Чечений хил орчимд хэт даврагчид байхгүй
2015-08-25

Оросын хэвлэлүүд Бүгд Найрамдах Чечень улсын хил орчимд Ирак, Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид байршиж эхэлсэн гэх мэдээллийг нийтэд хүргэсэн билээ. Тэгвэл энэхүү мэдээллийг тус улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров эрс үгүйсгэсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Зарим хэвлэлүүд хэт даврагчдын алан хядах ажиллагаанаас болж Чечений удирдлагууд гол замуудын хөдөлгөөнийг зогсоосон гэж мэдээлсэн байна.

 

Кадыров “Хэвлэлээр цацагдаж буй мэдээллүүд бодит байдалтай тэрсэлдэж байна. Замын хөдөлгөөнийг хязгаарласан нь хэт даврагчидтай ямар ч холбоогүй. Бид сүүлийн үеийн техник, төхөөрөмж суурилуулж иргэдийг осол гэмтлээс хамгаалахыг хүссэн учир хэсэг хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарласан” гэж хэлжээ.

 

Чеченийн аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Вакит Усмаев “Хил орчимд хэт даврагчид байгаа гэх мэдээллийг үгүйсгэж байна. Энэ бол худлаа мэдээлэл” гэсэн байна.

 

НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн мэдээлснээр Чечений 200 гаруй иргэн Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй алан хядах бүлэглэлд элссэн гэжээ. Өнгөрсөн долоодугаар сард Чечений удирдлагууд 18-35 насны 22 залууг хэт даврагч болсон хэмээн мэдэгдэж, интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин