Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд дэмжиж байгаа
2015-08-20

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан.  Ерөнхийлөгчийн хоригт та ямар байр суурьтай байгаа бол?

 

-Өршөөлийн тухай хууль батлагдан гарсантай холбогдуулж, Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоёр өршөөлийн хууль батлагдсан. Нэг нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, нөгөөх нь Эрүүгийн өршөөлийн тухай хууль.

 

Эдийн Засгийн ил тод байдлын тухай хуулийг бизнес эрхлэгчид нааштай хүлээж авч байх шиг байна. Энэ хуулийн үр шим удахгүй гарах байх. Нөгөө оффшёр данстай, хөрөнгөө нуудаг, татвараа нуудаг, аудитаас зугатдаг олон хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн хөрөнгийг нэг удаа өршөөлд хамруулах замаар ил болгож, Монгол Улсын хөрөнгийн бүртгэлийг сайжруулан, эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулах зорилгоор энэ хуулийг гаргасан.

 

Эдийн засгийн өршөөлийн хууль олон гардаггүй. Харин энэ парламентын үед батлагдан гарлаа. Энэ хуулийг ашиглаж, нягтлан бодох бүртгэлийн хоёр данстай нөхөд маань дансаа нэг болгох боломжтой болж цэгцэрнэ гэж найдаж байна. Эрүүгийн Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа. Ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөлд хамруулах болсон нь буруу гэж Ерөнхийлөгч үзсэн. Хоригийг УИХ-ын гишүүд хүлээж авч уншиж, судалж байна.  Эрүүгийн хуулийн 28-р бүлэгт албан тушаалын 10 хэрэг байдаг. Тус 10 хэргээс долоог нь Монгол улсын Ерөнхийлөгч өршөөлд оруулахгүй байх нь зүйтэй гэдэг саналаа явуулсан байна.  Тодруулбал, 268-р зүйл Хээль, хахуул авах 263-р зүйл Төрийн албан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 264-р зүйл, 270-р зүйл, 248-р зүйл Бусдын эд хөрөнгийг их хэмжээгээр залилан мэхэлж авах, завших, үрэгдүүлэх 9.1.3, 5 зүйл мөн 5.1, 7.1 гэсэн заалтууд байна.

 

Үүнийг УИХ-ын гишүүнийхээ хувьд хүлээж авч байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг хуулийнхаа дагуу нээлттэй хэлэлцэнэ. Санал хураалт ч олон түмний өмнө нээлттэй явна. Өршөөлийн хуулийг баталж гаргах болсон хэд, хэдэн шалтгаантай. УИХ-ын олон гишүүн ний, нуугүй хэлэхэд намынхаа, бүлгийнхээ, хууль, хяналтын, даргынхаа барьцаанд байгаа. Өөрөөр хэлбэл барьцаалагдсан их хурал иймэрхүү л шийдвэр гаргадаг юм байна. Би УИХ-ын гишүүддээ нэг зүйлийг хандаж хэлье. Иргэд олон түмэн биднийг 3 сая хүний төлөө ажилла гэсэн сонгосон. Түүнээс биш 3 даргын төлөө ажилла гэж сонгоогүй. Өөрийнхөө төлөө ажилла гэж сонгоогүй учраас улс орныхоо эрх ашгийг бодож Өршөөлийн хуулийн талаар том эрх ашгаа бодоорой гэж уриалмаар байна.

 

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Ганц тайлантай татвараа шударгаар төлөөд явж байсан баялаг бүтээгчдээ дэмжихгүй, ялгавартай авч хэлэлцэж байгаад нийгэм дургүйцэж байна?

 

-Аливаа Өршөөлийн хууль батлагдсаны дараа хохирогчдын эрх ашиг хөндөгддөг. Гэмт хэрэг хийсэн олон мянган хүмүүсийг өршөөлд хамрууллаа, хохирлыг яах вэ гэдэг. Эдийн засгийн өршөөлийн хууль батлагдсаны дараа татвараа төлөөгүй, хөрөнгөө нууж байсан хүмүүст ашигтай байдал үүслээ. Шударгаар бизнес эрхэлж байсан хүмүүс нь хохироод үлдэх үү гэдэг асуудал яригддаг. Шударгаар бизнес эрхэлж, татвараа олон жил төлсөн аж ахуйн нэгжүүдийг дэмждэг бодлого төрд байгаа. Хамгийн наад зах нь төрийн захиалгатай бизнес, тендэрт ороход татвараа шударгаар төлдөг, балансаа тогтмол гаргадаг, татварын өргүй аж ахуйн нэгж компаниуд эхний ээлжинд давуу эрхтэй оролцдог заалт байгаа. Бизнес эрхлэгчдийн зүгээс өөр тодорхой саналууд байвал хуулинд оруулахын төлөө ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлье.

 

25 жил бизнес хийж, 25 жил ажлын байр бий болгож,  25 жил зах зээлийн эхлэлийн зэрлэг капитализмаар явж, Монгол баялаг бүтээж, магадгүй алдаа оноо гаргаж явсан бизнесмэнүүдийг нэг удаад уучлахгүй бол болохгүй юм гэдэг бодол УИХ-ын гишүүдэд байсныг хэлмээр байна. Ер нь УИХ-аар хэлэлцэх явцад гишүүд “Монгол Улс алийн болгон бие биенээ хууль цагдаагаар хянадаг, цагддаг, дарамталдаг системээр явах юм. Үүнийг нэг тийш нь цэгцэлье”  гэдэг санал их гарч байсан.  Үүний дагуу Өршөөлийн хууль батлагдахад  гол нөлөө үзүүүлсэн. Өршөөлийн хууль авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг  чөлөөлөөд явуулж байгаа юм биш. Хүмүүс буруу ойлгоод байна.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсад учруулсан хохирлоо, авлигын замаар авсан өмч хөрөнгөө улсын төсөвт тушаасан, тушаахаа илэрхийсэн хүмүүсийг  өршөөлд хамруулна гэдэг зүйл заалттайгаар  батлагдсан хууль.  Ерөнхийлөгч хориг  тавьсан учраас  авилга, албан тушаалын 10 гэмт хэргийн 7 нь үндсэндээ өршөөлд хамрагдахгүй болно гэдэг нь тодорхой харагдаж байна. Хууль батлагдахад парламентын олонхи шаардлагатай, хуулийг хүлээж авахад парламентын 3/1 шаардлагатай. 3/1 гээдэг нь 38 гишүүн хуралдаанд оролцоход  14 гишүүн хоригийг хүлээж авахаар  дэмжсэн байхад  хангалттай гэсэн үг.  76 гишүүн байхад 25 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар дэмжсэн байхад хангалттай. Ер нь аливаа асуудлыг улстөржүүлэхээс өмнө манай улс төрийн тогтолцоо “чек@баланс” –ын тогтолцоон дээр тулгуурдаг гэдгийг ойлгох ёстой.  Ерөнхийлөгч буруу шийдвэр гаргахад ҮХЦ хүчингүй болгох, Засгийн газар буруу шийдвэр гаргахад УИХ хуулиараа хүчингүй болгох, УИХ алдаатай шийдвэр гаргахад Ерөнхийлөгч хориг тавих замаар  алдааг нь засч залруулах замаар хориг тавих бололцоо Үндсэн хууль, УИХ-ын тухай, Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгогдсон. Энэ ажлаа л улс төрийн институциуд хийж байгаа юм. Түүнээс бус гайхамшигтай, гавьяатай зүйл хийгээд байгаа юм биш. Авлигатай тэмцэх үүрэг Монгол Улсын төрийн бүх албан тушаалтнуудад байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч авлигатай, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж гарч ирсэн. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хоригоо тавьсан. Үүнийг УИХ-ын цөөнгүй гишүүд дэмжиж байгаа.

 

-Сайд нарын томилгооны асуудалд танай намын бүлэг дээр хэрхэн яригдаж байгаа бол?

 

-Сайдын томилгооны асуудалд мэдээлэл одоохондоо хомс байна. Засгийн газрыг АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгуулах нь тодорхой. Хууль, эрхзүйн өөр гарц үндсэндээ бараг байхгүй. Парламентад  суудалтай  бүлэг байгуулах хэмжээний улс төрийн нам эвсэл хамтар Засгийн газрыг байгуулдаг. Одоогийн байдлаар парламентад суудалтай бүлэг байгуулах хэмжээний АН, МАН, “Шударга ёс” эвсэл гэсэн гурван хүчин байна. ИЗНН хоёрхон гишүүнтэй, бүлэг байгуулах боломжгүй. Бие даагчийг парламентад улс төрийн хүчин гэж үздэггүй. Хууль, эрхзүйн орчны хүрээнд  “муу нэртэй, луу данстай” Н.Энхбаяр гэдэг удирдагчтай “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас өөр аргагүй байгаа. Иргэд олон түмэн ийм сонголтыг хийж, олонхигүй парламентыг бүрдүүлсэн. Олонхигүй парламентын зовлонг өнөөдөр УИХ эдэлж байгаа.  Гэхдээ засаглалын хямралаас гарч, тогтвортой байдлыг бий болгож, Засгийн газраас  бүрдүүлээд явах бололцоо бидэнд хууль эрхзүйн хүрээнд байгаа.

 

-АН сайд нарынхаа нэрийг тодруулсан уу?

 

-АН-ын сайдууд хараахан тодорхой болоогүй байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, Д.Гарамгайбаатар, Б.Болор, Н.Батбаяр зэрэг хүмүүсийн нэр сайдад яригдаж байгаа. АН болон “Шударга ёс” эвслийн хооронд эцсийн байдлаар ямар яамдаа авах, квотоо хэдээр тогтох нь шийдэгдээгүй байгаа юм.  

 

-Нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахаар  салбартаа мэргэжил, туршлагатайгаасаа үл хамааран сайд болоогүй үлдсэн хэсэг нь өрсөлдөж байгаа шүү дээ?

 

-Сайд бол салбартаа мэргэжлийн, туршлагатай, үлдсэн хугацаанд салбараа аваад явчих хэмжээний мэдлэг чадвартай хүмүүс томилогдоосой билээ гэж хүсч байна. Сайдуудыг сонгох асуудал АН-ын ГЗ-өөр орж, олонхийн саналаар шийдэгдэх байх гэж харж байгаа.

 

-Хаврын чуулганы хугацаанд та ямар хуулийн төслүүдэд ажилласан бэ?

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн хуулийг баталсан. Удахгүй намрын чуулган эхэлнэ. Хаврын чуулганы хугацаанд олон хуулийг баталсан. Миний бие Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүний хувьд Хотыг дахин төлөвлөх тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Өмнө нь Улаанбаатар хотыг дахин төлөвлөх асуудал Нийслэлийн удирдлагуудын боловсруулсан журмаар зохицуулдаг байсан бол одоо бие даасан хуультай болсон.

 

Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн ажлын хэсгийг ахалж, чуулганаар батлуулж чадсан. Иргэд сүүлийн 25 жил зөвхөн үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авдаг, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байсан бол одоо хөдлөх хөрөнгөө барьцаалж, эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнесийн орчноо сайжруулах, тэлэх боломж бүрдсэн. Хөдлөх хөрөнгө гэдэг бол том ойлголт. Оюуны өмчөөс эхлээд автомашин, механзим, хөөрөг хүртэлх бүх зүйлийг хөдлөх хөрөнгөд хамруулдаг. Энэ хууль батлагдсанаар иэдийн засгийн орчин, эдийн засгийн “цусны эргэлт” тэлэх бололцоо нээгдэж байгаа. Түүнчлэн иргэд зөвхөн хашаа, байшингаа барьцаалж, зээл авдаг байсан бол өөрийн өмчийн газраа барьцаалж, зээл авах боломжийг бүрдүүлсэн.

 

Мөн өнгөрсөн чуулганы үеэр батлагдсан чухал хуулийн нэг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль юм. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд улсын төсвөөс 60 тэрбум төгрөг зарцуулах ёстой. Удахгүй энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдах болно. Хуульд гишүүний хувьд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа хоёр том хууль бий. Энэ бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль юм. Эдгээр хуулийг намрын чуулганаар батлахаар ажиллаж байна.  Замын хөдөлгөөний тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль батлагдсан. 1990 онд баталсан Замын хөдөлгөөний хууль тухайн үед байсан 20-30 мянган машинд зориулсан. Тиймээс тухай хуулийг цаг үетэй нь уялдуулан өөрчилсөн.

 

Тун удахгүй ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газрын 6 сайдыг нөхөн сонгох тухай хэлэлцэнэ. Тиймээс УИХ-ын гишүүд одоогийн байдлаар Төрийн ордонд ажлаа хийж байна. Есдүгээр сарын 09-нөөс аравдугаар сарын 09-ний хооронд тойрогтоо ажиллана.

 

Баянзүрх, Налайх дүүрэгт 35 хороо бий. Хороо бүрээр орж, иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, тойрог болон улсын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгнө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Good:
Good
2015-08-20
Зочин:
Ene Batzandan Magnai geed bas neg teneg maluud bna. Harvaas medrel muutai medleg muutai humuusiig dahij songoj bolohgui.
2015-08-20
Зочин:
Гэнэт л бүгд шудрага улс болж жүжиглэж хоригийг 100 саналаар хүлээн авах янзтай даг шүү
2015-08-20
Зочин:
урваач шарваач хүмүүсээ гэж
2015-08-20
Зочин:
Дэмжиж байна. Амжилт хүсье.
2015-08-20
Зочин:
Sain baina. Zalilangiin hergiig l urshuuj bolohgui shuu!
2015-08-20