Хүүхдүүд эх оронч үзлээс суралцлаа
2015-08-20

Эх оронч үзэл, аливаа эрсдэлийг даван туулах чадвар,  тэсвэр тэвчээр, хатуужил өсвөр үеийнхэнд маш чухал хэрэгтэй чанар. Гэвч  сүүлийн үеийн хүүхдүүд хүний үг сонсож сураагүй, амьдралын наад захын энгийн зүйлийг мэдэхгүй, эх орон, ард түмнээ хайрлах үнэ цэнийг ойлгохгүй өсч байгаа нь нууц биш.

 

Тэгвэл 2013 оноос хэрэгжэж эхэлсэн “Эх орон 36” хөтөлбөр дээрх чанаруудыг өсвөл насны хүүхэд багачуудад суулгахаар зорьсон томоохон хөтөлбөр гэж болно. Хөтөлбөрийн удаах ээлж энэ сарын 15- 20-ны  өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохиогдсон бөгөөд Баянгол дүүргийн 400 орчим хүүхэд хамрагдлаа.  Уг хөтөлбөр нь 36 цагийн дотор 36 төрлийн цогц мэдлэгүүдийг өртөөчилсөн хэлбэрээр явуулдгаараа онцлогтой юм.

 

Хүүхэд залууст хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд эх орны төлөө “ЗА” гэж хэлнэ

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: “Эх орон 36” хөтөлбөр яагаад хүүхдүүдэд хэрэгтэй вэ гэхээр хүүхдийн төлөвшил гэдэг маш чухал зүйл болоод байна. Манай Монголын хүүхдүүд хаана ч гологддоггүй олон улсын уралдаан, олимпиад, тэмцээнд тэргүүлдэг. Хамгийн гол асуудал бол эх  оронч үзэл, хүүхдийн хүмүүжил төлөвшил багаар ажиллах чадвар, өөрөө өөрийгөө аваад явах чадвар зэрэг энэ бүх зүйл Монгол хүүхдүүдэд хэрэгтэй болоод байна. Хүүхэд залууст хөрөнгө оруулалт хийж хүүхдүүдийн төлөө “ЗА” гэж хэлж чадвал хүүхдүүд маань эх орны төлөө “ЗА” гэж хэлж чадна.

 

Хөрөнгө мөнгө зарахгүй, тусгай сургалт хийхгүйгээр, дан ганц ерөнхий боловсролын сургалт програмд баригдах юм бол тус хөтөлбөр үр дүнд хүрэхгүй, чанаргүй болно. Үүнд сургагч багш хангалттай бэлтгэн хүүхдүүдийг Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бэлдэж байна. Улс орон даяар энэ хөтөлбөр хэрэгжиж байна. Аймгуудаас сургагч багш ирж байна. Аймгууд өөр өөрсдийн зуслан дээр “Эх орон 36” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна.

 

Энэ хөтөлбөр байнга үргэлжилж байх ёстой. Гурван жилийн хугацаанд улсын төсөв хөрөнгийг суулгасан. Дараа жилүүдэд үргэлжлээд явахад хувийн зуслан компани өөрсдийн хөрөнгөөр өөрсдийн ажилчдын хүүхдүүдээ сургах боломжтой. Энэ жил Апу компани “Сансар” зусланд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.   

 

Гадаа гудамжинд хог хаяхгүй байхыг эх оронч үзэл гэж ойлголоо

 

23 дугаар сургуулийн сурагч  Б.Дөлгөөн: Би энд ирээд их зүйлийг сурч байна. Бүлгийн ахлагч хийж байгаа. Цэрэгжилтийн байдал,  ууланд авирах, галыг ганцаар унтраах, багаар унтраах, бие хамгаалах урлаг зэрэг олон зүйлийг сурч байна. Эх оронч үзэл гэдэг  нь миний бодлоор хүнд туслах нэгнээ аврах бие биеэ гэсэн сэтгэлтэй байх. Энгийнээр хэлэхэд гадаа гудамжинд хог хаяхгүй байхыг л хэлнэ дээ.  

 

Энэ удаагийн зуслан цугларалтыг ХАХНХ-ын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Цагдаагийн ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Зэвсэгт хүчний 150-р анги Олон Улсын хүүхдийн найрамдал төв, Уулын спортын холбоо хамтран зохион байгууллаа.

 

Сургалтад хамрагдсан хүүхдүүд сэтгэхүйгээ хөгжүүлэх, нууц дохио тэмдгийг мэдэх, замын хөдөлгөөний дүрэм,  гал түймэр гарсан үед галыг түргэн хугацаанд унтраах, ууланд хурдан авирах, утаат хийн багыг ашиглах, хий гарсан үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, багаар ажиллаж сурах, бэрхшээлийг даван туулах, Монгол орны засаг захиргааны нэгж, газар зүйн томоохон онцлогуудын талаарх мэдээлэл авах зэрэг олон зүйлийг сурч, мэдэж чаджээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин