БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ирэх сарын 3-нд дэлхийн II дайнд ялсаны түүхэн 70 жилийн ойд зориулж, олон улсын цэргийн сүрт жагсаал болох билээ. Энэхүү жагсаалыг үзэхээр дэлхийн 30 орны төрийн тэргүүн, удирдлагууд Бээжин хотноо чуулах юм. Тэгвэл Бээжин хотноо Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг ирэх магадлалтай хэмээн Хятадын хэвлэлүүд онцолж байна. Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Удирдагч Ким Чен Ун гол холбоотон улс Хятад улсад айлчлах сонирхолтой байгаа” гэж мэдээлжээ. Энэхүү мэдээллээс үзэхэд удирдагч, Бээжин хотноо айлчлах магадлалтай байгаа гэж “www.shanghaidaily.com” мэдээлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотноо агуу их ялалтын 70 жилийн ой тохиосон билээ. Удирдагчийг Москва хотноо хүрэлцэн ирнэ хэмээн олон улсын хэвлэлүүд таамаглаж байсан ч тэрбээр парад болохоос долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч В.Путиний саналаас татгалзсан юм. Ялалтын баярт БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргийн хамт оролцсон бөгөөд тэрбээр Москва дахь айлчлалаа өндөрлүүлсний дараа Ким Чен Уныг Бээжин хотноо болох парадад урьсан болохыг “Синьхуа” агентлаг баталсан билээ.
Ким Чен Ун 2011 онд засгийн эрхийг авснаасаа хойш ганц ч удаа төрийн айлчлал хийгээгүй. Удирдагчийн эцэг Ким Чен Ир 2000 оны долоодугаар сард Москва хотноо долоон хоногийн хугацаатай айлчилж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг