Барак Обама: Миний зүрх шаналж байна
2015-08-27

 

АНУ-ын “WDBJ7” телевизийн хөтлөгч Алисон Паркер болон зураглаач Адам Уард нарыг Монета хотноо иргэдтэй уулзаж байхад Виржини мужийн оршин суугч 41 настай Уэстер Ли Фланаган гэгч буудаж аминд хүрсэн билээ. Тэрээр халдлага үйлдснийхээ дараа амиа егүүтгэсэн юм. Энэхүү аймшигт халдлагын дараа Ерөнхийлөгч Барак Обама “ABS” телевизийн хөтлөгч Монисо Малпастай цөөн хором ярилцжээ.

 

-АНУ-д халдлага, халдлага гарсаар байна?

 

-Ярилцлагынхаа эхэнд миний зүрх гэнэтийн цочролтод орж, их шаналж байна. Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Хууль бус зэвсгийн асуудлаас болж энгийн иргэд хохирсоор байна. Энэ бүхнийг зогсоох ганц арга бол олон нийтийн ухамсарыг дээшлүүлэх явдал.

 

-Та телевизийн хөтлөгч, зураглаач амиа алдсан тухай хэзээ, хаанаас мэдсэн вэ?

 

-Хэвлэлийн төлөөлөгч минь энэ тухай ярихад би шууд л зурагтаа асаасан. Үнэхээр том гарз тохиолдлоо. Харамсалтайгаар амиа алдсан сэтгүүлчдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье.

 

-Гэнэтийн халдлагад энгийн иргэд болон ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүс ихээр өртөж, хохирогч болох нь ихэслээ. Энэ тухай?

 

-Бид алан хядах үйл ажиллагаагаас иргэдээ хамгаалахын тулд хэдэн сая, тэрбум доллар зарцуулахад ч бэлэн байна. Гэхдээ халдлагаас урьдчилсан сэргийлэх боломжгүй байгааг эдгээр үйл явдлаас харж болно. Хяналт чанга байлаа гээд гэмт этгээдүүд гараа хумхиад суухгүй. Хамгийн чухал зүйл бол хяналтгүй зэвсгийн хэрэглээ, худалдааг хязгаарлах нь зөв алхам. Галт зэвсгийн хяналтын хууль батлагдах нь америкчуудад чухал.

 

-Монета хотноо болсон халдлагын дараа Цагаан ордноос Конгресст хандан галт зэвсгийн хяналтын тухай хуулийг хурдан батлахыг шаардсан?

 

-Одоогийн байдлаас авч үзвэл Америкт хамгийн их хэрэгтэй хууль бол галт зэвсгийн хяналтыг чангатгах хууль. Зах замбараагүй зэвсгийн хэрэглээ Америк гэлтгүй олон улсыг заналхийлж байна. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно.

 

-Бидний өдөр тутмын амьдрал хэзээ аюулгүй болох вэ?

 

-Конгресс америкчуудыг хүндэтгэсэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Бүх эрх мэдэл Конгресст бий. Иргэдийн буу эзэмших эрхийг хязгаарлах хэрэгтэй.

 

-Та терроризмтэй хэрхэн тэмцэх төлөвлөгөөтэй байна?

 

-Терроризм гэх зүйлийг хүссэн үедээ зогсоож, хүссэн үедээ урагшлуулах боломжгүй. Халдлага, хүчирхийлэл гэх зүйлийг хэн ч урьдчилан мэдэж, сэргийлж чадахгүй байгаа учир олон гэмгүй хүн золиос болж байна. Хамгийн эхэнд бид зэвсгийн асуудалд анхаарлаа хандуулж, алхам алхмаар гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх хэрэгтэй.

 

-Сэтгүүлчдийн аминд хүрсэн этгээд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс болж нөхдөө хөнөөсөн. Сүүлийн үед иймэрхүү төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай боллоо?

 

-Арьс өнгөөр ялгаварлах, бэлгийн чиг хандлагаас болж хүмүүс нэг нэгнээ гадуурхах нь утгагүй хэрэг. Үнэнийг хэлэхэд, энэ зуунд энэ бүх утгагүй зүйлийг хөөс мэт алга болгох хэрэгтэй. Гэтэл арьс өнгөөр ялгаварлах үзэл Америкт газар авч, ямар ч утгагүй шалтгааны улмаас иргэд нэг нэгнээ хохироож байна. Би Ерөнхийлөгчийн хувиар иргэдээ эрх тэгш байлгахын тулд хичээж байна. Харамсалтай нь бүх зүйл эсрэгээрээ байна. Бид хүчтэй, эв нэгдэлтэй байх ёстой. Хамгийн гол нь өдөрт хэдэн хүн халдлагын золиос болж амиа алдаж байгааг тогтоох аргагүй байна.

 

Сэтгүүлчийн үг: “Ерөнхийлөгчтэй Тегеран, Пхеньяны цөмийн хөтөлбөр, Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс бүлэглэл” болон Европын чиглэн ирж буй цагаачдын асуудлаар ярилцахыг хүссэн боловч тэрбээр ярилцлагаа энэ хүрээд зогсоохыг хүссэн юм. Тэрбээр амиа алдсан иргэдээ хамгаалж чадаагүйдээ харамсч буйгаа ярилцлагынхаа үеэр дурьдаж, хохирогчдын гэр бүлээс дахин дахин уучлалт гуйж байлаа”.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин