Мэргэжлийн боловсролынхон Сэлэнгэд чуулна
2015-8-20

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны IX бага хурал энэ сарын 25-26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болно. Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулдгаас 52 нь төрийн өмчийн сургууль бөгөөд тэдгээрээс 37 нь Хөдөлмөрийн яаманд харьяалагддаг.

 

Сүүлийн үед дээд боловсролын дипломтноос ур чадвартай мэргэжлийн ажилчдыг илүүд үзэх болсон. Тэр ч утгаараа цахилгаанчин, токарь, гагнуур, мужаан, засал чимэглэлчин зэрэг техникийн нарийн мэргэжлүүд байнга эрэлттэй, ажлын байрны захиалга өндөртэйд тооцогдож байгаа. Мөн ур чадвартай үсчин, тогооч, оёдолчдын цалин хөлс  өндөр байдгийг хөдөлмөрийн зах зээл судлаачид онцолдог.

 

Тиймээс мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх, чадавхижуулах, сургалтын орчин, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд төрөөс анхаарч, олон улсын байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг сургууль, багш, суралцагч руу хандуулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж буй юм. Тэдгээрийн нэг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мэргэжлийн боловрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны бага хурал аж. 

 

Энэ удаа тус салбарын 400 гаруй хүн  “Чадвартай баг, чанартай сургалт, чадамжтай суралцагч” уриан дор чуулж Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлого үйл ажиллагаа, ойрын жилийн зорилтууд, хөгжлийн стратегиа тодорхойлох юм байна. Мөн уг хуралд нийгмийн түншлэгч талууд ч чамгүй ач холбогдол өгч оролцох аж. Тухайлбал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Хөдөлмөрийн капиталд хөрөнгө оруулъя” илтгэлийг хэлэлцүүлж, салбар хуралдааны нэгийг “Сургалтын чанар-Нийгмийн түншлэл” сэдвийн дор явуулахаар төлөвлөжээ.

 

Энэ удаагийн бага хурлын ерөнхий зохион байгуулагч нь Хөдөлмөрийн яам. Дэмжигчээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Европын Холбооны МБС-ыг дэмжих төсөл-1, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан МБС төсөл, Щвейцарийн хөгжлийн агентлагийн Баруун бүсийн МБС төсөл, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Техник, мэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн ассоциаци, Сэлэнгэ аймаг дахь МСҮТ ажиллаж байгаа юм.

 

2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээгээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон политехник коллежид 15 салбар, 162 мэргэжлээр 45 гаруй мянган хүүхэд залуусыг сургаж мэргэжил эзэмшүүлэх юм. Тэдэнд мэргэжлийн ур чадвар олгож, мэдлэг эзэмшүүлэх үйлст 3000 гаруй багш, ажилчид оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа юм.

 

П.Наран

 

Shuud.mn
Сонин хачин