“One Direction” амралтаа авна
2015-08-26

“X Factor” шоунаас төрөн гарсан Британийн хөвгүүдийн шилдэг хамтлаг “One Direction” хамтлаг ирэх 2016 онд ямар ч аялан тоглолт болон цомгоо худалдаанд гарахгүй, урт хугацааны амралт авахаар болсон хэмээн өөрийн твиттер хуудсын тусламжтай фэнүүддээ мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “One Direction” твиттертээ “Фэнүүддээ гунигтай мэдээ хүргэж буйдаа харамсч байна. Бид ирэх 2016 онд ганц ч уран бүтээл болон цомог гаргахгүй болсноо мэдэгдье. Мөн ямар ч аялан тоглолт байхгүй. Бид таван жил тасралтгүй ажиллалаа. Одоо бидний амрах цаг” гэж жиргэсэн байна.

 

Анх таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан тус хамтлагийн гишүүн Заян Малик өнгөрсөн зургаадугаар сард хамтлагаа орхиж, бие даан уран бүтээл хийхээр болсноо мэдэгдсэн. Заяныг хамтлагаасаа гарсны дараа тус хамтлагийн нэр хүнд огцом буурсан. Саяхан хамтлагийн гол хоолой гэгддэг Луйс Томлинсон амиа хорлохыг завдсан билээ. Тэрбээр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс гадна их хэмжээний нойрны эм уусан байжээ.

 

Энэхүү үйл явдлуудаас болж хамтлагийн уур амьсгал өөрчлөгдөж, гишүүд хувиараа уран бүтээл хийхээр тохиролцсон хэмээн гэрчүүд мэдээлж байна. Гэхдээ “One Direction” хамтлаг тарахгүй гэдгийг продюссер Саймон Коуэлл мэдэгджээ.

 

Тус хамтлаг 2011 онд 110 сая, 2012 онд 130 сая, 2013 онд 145 сая, 2014 онд 170 сая ам.долларын ашиг олсон юм. Хамтлагийн гишүүд бүгдээрээ Британийн хамгийн баян 50 уран бүтээлч жагсаалтад сүүлийн гурван жилийн турш багтсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин