“Оюутан тээвэр-2” хүрээнд 1136 зөрчил илрүүлжээ
2015-08-27

Автотээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

 

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой тус арга хэмжээний талаар Автотээврийн үндэсний төвийн Тээвэр, зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас тодрууллаа.

 

-“Оюутан тээвэр-2” арга хэмжээний талаар тодруулж өгнө үү?

-2015 оны наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 05-ныг хүртэл “Оюутан тээвэр-2” шалгалтын арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Шалгалтын хүрээнд Замын цагдаагийн газрын Орон нутгийн хурдны замын хяналтын хэлтэс, Орон нутгийн Цагдаагийн газар, хэлтэс, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэргэжилтнүүд, автотээврийн улсын байцаагч, автовокзалын дарга, менежер, тээвэр зохицуулагч нар ажиллах юм. Бид хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүдийн хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

 

-Шалгалтын үеэр зөрчил дутагдал хэр их гарч байна?

-Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд илэрч байгаа зөрчил дутагдлуудаас нэрлэвэл зарим чиглэлд ээлжийн жолоочгүй явж байна. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна. Зөвшөөрөлгүй, хууль бус тээвэрлэлт мөн маш их байна. Энэ нь иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих эрхэнд халдаж байгаа хэрэг юм. Том оврын автобусаар 8 цагт туулах замыг 3 цагт амжиж очно гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж байна. "Оюутан тээвэр-2" нэгдсэн хяналт шалгалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 8851 тээврийн хэрэгсэл шалгаж 1136 зөрчил илрүүлээд байна.

 

-Зөрчил гаргасан жолооч нарт ямар хариуцлага тооцов?

-Холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээнээс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хүртэл арга хэмжээ авч байна. Зорчигчдод зөвлөхөд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэлд суусан болон зорчих эрхийн тасалбараа аваагүй тохиолдолд 5000-аас 30000 хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Иймд өөрсдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлөө бүрэн хангах зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх хэрэгтэй.

 

Замын цагдаагийн газрын Орон нутгийн хурдны замын хэлтсийн ахлах зохицуулагч, дэд хурандаа Ч.Мөнхтөгсөөс тус шалгалтын талаар нэмэлт тодруулга авлаа.

 

-Шалгалтын явцад ямар зөрчил дутагдал илэрч байна ?

-Шалгалтын явцад орон нутгийн замд жолооч нар маань тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хамгаалах бүс хэрэглэхгүй байх зэрэг зөрчил дутагдал гаргаж байна. Энэ бүх зөрчил дутагдлууд зөвшөөрөлгүй тээвэр олон байгаатай холбоотой. Бид тухай бүрт нь холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Мөн жолооч нар маань орон нутгийн зам сайжирсан хэмээн хурд хэтрүүлэн давхисаар байна.

 

-Одоогийн байдлаар шалгалтын явцын үр дүн хэр байна вэ?

-Шалгалт үеэр орон нутгийн зам дээр зам тээврийн осол харьцангуй багасч, жолооч нарын хариуцлага өндөрсч байна. Бид бүхэн цаг үеийн байдалтай холбогдуулан цаашид “Ургац” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин