Б.Лхагважав: Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг улстөржүүлж байна
2015-08-21

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, 2008 онд ийм хууль гарснаар эдийн засаг хүндэрч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 700 гаруйгаар нэмэгдсэн гэх юм. Та энэ талаар юу хэлэх вэ?

 

-Энэ хуулийг улстөржүүлж байгааг хүмүүс ойлгож байгаа байх. Хэрэв 2008 онд гарсан хууль эдийн засгийг хүндрүүлсэн гэж байгаа бол, тэр хүн Монголын эдийн засгийн талаар ямарч мэдэгдэхүүнгүй гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, макро эдийн засаг, татварын систем баялаг бүтээгчдэд хэрхэн нөлөөлж байгааг мэдэхгүй хүн байна. Харин ч тэр үед гарсан хуулийн ачаар 2008, 2009 оны хямралыг ажралгүй давсан юм шүү дээ. 2006 оны зургадугаар сарын 19-нд манай улс татварын тоо хэмжээг багасгаж дөрвөн 10-ын бодлого батлагдаж байлаа. Тэр үед Сангийн сайд байсан Н.Баяртсайхан “Одоо төсвийн орлого 120 тэрбум төгрөгөөр тасарна. Учир нь татварыг багасгаж байгаагаас үүдэлтэй” гэж мэдэгдэж байсан. Дөрвөн 10-ын хууль 2007 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш татварын орлого эрс багассан нь үнэн. Гэхдээ тэр жилийн татварын орлогын гүйцэтгэлээр бүх төвшиндөө өмнөх жилүүдээс өндөр орлого орсон байдаг. Энэ нь татварын систем, татварын хууль шинэчлэгдсэнээр үр дүнгээ өгсөн хэрэг. Мөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын хаалттай хуралдаанаар Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хэрэгжүүлэх хуулийг баталсан. Энэ хууль өнөөдрийн ярьж байгаа эдийн засгийн өршөөлийн хуультай төстэй. Гэхдээ аж ахуйн нэгжтэй холбоотой байсан юм. Үүний дараа 2008 оны хоёрдугаар сард Татварын өршөөл үзүүлэх хууль гарсан. Энэ хоёр хууль татварын системийн шинэ гарааны эхлэх цэгийг өгсөн. Нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Учир нь төр нэг алдаа хийсэн. Онол, эрх зүй, системийн хувьд шинэ зүйл явж байгааг огт тайлбарлаагүй. Тэгэхээр юуны тулд татварын өршөөлийн хууль гаргасан, татварын шинэ систем эхэлж байгааг хүмүүст тайлбарлаагүй.

 

-Яагаад. Хүмүүс мэдэх эрхтэй биз дээ. Тэгж байж олон аж ахуйн нэгж хамрагдана шүү дээ?

 

-Ямар ч мэдээлэлгүй, ойлголтгүй учраас харанхуй нүхэнд байгаа мэт байсан. Жишээлбэл, Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хууль зургаан сарын настай байсан юм. Өөрөөр хэлбэл, 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нд дуусах байлаа. Гэтэл, Сангийн яам, Татварын ерөнхий газар энэ хуультайгаа холбоотой журмаа гаргалгүй нэлээд цаг алдсан. Энэ хугацаанд татварын байгууллага болон Засгийн газар, УИХ-аас ганц ч удаа танин мэдэхүйн ажил явуулаагүй. Ингээд дөрөвдүгээр сарын 10-нд арайхийн журам гарсан. Харамсалтай нь 10 хоногийн дараа сонгуулийн сурталчилгаа эхэлснээр хүмүүст эргэлзээ, айдас хуралдсан. Тэр үед 43000 аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан. Гэвч 2856 аж ахуйн нэгж орлогоо ил гаргасан . Нийт компанийн хоёр хувь хамрагдсан гэсэн үг. Мөн энэ хууль иргэдэд хамаатай байсан. Тухайн үед 76000 иргэн аливаа нэгэн татвар төлдөг байснаас 2200 иргэн ашиглаж чадсан байдаг. Уг нь тэр үед одоо хардаад байгаа нөхдүүд дуугарах ёстой байсан юм. Гэтэл тэд өөрсдөө гардан зохион байгуулсан учраас хэн ч, юу ч хэлээгүй.

 

-Энэ хуулийн хугацааг сунгах тухай ярьж байсныг тань санаж байна?

 

-Яагаад гэвэл, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн ядаж 50 хувийг хамруулах нь эдийн засаг болоод аж ахуйн нэгжийн хөгжилд хэрэгтэй зүйл. Гэтэл төр таг чиг байсаар ирсэн.

 

-Татварын зарим хууль ба нийгмийн даат­галын шимтгэлийн хууль гарснаар эдийн засагт ямар үр дүн гарсан юм бэ?

 

-2008 оны долдугаар сарын 1-нээс 2856 аж ахуйн нэгжийн 400 гаруй компани татварын орлогын 90 хувийг бүрдүүлдэг байсан. Тэд бүгд өршөөлийн хуульд хамрагдсан. 2008 оны долдугаар сараас манай улсын эдийн засаг хүнд байдалд орсон. Яагаад гэвэл, тухайн үед зэсийн ханш огцом унасан юм.  Учир нь зэсийн баяжмалаа урьдчилж гэрээ хийн өндөр үнээр зардаг байсан. Тиймээс өмнөх өндөр үнийн төлбөрөө барагдуулахын тулд сүүлийн зургаан сар зэсийн баяжмалаа ачуулж байсан. 2009 оны нэгдүгээр сард 1100 төгрөг байсан ам.долларын ханш 1700 болж өссөн нь валютын нөөцгүй болсонтой холбоотой. Тиймээс валюын нөөцгүй, улаанбуудайгүй, 2009 оны зуданд 10 сая малаа алдсан ийм л хүнд эдийн засагтай улс болсон. Үүний дараа 2010 онд эдийн засаг 17 хувиар өссөн. Энэ нь  баяжмалын үнэ өссөн гэдгээр тайлбарлах нэгэн бий. Гэхдээ энэ өсөлт 2007, 2008 онд гарсан хуулийн үр дүн юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, бууныхаас бусад бүх татварын орлого 150-250 хувиар өссөн. 2800 гаруй компани дөрвөн тэрбум ам.долларын орлого ил болсноор аж ахуйн нэгжүүд нэг тайлантай болсноор тэдний үйл ажиллагаа идэвхжсэн юм. Хуульд хамрагдаж чадсан компаниудын орлого 3-5 дахин нэмэгдсэн байдаг. Тэгэхээр нууж байсан мөнгө нь хөрөнгө оруулалт болж техникийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгө, хүний нөөцдөө зарцуулснаар эрх чөлөөтэй, айх айдасгүй болсон. Тиймээс л ийм боломжийг бусад аж ахуйн нэгж ашиглаасай гэж хүсч байсан. Гэвч тоомжиргүй байсаар цаг хугацаа алдсан юм шүү дээ. Гэтэл 5-6 жилийн дараа хоёр өөр үр дүн гарсныг бид харж байна. Нуусан орлогоо ил гаргасан компанийн үйл ажиллагаа сайжран 3-5 дахин илүү орлого олох болсон. Ийнхүү бизнес өргөжихийн хэрээр уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Мөн зэсийн үнэ өсч, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирсэн нь эдийн засгийн өндөр өсөлтийг авч ирсэн. Ингэж өссөн мөнгийг манай улсын эдийн засаг шингээж чадаагүй. Учир нь эдийн засаг идэвхтэй байх үед аж ахуйн нэгжүүд барилга, уул уурхайд хөрөнгө оруулсан. Тэгэхээр уул уурхайн үнэ унаж, барилга зогсохоор оруулсан хөрөнгө таваар болсон байгаа юм. Харин хуульд хамрагдаж чадаагүй компаниудын орлого 5-6 жилд 2-3 дахин унасан. Энэ нь зах зээл хумигдсантай холбоотой. Нөгөө талаас 11240 компанийн захирал байцаагдсан байдаг. Тэд 2008 онд хуульд хамрагдаж чадаагүй хүмүүс байгаа юм.

 

-Яагаад?

 

-Хуульд хамрагдаагүй компанийг бүгдийг нь шалгасан. Мөн НӨАТ-ын баримтын асуудал гарч ирсэн юм. Тэгэхээр бид хэдийгээр хууль гаргасан ч хамгаалалт хийгээгүй.  Татварыг хүний сайн чанарт найдаж хийдэггүй. Харин гарцаагүй тохиолдолд, өгөхөөс аргагүй систем бий. Үүнийг 25 жил хийгээгүй байсан юм. Учир нь НӨАТ-ын хоёр хувийг буцааж олгох тухай хуулийг өнгөрсөн сард баталсан. Энэ бол татварын хамгаалалт юм шүү дээ. Ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс олсон орлогынхоо хоёр хувийг буцааж төлнө. Тэгэхээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явж, хийж байгаа ажил үйлчилгээ бүртгэгдэж эхэлнэ. Яагаад гэвэл, хүмүүс татварын буцаан олголтоо авахын тулд тасалбар, баримт нэхэх болно. Өөрөөр хэлбэл, үс засуулах, талх худалдаж авах зэрэг бид энгийн хэмээн ойшоодоггүй зүйлээс ч баримт авахыг хүмүүс шаардаж эхэлнэ. Тэр ч бүү хэл, төр баримтаа нэхнэ. Тухайлбал, 22 тэрбум төгрөгийн тендер зарласан төрийн компани хоёр тэрбумын НӨАТ төлдөг. Үүнээс 400 сая төгрөгийг буцааж авахыг хүснэ. Энэ мэтчилэн бүхий л зүйл хяналттай болж байгаа хэрэг. Ингэхээр эндээс санхүүгийн шинэчлэлийн эхний алхмаа гишгэчихлээ. Тиймээс аж ахуйн нэгжүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө тайлан балансаа шинэчлэх хэрэгтэй гэдгийг л хэлээд байгаа юм шүү дээ. Мөн хувь хүнд ч энэ хамаатай.

 

-Үйлдвэрлэгчдийг шүүх, цагдаа, татварын байцаагчаар далайлган сүрдүүлж байна гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-Манай улсын хар зах зээл баяр баясгалантайгаар цэцэглэж ирснийг хүмүүс хэлдэг. Яагаад гэвэл, өмнөх Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүй газруудад шалгалт оруулан цагдаа хүчний байгууллага, шүүх, прокурорын ухамсар муутай, баялаг бүтээж үзээгүй, бизнес ойлгохгүй нөхдүүд тэднийг хүнд байдалд оруулж байсан. Энэ удаагийн хууль тэрхүү дарлуулсан компанийнханд боломж олгож байгаа юм.

 

-2008 онд гарсан өршөөлийн хуулийг хүмүүст таниулаагүй гэж та хэлж байсан. Ямар учиртай юм бол?

 

-Би тэр үед мэдэгдэл гаргаж байсан. Аж ахуйн нэгж, иргэдэд хандаж Эдийн засгийн өршөөлийн хууль гарлаа. Тиймээс орлого, зарлагаа ил гаргах хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм. Тэгэхдээ бүхий л орлого, зарлагаа ил болгосныхоо дараа цагдаа, хүчнийхэнд мэдэгдэх ёстой гэдгийг ч сануулж байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Дээд шүүхийн тайлбар байсан. Юу гэхээр, авлига, хээл хахууль өгсөн хүн өөрөө сайн дураараа очиж мэдээлэл өгвөл, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн нэмэлт тайлбар байсан юм. Тэр үед хүмүүс төрийн хүнд дарамтаас гарах гэж, ажлаа түргэн явуулахын тулд авлига өгч байсан болохоос баярласандаа өгч байгаагүй юм шүү дээ. Тиймээс авлига авч байсан этгээдүүдийг хэлж төрөө цэвэрлэе гэж уриалсан. Гэтэл 2008 оны нэгдүгээр сарын 21-нд Эрүүгийн хуулиас тэр заалтыг авч хаясан. Байдал биш болох нь гэж нөхдүүд айсан хэрэг. Мөн Эрүүгийн хуулийн “Албан тушаалтан ажилдаа хайнга хандсан” гэх заалтыг ч бас хасчихсан юм. Үүний цаана 34 албан тушаалтанд хариуцлага тооцох хуулийн заалт байхгүй учраас цагаадсан юм.

 

-Тэгэхээр бизнес эрхлэгчид яах ёстой вэ?

 

-Тиймээс бид энэ тоглоомоо зогсоох хэрэгтэй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бизнесийн орчин эрүүлжих ёстой. Үүний тулд МҮХАҮТ-аас “Хэн татвараа төлж байгаа нь зах зээлээ эзэгнэнэ” гэдэг уриа гарган ажиллана. Одоо бол татвар төлдөггүй этгээдийг бизнесмен гэж нэрлэх шаардлагагүй. Учир нь тэр нөхөр хэрэглэгчийн мөнгийг хулгайлж байгаа гэсэн үг. Нөгөө талаас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн. Үүгээрээ нийтийн мөнгийг хянах ёстой юм. Өөрөөр хэлбэл, есөн их наяд төгрөгийг нэг мөнгө ч үлдээлгүй хянах учиртай. Мөн НӨАТ-ын хуулиар авлига гарахгүй байх нөхцөл бүрдэнэ. Түүнээс гадна шилэн гэж нэрлэчихээд тас хар, хэн ч олж харахгүй, мөнгө зарцуулдаг эрх мэдэлтнүүд хэвээрээ л байгаа шүү дээ. Тиймээс хүмүүсийн улстөржүүлээд байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль эдийн засгийг эрүүлжүүлэхэд, далд эдийн засаггүй болоход, системийг шинэчлэхэд маш чухал үүрэгтэй. Хамгийн гол нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс манай улсын зах зээл ил тод, бүх мөнгөний урсгал хяналтад байж ерөнхийдөө чанга дэглэмтэй, төсвийн бүх зарцуулалт хянагдах болно.

 

-Энэ хууль батлагдсанаар шударга бус хүмүүсийг өөгшүүлэх нь гэх нэгэн байна. Ер нь жижиг аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой юу?

 

-Хамгийн гол нь манай улсын бүртгэлтэй компаниудын 99 хувь нь хоёр төрлийн тайлан гаргадаг шүү дээ. Тиймээс нууж байсан зүйлээ л ил гаргачих. Тэгээд бүгдээрээ нэг гараанаас гарахыг л уриалж байна. Нөгөөтэйгүүр, татвараа төлсөөр байгаад яагаад ийм байдалд орсныг тайлбарлах хэрэгтэй. Өмнөх татварын систем, бодлого, онол нь социализмын үеэс улбаатай. 1992 онд Үндсэн хуулиа баталсан. 1993 онд Татварын ерөнхий хуулийг баталсан байдаг юм. Үүнийг тухайн үед өмчийн харилцаа, хувийн өмч, чөлөөт худалдаа, чөлөөт зах зээлийн нийгмийн систем, татварын бодлогыг мэдэхгүй нөхдүүд хийсэн. Тиймээс одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлын гол буруутан нь гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл, өмнөх системийн үеийн онолыг өөрчилж чадаагүйн гай одоог хүртэл үргэлжилсээр байна. Хэдийгээр 1992 онд Үндсэн хуулиа баталсан гэж байгаа ч энэ нь хагас капиталист, хагас коммунист хууль байгаа юм. Учир нь Үндсэн хууль огт эдийн засагжаагүй. Тодруулбал, 2006 онд НӨАТ-ыг 10 саяыг хүчингүй болгох тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцэд тавьж байсан. Бид эдийн засаг, санхүүгийн татварын орчноо хоосон орон зайтай болгосон нь одоогийн буруу жишгийг тогтоосон гэж болно. Учир нь Үндсэн хуульд нийтийн санхүү, мөнгийг хянах, эдийн засгийн татварын бодлогыг өрсөлдөөний зарчмаар хийж байгаа эсэхийг хянах ямар ч боломжгүй. Энэ бүгдийг УИХ хянах учиртай. Гэвч тэнд суугаа 76 гишүүн нь татвар, санхүү, макро эдийн засаг, чөлөөт зах зээлийн ойлголт огт байхгүй. Ингээд 25 жилийн туршид энэ байдлыг засах гэж мунгинасаар ирсэн юм шүү дээ. Тийм учраас системийн хувьд, бодлогын хувьд засах хэрэгтэй гэдгийг олон жил ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, орчин бүрдсэн үед ямар ч хүн татвараа төлдөг, баялаг бүтээсэн нь чөлөөтэй зарцуулдаг, хэний ч дарамтгүй байх систем байх ёстой. Гэтэл бид орохгүй байсаар өдийг хүртэл. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл бас бий. Өмчийн хууль тодорхой биш. Үндсэн хуулиар хувийн буюу нийтийн өмчийг хуулиар хамгаална гэдэг. Мөн төрийн өмч гэж бий. Гэтэл 1996 оноос хойш төрийн өмчийг хамгаалсан хууль байхгүй байна шүү дээ. 2000 оноос хойш төсөвт бага зэрэг мөнгө хуримтлагдсан. Төсвийн хөрөнгө оруулалт, төсвийг ашиглаж баяжсан нөхдүүд бий. 2001 оноос төрийн мэдлийн хамгийн том өмч газар, газрын хэвлийн баялгийг ашиглахын төлөө тэмцэлдэж ирсэн. Сүүлийн 2-3 жилийн хямрал бол энэ тэмцлийн үр дүн. Үнэн хэрэгтээ 2008 оны Эдийн засгийн өршөөлийн хуульд дамын бизнес хийж байсан нөхдүүд дийлэнх нь хамрагдсан шүү дээ. Тэр үед ил гарсан дөрвөн тэрбум төгрөгт ихэнх нь лицензийн наймаа ч явж байгаа.

 

-Тэгэхээр төрийн өмчийг хамгаалсан хууль гаргахгүй байгаа учир шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

 

-Сүүлийн таван жил төрийн нийтийн хамааралтай өмчийн хуулиа гаргаач гэдгийг ярьсаар байгаа. Энэ хууль гаргачихаад хэн эзэмших, хэн захиран зарцуулах, хаанаас зөвшөөрөл авах вэ, Төрийн өмчийн хорооноос Засгийн газар, хувь хүн, аж ахуйн нэг яаж эрх авах вэ гэдэг нь тодорхой болно. Гэтэл одоог хүртэл эрх мэдэлтнүүд энэ хуулийг мэдэн будлиад байна. Учир нь энэ хууль гарснаар бүхий л зүйл цэгцэрнэ. Эцэст нь хэлэхэд 2006 оны дөрвөн 10-ын бодлого бизнесийнхэнд сайнаар нөлөөлснөөс гадна Оюутолгойн гэрээ зурагдах том хөшүүрэг болсон. Хэрэв энэ гэрээг 2006 онд байгуулсан бол Оюутолгой өндөр татвар төлөх байсан. Харин  дөрвөн 10-ын бодлогын хүчинд 50-60 хувь багассан татвар төлсөн. Ер нь хүнд үедээ манай төр уул уурхайн компанид маш зөөлөн ханддаг юм. Тиймээс гомдоллоод байх шаардлагагүй хөрөнгө оруулалтаа хийгээд ажиллах ёстой. Магадгүй бүх хүн татвар төлж байгаа гэх байх. Гэхдээ нарийн тооцоо гаргавал 10000 хүн 25 жил татвар төлж, хатуу хүтүүг нь амссан байдаг.

 

-Үндсэн хуульд хүн олсон орлогоосоо татвар төлөх үүрэгтэй гэсэн заалт байдаг. Харин манай иргэд ХАОАТ-ыг төлөхөөс зайлсхийдэг шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн хууль иргэдэд хамаатай юу?

 

-Тэгэлгүй яахав бүх хүн татвар төлөх үүрэгтэй. Гэхдээ татварын цэнхэр дэвтэрийг хэдэн хүн ашигладгийг мэдэх үү. Хоёр сая насанд хүрсэн иргэн байгаа гэж тооцвол түүнээс 4000-5000 нь л энэ дэвтрийг ашигладаг юм. Тэгэхээр татварын системд хүмүүсээ хамруулаагүй. Харин 10 жилийн дараа татварын бааз суурь аж ахуйн нэгжид бус хувь хүний орлогын татвар дээр ногдоно. Тиймээс ойрын хугацаанд энэ систем рүү шилжинэ. Тухайлбал, иргэн Дорж жилд 500000 төгрөг олсноос 300000 төгрөг зарлагаджээ. Үлдсэн 200000 төгрөгт татвар ногдуулна гэсэн үг. Манайхан үүргээ биелүүлэхгүй байж эрхээ эдлэх тухай ярьдаг. Уг нь энэ хоёр хуулийг гаргахдаа нийтийн мөнгөнөөс хулгайлсан хүнийг ганц ч алхахгүй байх учиртай.

 

-Татвар төлсөөр байгаад өрөнд орчихлоо хэмээн бизнесийнхэн халагладаг. Энэ удаагийн Эдийн засгийн өршөөлийн хуульд тэд хамрагдах боломж бий юу?

 

-Эдийн засгийн өршөөлийн хуульд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1, 2, 3-ыг оруулаагүй тохиолдолд татвар төлсөөр байгаад акт тавиулсан нөхөд хамрагдахгүй байдал үүснэ. 

 

-Хэрэв дээрх заалт ороогүй бол хүмүүсийн хардлага үнэн болно. Тэгэхээр яах ёстой вэ?

 

-Мэдээж аливаа зүйлд гарц байдаг. Гэхдээ маш хүнд, хатуу, хүмүүнлэг бус арга. Татвартай холбоотой 600 гаруй тэрбум төгрөгийн асуудал бий. Үүнийг авахын тулд татвартай байнга харьцдаг хүмүүсээ энэ хоёр хуульд хамруулахгүй бол тэр аргыг хэрэглэхээс аргагүй.

 

-Чухам ямар арга юм бэ?

 

-Татвараа төлөхгүйгээр эрүү үүсгүүлчих. Тэгэхээр шүүхээр орно. Тэр үед Эрүүгийн хуулийн 166.1-ээр эрүү үүсгэнэ. Энэ нь 5 жил хүртэл хорих ялтай. Гэхдээ сая батлагдсан өршөөлийн хуульд хамрагдах учраас ялгүй, торгуульгүй болно. Тиймээс жижиг аж ахуйн нэгж, компаниуд энэ аргыг хэрэглэж болох юм. Магадгүй нэр хүндэд сэвтэй байх биз. Гэвч өөр арга байхгүй шүү дээ. Хэрэв анзаарсан бол 2008 оноос өмнө гарсан дуулиантай хэргүүдийг 2010, 2011 онд шүүж байсан. Гэхдээ бүгд өршөөлийн хуульд хамрагдсан шүү дээ. Учир нь тухайн үед батлагдсан өршөөлийн хууль одоо хүртэл хүчинтэй байгаа. Учир нь хууль батлагдахаас өмнө гарч байсан хэргүүд бүгд үүнд хамрагддаг юм. Гэхдээ иргэдээ ийм байдалд оруулж, цагдаа, прокурор, шүүхээр дамжуулах хэрэггүй л дээ.

 

-Эцэст нь та энэ хоёр хуулийн өгөөж, үр дүнг тодорхойлооч?

 

-Өгөөж, үр дүнг нь 2017 онд үзнэ. НӨАТ-ын хоёр хувийн буцаан авалт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үсчнээс эхлээд уурхайн захирал хүртэл бүх хүн хяналтад орно. Хамгийн гол нь макро эдийн засгийн үр дүнг харж байна. Ер нь макро эдийн засагт үр дүнг барих уу, шударга ёсыг барих уу гэдэг зүйл тулгардаг. Бид үр дүнг барих хэрэгтэй болсон. Учир нь эдийн засгийн уналт үргэлжлэх болно. Тиймээс том дүнгээр зургаа харж үр дүнгээ гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүх хүнээ шоронд явуулчихаж болохгүй. Далд эдийн засгийн нэг жишээ гэвэл, дөрвөн их наяд төгрөгийн байшин, барилга бүртгэлгүй байна. Эрүүгийн хуулиар 19 сая төгрөгөөс дээш бол шоронд явдаг. Гэтэл бид хэдий болтол шоронгоор бие биеэ айлгаж тоглох вэ. Үүнийг одоо зогсоох хэрэгтэй.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene comment bichdeg xymyys shig bolox yumsan kkkk. Comment bichixees tsaashgyi xynii yrdaas gants yg xelj chadaxgyi mortoo comment bichixdee Narantyylin avgai nar shig yraldaj bichixiig yana kkkk. Commentoor xoollogchid kkkk
2015-08-25
зочин:
чиний яриад байгааг ард түмэн ойлгохгүй гэж бодоод байгаа юм уу. АРД ТҮМЭН СОНСОЖ ЧАДНА АМТАЛЖ ЧАДНА БАС ЯРЬЖ ЧАДНА . ЧАМ ШИГИЙГ НЬ таньж чадна үзэн ядаж бас чадна.
2015-08-22
доржоо:
арчаагүй урван шарвагч энэ новш хэд хэдн намын гишүүн болж явдаг. одоо МАН-д дагаар орсон. яавал би их хуралд суух вэ одоо аль намд орвол болох болоо гэж бодож суугаа.
2015-08-22
nbghy:
Ene muuhai hameleon dald oroosoi
2015-08-22
Зочин:
Энэ худлаа ярьж байгаа юм ийм хууль гарлаа гээд юуч болохгуй хараараа лхагважав шоудаж их хурлын гишуун болох санаатай шоудаж байгаагаа мэдэд байгаа
2015-08-21
зочин:
Юу ч ойлгодоггүй, толгой муутай хүн шт
2015-08-21
Haratuya:
Lhagvajavaa! Ediin zasgiin orshooliin huuliig chi mynga omoorood heregguishdee. Yagaad gevel erh barigchid ta nariin yriad baigaa shig bish bolgochihson shuudee. Ugaasaa ch tiimch aytaihan huvilbar baigaagui, odoo bol baylag buteegchided bus avilgachidad aytaihan bolood ergesniig odoo boltol olj harahgui l baina uu? Yrih heleh um, ambitslah bodloo bodoj bolgooj baij hiij bai gej helie?
2015-08-21