнэлүүлээд ирлээ
2015-08-19

 

Бразилийн Сан Пауло хотноо энэ сарын 11-16-нд болсон Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд амжилттай оролцсон Монголын багийнхан өчигдөр эх орондоо ирлээ. Тэднийг Хөдөлмөрийн яамныхан болон гэр бүлийнхэн нь, багш нар, сургуулийн хамт олон, найз нөхөд нь гээд тун ч олон хүн угтсан. 30 гаруй цаг онгоцоор нисч ирсэн ядаргаагаа ч үл тоон хайртай дотныхонтойгоо баяр хөөрөө хуваалцах залуус "Чингис хаан" нисэх буудлаас шөнө 02 цаг хол өнгөрсөн хойно гэр гэрийн зүг одов.

 

 

Мэргэжилтэй ажилчдын дэлхийн олимп хэмээн хүлээн зөвшөөрөгддөг олон улсын энэхүү тэмцээнд Дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн 74 орноос 59 нь оролцож нийт 50 мэргэжлийн төрлөөр 1190 залуус эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан өрсөлдөж тэдний хийж буй ажлыг үнэлж дүгнэхээр 1200 гаруй эксперт багш нар цугласан. Сан Паулогийн Энхэмби цэнгэлдэх хүрээлэнд бүтэнтаван өдрийн турш үргэлжилсэн ур чадвартай залуусын дэлхйин хэмжээний хамгийн том “тулаан”-д Монгол Улс анх удаа оролцохдоо гагнуур, токарь, мужаан, цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах төрлөөр алтан гартай авьяаслаг залуусынхаа чадварыг сорьсон билээ.

 

 

Манай залуус анхныхаа оролцсон тэмцээнд чамлахааргүй амжилт гаргасан. Монголын багийн есөн гишүүн бүгд 400-гаас дээш оноо авсан, даалгавраа цагтаа багтааж дуусгасан, хамгийн гол нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нарийн хангаж ажилласан нь шүүгчдийн анхаарлыг яах аргагүй татсан  гэнэ. Хэдийгээр манайханд багаж хэрэгсэл дутмаг, өмнө нь огт ажиллаж үзээгүй техник дээр даалгавраа гүйцэтгэх, хэрэглэж үзээгүй материал ашиглах шаардлагатай болсон гэхчилэн бэрхшээл олон тохиолдож байжээ. Гэвч энэ бүгдийг амжилттай давж, анхны оролцсон тэмцээнээрээ Монгол Улсын мэргэжлийн боловсролын түвшинг харуулж, мэргэжилтэй чадварлаг залуусаараа гайхуулаад иржээ. Монголын багаас хамгийн өндөр оноог мужааны төрөлд өрсөлдсөн Дашзэгвийн Нармандах авч “Үндэсний ялагч”-ийн шагнал хүртсэн. Тэрбээр нийт даалгаврынхаа гүйцэтгэлээр 480 оноо авсан нь шагналт байр шалгарсан өрсөлдөгчийнхөөс нь ердөө 20-иор бага байжээ. Мужааны төрөлд Тайванийн оролцогч 541 оноотой аваргалсан.

 

 

Мөн токарийн мэргэжлээр өрсөлдсөн Хадаагийн Лхагва, тогоочийн төрөлд хүч үзсэн Бат-Оюуны Мөнх-Эрдэнэ нар ч өндөр оноотой шалгарчээ. Тэд тус бүртээ 479 оноотой даалгавраа гүйцэтгэсэн. Х.Лхагвагийн хувьд өмнө нь ажиллаж үзэх байтугай барааг нь ч хараагүй токарийн машин дээр тэмцээний урьд өдөр тун багахан хугацаанд дадлага хийх боломж олдсон. Түүний ажиллаж даалгавар гүйцэтгэсэн уг суурь машин Монголд байхгүй. Үүнээс арай өмнөх үеийнх нь ганц нэгхэн байдаг  ч Х.Лхагва шинэ машин дээр торох юмгүй ажиллаад, зорох эд ангийнхаа программыг компьютерт ядах юмгүй бичиж оруулаад даалгавраа гүйцэтгэсэн тухай багш нар нь ярьж байсан.  Тэгээд ч Х.Лхагва ур чадвараараа Беларусь, Испани, Франц зэрэг хэд хэдэн орны өрсөлдөгчийнхөө өмнө бичигдэж чадсан юм.

 

 

Манайхны оролцсон төрөл бүгд оролцогч олонтой. Тухайлбал,  барилгын өрөг угсралтаар 27, гагнуураар 39, цахилгаанаар 41, тогоочоор 36, токариар 26, мужаанаар 22, хавтанцар наалтаар 24, гоо засалч 25, үсчний мэргэжлээр 32 орны оюутан залуус өрсөлдсөн. Тэр хэрээр өрсөлдөөн ихтэй байсан ч манай залуус үүргээ тун сайн гүйцэтгэсэн.  Дэлхийн ур чадварын олимпийн нэг онцлог нь энд хэн нэгдүгээр байрт шалгарч ялагч болох вэ гэдэг нь чухал биш. Хэн дэлхийн стандартад хүрсэн ур чадвартай вэ гэдгийг харуулахыг эрхэм болгодог. Дэлхийн хэмжээний ур чадвартай хэмээн үнэлэгдэх босго 500 оноо. Тиймээс 500-гаас дээш оноо авсан хэн бүхэн шагналт байрт шалгардаг. Энэ утгаар нь бодсон ч манай залуусын оноо дэлхийн түвшнээс хол хоцроогүй. Гагнуурын Лхагвасүрэнгийн Ганцоож 463, үсчний Батзоригийн Ундармаа 469, гоо заслын Бизьяабалын Номингоо 454, цахилгааны Пүрэвсүрэнгийн Галбадрах 451, өрөг угсрагчийн төрөлд өрсөлдсөн Жаргалсайханы Энхчимэг 448, хавтанцар наах мэргэжлээр ур чадвараа сорьсон Бат-Эрдэнийн Мөнгөншагай 401 оноо авсан юм.

 

 

Түүнээс гадна манай залуус тэмцээний үеэр зохион байгуулсан бусад арга хэмжээнд ч тун амжилттай оролцсон байна. Токарийн мэргэжлээр өрсөлдсөн 40 орны оролцогчдыг хоёр багт хуваан хэн нь түрүүлж робот хийхийг харуулах нэг төрлийн үзүүлэх тоглолт маягийн тэмцээнд манай Х.Лхагвагийн баг түрүүлж багаараа алтан медаль хүртсэн нь энэ тэмцээний бас нэг чимэг боллоо.

 

1950 оноос хойш хоёр жил тутамд болохдоо хүрээ нь улам бүр тэлж буй Дэлхийн ур чадварын тэмцээний дараагийнх нь 2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайд болно. Харин 2019 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг ОХУ-ын Казань авсан.  Анхны тэмцээндээ амжилттай оролцсон нь Монгол Улсын хувьд дараа дараагийн тэмцээнүүдэд цахиур хагалах том боломжийг нээж өгсөн юм. Энэ тэмцээнд оролцоход тусласан Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOIKA/ болон “Оюутолгой”, МИАТ, “Говь” зэрэг үндэсний компаниуд санхүүгийн болон мэргэжлийн туслалцаа дэмжлэгийг харамгүй үзүүлсэнд талархаж буйгаа Монголын багийнхан дуулгасан.

Shuud.mn
Сонин хачин
mongol:
ulsaasaa turuuleed xun ny xogjson
2018-05-19
zocnin:
manai orond yildwerlel muu hogjson hedii cn manai zaluus sain oroltsson bna . enen bol turshlaga sain bna bayar hyrgey
2015-08-19
Зочин:
Тэмцээний үйл явцын бичлэгээ тавьбал сонирхолтой байх санж.
2015-08-19