Такси №130
2015-08-28

Энэ өдрийн мэнд. Манайхаан.

Жоохон цаг зав гарсан үедээ нөхөж буулгаж түүвэрлэсээр бэлэн болгосон хэдэн яриа хөөрөө сониноо оруулж байгаа билээ. Намайг хэт үнэлдэг зарим нэг маань “зохиосон юм уу л” гэсэн байна. Баярлалаа. Гэхдээ зохиох шаардлага байхгүй л дээ. Учир нь энэ бичлэг, өгүүллийн зохиогч нь жирийн хүмүүс байдаг. Тань шиг бас над шиг л нэгэн. Хүмүүсийн ердийн амьдрал дээр байгааг нь буулгачихад л зохиол шиг л болж байна. Бид чинь дор бүрнээ л баяр гуниг, учрал хагацал ээлжлүүлэн өөр өөрийнхөө зохиолыг бичиж явдаг юм байна шүү дээ. Таксины зорчигч өгүүллэгийн баатрууд нэг газраас нөгөө газарт ямар нэгэн хэрэг зориг тээсэн хүмүүс байдаг. Зарим нь ярина, хуучилна. Дуулна уйлна. Зарим нь огт ярихгүй. Миний муу хар диктафонд сар орчим болоход заримдаа 100-аад яриа бөөгнөрч байгаа юм. Захаас нь буулгаад заримдаа амжихгүй тасалдаад овоорчихно. Тухтай сонсохоор заавал бичмээр амьдралын нэг энгүүн ухааралтай тохиолдол байх. 10 хүн авахад хоёр нь л сонин болчихоор тохиол байна. Заримдаа зүгээр л нэг сонин болгоод биччихмээр зураглал ч байдаг. Энд би гэж хүн уран цэцэн бичдэг байх ч хэрэггүй. Зүгээр харин жоохон мэдрэмжтэй сонголт хийж, чадлаараа сайн дүрсэлж, өгүүлэмж зураглалтай буулгахыг хичээдэг нь миний зүтгэл юм.

Одоо ч гэсэн амьдралын дарамт алдаа оноо намайг мөн дарж байгаа ч таксины замд олонтаа таарах өөртөө итгэлтэй зорчигч нар шигээ би энийг даван туулаад тэгээд тэр нөхөр шиг хэн нэгэнд дурсан ярьж суух болноо гэж бодохоор урам төрж өөртөө итгэлтэй болж ирдэг. Би тийм чиг романтик хүн биш. Гэхдээ гутранги бол бүүр биш. Та бүхний л нэг адил юм даа.

За ингээд үг олдлоо. Эрхэм уншигч ЮмҮз-дээ тухайлан захиа сэтгэгдэл бичиж чадалгүй гомдоосон бол дахин хүлцэл өчье. Эхнээс нь дэмжсэн уншигчид тэр дундаа ЮМ-Үз байхгүйгээр энэхүү Таксиг яаж төсөөлөх. Нөгөө муу эмээтэйгээ удахгүй уулзаад сонин сайхныг нь дуулганаа, Та бүхэндээ. Одоо амралт зугаалга алсарч ажил хаяалсан болохоор манайхан хот хүрээ ажлын байрандаа тогтон сууж сэтгэдэл санал гэдгийг хуучных шигээ булж өгөх юм байгаа биз дээ. Таалал орштугай.

 

 

Хойшоо наймаа сонирхвол байна шүү

 

Орос руу визгүй болсных  наймаанд ухасхийж үзсэн бүсгүйтэй богинохон зайд явж буу халсан юм.

 

Э/эмэгтэй/ - ...Өө ах минь олон жил тэгж ганзаганд яваагүй ёстой дийлэхгүй болох гээд байна ш дээ. Дагуулсан эгч харин учраа мэддэг, цоглог тулдаа гайгүй яваад ирлээ. Нэг юм нээгдэхээр л тэгээд хэцүү болчих юмаа. Хилээр орж гарах бас төвөгтэй болчихжээ. Оросууд нэг л ад үзсэн байртай санагдаад.

 

Х -Тэгээд юу дарав даа?

Э -Өө яахав ахуйн юм. Вок саван гээд.

 

Х -Залуу байхад хэсэг ажилгүй. Бас барааны саван их бөөндөж зардаг байж билээ. Яагаад ч юм нэг хэсэг шилжилтийн үед чинь барааны саван олдохоо байчихсан. Өгөөжийн үйлдвэрийн хашаанд хэдэн нөхөр хувиараа саван хийдэг. Тэрнээс бөөндөөд гадаа зогсч хоёр гурван төгрөг нэмж зардаг байсан. Тэр санагдчихлаа ккк.

Э -Тийм үү. Хоол хүнс шиг угаалгын юм бол тэгээд байнгын л хэрэглээ ш дээ. Бид хоёр чинь ёстой 18 кг-тай хүнд воокыг чинь ачаа руу шидэж өгч байгаа юм чинь. Яарахаар чинь ядрахаа ч мэдэхгүй бяр ороод ккк.

 

Х -Нээрээ Оросоос зөв юмаа зөөвөл тэ. Бас хөөрхөн болж магадгүй юм байна даа.

Э -Эргэлдүүлэх мөнгө том байх хэрэгтэй юм билээ. Жоохон юмнаас юм гарахгүй явдлын нэмэр.Гайгүй мөнгөөр вагоноор нь ачаад эргэвэл...

 

Ийн найрсагаар цагаахан буу халж наймаа хийх талаар зөвлөсөн бүсгүй сүүлдээ нэлээн ажил хэрэгч болж “Та нээрээ хойшоо наймаа сонирхвол болно ш дээ. Дүү нь бол сая нэлээн судлаад ирсэн. Одоо зун намарт хойноос усны гутал аваад шахвал уг нь нүх байгаа шүү ах...” гэлээ.

 

Ер нь сүүлийн үед хараад байхад хамаг хэцүүг хүүхнүүд нугалаад үүрээд байх шиг. Эрчүүд минь нэлээн цалгар байх шиг. Тулалдааны талбарт нэг л харагдахгүй нэр гарахгүй болсон санагдсаныг энэ дашрамд бас хэлье дээ. Дулаарахаар бас тэгдэг л дээ. Одоо хүйтрээд ирэхээр бэрхийг туулахаар төрсөн эрчүүд маань эгнээд гараад ирэх юм байгаа биз дээ.

 

 

Бөөр яахав, би байлдаж явсан юм

 

Хавар билүү дээ нэг эмч суусан юм. Монголд бас бөөрний өдөр гэж тэмдэглэдэг тэр арга хэмжээнд орохоор явж байгаа гэснээр би жаал яриа өдсөн юм.  50 орчим насны их цэгцтэй бас их энгийн яриа хөөрөөтэй эмэгтэй байсан.

 

Х -Бөөр ч одоо бас л нэлээн газар авсан өвчин юм даа. Би хавар бөөр гэж эмнэлгээр нэлээн явсан шүү.

Э/эмэгтэй/ -Аан нарийн шинжилгээ өгсөн биз дээ. ...Уг нь бөөрөө хамгаалах их энгийн ш дээ. Өвөл доороосоо даарахгүй, байнга баадагнаад. Тэгээд шингэн юм сайн уух хэрэгтэй. Наад зах нь л энэ. Ялангуя хөдөөнөөс ирж байгаа хүмүүс чинь дандаа л буруу хэвшлээсээ болж өвчлөөд байгаан. Манайхан ерөөсөө шингэн юм бага уудаг байхгүй юу.

 

Хөдөө бол хонинд явлаа гээд өглөө нэг ая бүгээн цай ууж гараад л тэгээд орой нэг аяга цай ш дээ. Хоолны ард дахиад нэг аяга ус гэж бодьё. Ингээд бүтэн өдөр болоход литр хүрэх үү үгүй юу шингэн юм ууж байдаг байлаа ш дээ. Тэгээд жоохон нас нь яваад ирэхээр бүгд бөөр нь өөрчлөлттэй.

 

Х -Одоо ч бас ус барьсан нөхдүүд их алхаад байх болж тэ.

Э -Тийн. Тохиолдлоор уух биш. Уг нь эмчээс сайн зөвлөгөө аваад биендээ нөхөх ёстой шингэнийхээ хэмжээг мэдээд тэрийгээ яг ууж байхад л болоод явчихна.

 

Х -Хөөе хө,пиво их уухаар бөөрний чулууг хөөдөг гэсэн үнэн үү?

Э -Тийм ийм сайн, нэг бол ёстой болохгүй гэсэн хатуу заалт бас байхгүй ш дээ ккк. Тухайн хүний биеийн онцлогоос болоод чулуу нь шээсээр гарчих тохиолдол зөндөө л байна. Нөхөр пиво уусаар байгаад чулуугаа гаргачихсан гэж байхад эхнэр нь тарваганы бөөр идээд зүгээр болчихлоо л гээд л. Нэг гэрт байгаа хоёр хүн л гэхэд хоёулаа өөртөө эмч. Яг ямар байдлаар юу нөлөөлснийг шинжилгээ энэ тэрээр л гаргана даа. Тэгэхэд манай хүмүүс чинь шууд л мэдээд яриад л байдгийн. Бараг бүгд оточ эмч. Итгэмтгий гэж яана. Наадахад чинь энэ сайн гэвэл гараад л тэрийг нь аваад уучихна ккк. Ай мөн ч биедээ хайргүй юм шиг хүмүүс шүү. Зарим нь архи уух сайн ч гэж магадгүй.

 

Х -Гурван хүний нэг нь бөөр гэж ярих байх шүү тэ?

Э -Бөөр гээд анхны үзлэгт ирж байгаа хүмүүс бүгд удчихсан, ямар нэг юм уугаад үзчихсэн. Янз бүрийн эм хэрэглээд бүр архагшуулчихсан л ирдэг юм.

 

Х -Нарийн “доовтор” энэ тэрд үзүүлэх бол цаг их орох ажил юм билээ тэ?

Э -Тнх. Хүн ихтэй. Нэг өвөө нээрээ ирж үзүүлээд. Уг нь бөөрөө үзүүлэх гэж яваа юм. Нэлээн өндөр настай. Би тэгээд яахав. Ерөнхий байдлыг нь мэдээд урьд та ямар ажил мэргэжилтэй юу хийж байсан гээд асуусан. Тэгсэн нь өвөө дайны түүхээ яриад. 1939 онд байлдаж явлаа. Энийг чи сайн сонсоодох доо гээд. Тэгэхэд чинь Япончуудыг цохих гээд намар шавранд, нуувчинд зөндөө л хэвтэж байсан. Манай анги нэгтгэл чинь шөнөөр хөдлөөд гээд нэг хэсэг байлдааны маш нарийн тактикийн юм яригдаад ккк.

 

Би бүр нэлээн тэсээд “За өвөө одоо гол юмаа ярих уу. Гадаа хүлээсэн хүмүүс их байна гэсэн. “Үгүй ээ, би харин яриад эхэлсэн байна. Чи тэвчээртэй сонс” гээд ккк.

 

Би өвөө таны ард зөндөө хүн байна. Та үзүүлэх гэж байгаа бол гээд л байдаг өвөө урд тулаад суучихсан “үгүй ээ чи бүтэн сонс. Тэгээд миний өвчний учрыг ойлгоно” гээд ккк, бас хэцүү. Ганцаараа 30-аад минут авчихаж байгаан. Өвөө өөрөө чих хатуутай. Намайг юм асуухаар сонсохгүй уцаарлаад. Би дараа нь гол юмаа асууж ярих гэж бас нэлээн уурыг нь бараад ккк. Сүүлдээ өвөө “бөөр яахав.Хаяадаа өвдөж л байдгийн. Хүүхдүүд үзүүл гээд хөөгөөд байгаа юм” гэчихсэн ккк...

 

 

Ганцаардлаа намар их мэдэрдэг юм (үргэлжлэл)

 

За ингээд төгсгөлд нь №129-д дутуу буулгаад орхисон эмэгтэйн яриаг гүйцээгээд оруулчихья. Ханиа харамсалтай алдаад 30-аад жил болсон ч дотор нь үе үе харлаад харамсч яваад байдаг эмэгтэй суусан тухай түрүү дугаарт товч өгүүлсэн.

 

Манай эмэгтэй надтай гэнэт буу халж овор царайндаа баймааргүй өндөр нас хэлснийхээ дараа хэсэг чимээгүй явсан юм.

Би яриа эхлүүлж “охин нь тэгээд тусдаа амьдралтай сайн яваа бол болоо доо тэ” ...  гэлээ.

 

Э -Тийн.... Нэг хэсэг 10 нас гараад аавыгаа аягүй их асууна. Хэцүү шүү.

 

Х -Өвчнөөр явчихсан юм уу?

Э - ...Хөдөө явж байгаад. Нойр булчирхай муутай гээд үе үе аймаар өвдөөд л хачин болдог. Тэгээд геологийнхон чинь байнга хөдөө явчихдаг. Өөрөө мэднэ биз дээ. Хуучны юм мэдэхээр л насны хүн байх шиг байна.

 

Х -Өө ер нь л зах зухыг нь үзээд сонсоод л гарсан шүү.

Э -Харин тэгээд л чамд ярьж байна. Бид хоёр чинь их багадаа дотносоод хэсэг бас төөрч явсаан. Манай хүн чинь мундаг дэгжин ганган залуу. Ажлын газрынхаа ч билүү нэг ганган хүүхэнтэй нийлж суух болоод хэсэг алга болсон. Дарханд байсан юм билээ. Тэгээд болоогүй салж барьж ирээд. Бид хоёр чинь урт цагааны урд яг таарч байгаа юм. Наадам дөхчихсөн. Би ээжийнхээ нэг дээлийг хасуулаад гоёчих гээд л явж байж таараад. Бодоход ээж минь хань руу минь явуулаад байсан юм шиг. Тэр өдөр үглэсээр байгаад эрт босгоод намайг тийшээ явуулж билээ. Манай хүнГялалзсан хромон гутал каракул захтай драпан пальто өмсчихдөг. Хачин “эсс” залуу байсийн. 

 

Х- Тэгээд л нам таарсан уу. Тавилаан гэж.

Э -Өөн би чинь хараагүй. Намайг харчихсан дуудаад. Гялалзсан хромон гутал каракул захтай драпан пальто өмсчихсөн. Хачин “эсс” залуу зогсч байдгийн. Тэгээд хэд хэд уулзаад ээж дээр минь байж байгаад хажууд нь гэр бариад. Дараа нь манай хүн чинь байраар шагнуулаад. Би жирэмсэн болоод. Нэг л их бүх юм л болоод, ар араасаа сайхан болоод байсан санагддагийн.

 

Х -Тэр үед байраар шагнуулна гэдэг бас л ховор аз, их зүтгэл байсан байх шүү тэ.

Э -Өө тийн. Ямар үг байх уу. Охин гараад. Тэгээд ер нь би ажилд ороод өглөө орой гээд л гүйцгээгээд. Одооных шиг овоож оцойтол мөнгө хөрөнгө хураах гэх биш. Хоёр биендээ хайртай, болоод л байсан. Охин ид хөөрхөн болоод ирэхээр манай хүн ч хөдөө явах их дургүй болоод. Аль болохоор л явахгүйг бодно...

 

Х -Тийн охидууд адтай.

Э -...Хамгийн сүүлийн явалт дээрээ нэг л дургүй. Юмаа боочихсон хэрнээ гарахгүй цай оочоод л суугаад. Тэгээд л нөгөө өрөөндөө орж охиноо ноолоод л нэг л хачин байсан юм. Нэг их өвдөөд бариагүй хүнийг чинь ер анзаарахгүй байгаан. Маргааш бүр эрт гараад явчихдаг ч юм уу гээд нөгөө хэдээ оруулж ирж цай хоол болж байгаад зөвшөөрүүлээд.

 

Х -Зайлуул. Чи тэгээд анзаараагүй юу? Эмэгтэй хүн совинтой гэдэг дээ.

Э -Юу бодохов дээ залуухан ч байсан. Нөгөө л аянд явдаг юмыг нь яс бэлдэж өгөөд л халуун савтай цай хөнжил пүүгээ гээд л. Өглөө нь хүртэл хачин. Охин сэрэхгүй байхын гээд л. Хэд хэд ороор нь эргэлдэж үнсэж байгаад л гарсан. Тэгээд яваад хоёр хоноод л хээр гэнэт муудаж гэнээ. Хамт яваа хүн нь хэл өгүүллээ гээд. Яанаа, явах уу гэж байтал өнгөрчихлөө гээд л хэл ирж байгаан.

 

Х -... Ямар хурдан болоо вэ.

Э -...Охиноо сэрээгээд жоохон тоглуулдаг байж дээ гээд л гол харлаад. Хэсэг би чинь ёстой хөгшин эмээ болсон шүү...

 

Эмэгтэй энэ харууслаа туйлын цаанаасаа сэтгэлийнхээ бүр мухраас гаргаж хэлсэн нь надад хүчтэй нөлөөлж үл таних эрийг, нялх үрдээ хоргодоод байсан нэгэн аавыг өрөвдлөө. Бас сэтгэл сэмэрлээ. Амьдрал бас богинохон, жаргал бас зуурдхан тул гэдгийг уншигчидтайгаа хуваалцахаар энэ дурсамжийг нь санан санан байж энд нөхөн оруулж байгаа юм.

 

Бүсгүйн цааш ярьсныг буулгавал ажлын нөхдүүд хөдөө очоод салж, нөхөр нь нэг мэргэжилтний хамт Өмнөговь чиглэлд явсан байж. Хотоос гараад хоёр дахь шөнөө Өмнөговийн нутгийн гүн рүү орж яваад гэнэт бие нь өвдсөн гэнэ. Маш хүчтэй өвдөлт өгч юу юугүй л царай нь хөхрөөд ирэхээр нь хамт явсан нөхөр нь авч явсан ганц архинаасаа татуулж үзсэн гэнэ. Тэгээд ойр зуур эм тариагаа хэрэглээд эцэст нь “намайг орхиод төв бараадаж эмч ол” гээд ганцаараа нэг зөөлөн хэвтэр засуулаад жоохон усаа бас буугаа аваад үлдсэн гэнэ. “Хамт явья” гэвэл би тэсэхгүй.  Маш их өвдөж байна. Ингээд байж байя гээд байж.

Машин ч гэж машин л байж. Геологийн сэгнийсэн 66. Нөгөө нөхөр нь 150 гаран км замд галзуу юм шиг гишгээд л сум орж. Гэтэл сумандаа ганц эмч нь төрөх дуудлагатай хөдөө явчихсан гэж. Ардаа санаа зовсон найз нь холбооноос нь хот руу утас цохиж байгууллага болон гэрийнхэнд нь хэлүүлж. Тэгээд газар орноо андахгүй нутгийн залууд байгаа газраа сайн хэлж өгөөд эмч ирвэл араасаа ирүүлэхийг захиж гуйгаад хотоос авч гарсан шил архиа, таван төгрөгтэй орхиод буцаж давхиж дээ. Энэ явдалд нийт нэг 4 цаг орчим болсон бөгөөд ойролцоогоор таван цагийн дараа би хажууд нь оччихсон байсан гэж хамт явсан эр ярьж байжээ.

 

Ирэхэд нөхрийн царай маш аймшигтай хөхөрсөн эвхэрчихсэн тун муудсан байж. Сандарсан эр сумын төвөөс авсан өвчин намдаах аналгинаа тариад ч нэмэр болсонгүй.

 

Хий л холхиод байж. Тэгээд нөхөр нь архинаас ширүүхэн татаад царай нь шаналсан ч гэсэн их тайван болж ирээд найздаа гэрээс шахуу зүйлийг хэлсэн гэнэ. Тэгээд архинаасаа дахин ширүүхэн татаад “... найз нь одоо тэсэхгүй юм шиг байна аа. Би мэдээд байсан юмаа. Яг л ингээд юм болох юм шиг санагдаад байсан шүү”  гэж хэлжээ. Мөн “манай хүнд битгий их уйлаарай гээрэй. Охиноо нялхаар нь орхилоо доо” гэчихээд дахиж юм дуугараагүй. Ухаан алдах тийшээ болж иржээ.

 

Нөгөө найз нь ингэж байхаар авч давхиад азаа үзье гэж шийдээд кабиндаа хийж арын суудал дээрээ хэвтүүлээд буцаад сум руу давхисан гэнэ. Замд нь нэг ухаан орж араас нь татах шиг болохоор нь харвал “аан явж байна уу” гээд дэмжсэн байдалтай сулхан толгой дохижээ. “Чи яаж байна, зогсох уу” гэхэд толгой сэгсрээд цааш эргэж харсан гэнэ. Сумын төв харагдаад ирэхэд жоохон тайвширсан найз нь зогсоод нөхрийг татаж хартал “Яваад бай хө. Охин дээрээ очьё” гэж сулхан маш хэлсэн гэнэ. Энэ үгийг дараа нь сонссон бүсгүйн зүрхэнд хадаас хатгах шиг л  болж. Хожим талийгчаа өрөвдөн өрөвдөн уйлдаг байсан гэлээ. Тэгтэл сумын төвөөс мотоциклтэй өнөөх нутгийн залуу эмчийгээ суулгачихсан давхиж ирсэн гэнэ. Тэгэхэд нь амьсгал хураачихсан байж дээ.

 

...манай хүн чинь өөртөө их итгэлтэй юманд их зүтгэж хүрэх гэдэг. Геологийнхон чинь нэг тийм мужик байлаа ш дээ тэ. Өвчин хууч ямба яриад байхгүй. Их нөхөрсөг. Тийм л хүн байсан даа.

 

Х- Тэгээд өвчин нь юу байсан бэ?

Э -Нойр булирхай л гэсэн. Дараа нь харамсах юм их сонсогдсоон. Тэр сумын эмч нь төрөх айл руу яваагүй. Хэдүүлээ голын цаахна айлд тоглож байсан байгаа юм. Өөрийг нь явуулын хүн асуугаад байгааг сонссон л байгаа юм. Нөгөө нутгийн залуу ч мэдэж байсан байхгүй юу. Тэгсэн нэлээн удсаны дараа нөгөө хот руу утсаар холбож өгсөн холбооны хүүхэн эмч нь сумандаа байгаа. Сонссон хэрнээ тоглоомондоо улайраад байгааг мэдээд очиж хөөж явуулсан байгаа юм. Тэгээд эмч нөгөө газар заалгасан хар нөхөртэй тэдний араас хөдөлж очсон байгаан. Тэр үед ч социализмийн үе. Сахилга бат хариуцлага гэж мундаг байсан. Тэгээд л асуудал болгосон бол тэр эмч хэцүү л болох байсан байх.

 

Тэгээд өвгөнийхөө ясыг өндөлзүүлээд яахав гээд чимээгүй орхисон. Гэхдээ би өөрт нь хэлсээн тэр эмчид нь “Би охиноо том болохоор нь чам дээр дагуулж энд ирнээ. Чи тэр цагт, тэр өдөр даалуу тоглоод суулгүй байж байсан бол эцгийнх нь амийг аварч болох байсандаа гэж чи гэмшинээ. Хүн юм бол юм харамсана даа” гээд...

 

Х -...Тэгээд дагуулж очсон уу?

Э -Би өнгөрсөн газар нь хэд хэд очсоон. Тэр эмч тэгээд л сураг алдарсан. Удаа ч үгүй шилжсэн байх. Хэн нь тэглээ. 90-ээд онд Орост наймаа хийгээд явж байхтай нь таарсан гээд. Би ч бас тэр үед чинь амьдрах гээд наймаанд их л явдаг байлаа. Таараагүй. Зарим нь өнгөрсөн гэнэ лээ л гэж ярьсан. Хамт явж байгаад өнгөрүүлдэг найз нь хоёр жилийн өмнө өнгөрсөн. Байнга л сураг ажигтай холбоотой байлаа ш дээ. Би нэг гэрт нь очоод. Тэгсэн “Сайхан найзаа эзгүй хээр муутгаад яаж ч чадаагүй алдсан шүү. Ахыгаа уучлаарай” гэж тэр хүн харин миний охиноос уучлалт гуйж байсан шүү. Өнгөрөхөөсөө хэдхэн сарын өмнө манайд ирсэн юм. “Танай талийгч мэдэж байсан шиг би бас мэдээд байнаа хөө. Удахгүй байхаа” гээд явж байсан.

 

Х -Охин чинь энэ түүхийг сонсоод юу гэх үү?

Э -Ер нь бол бас ч гэж бүүр түүрхэн аавыгаа санаад байнаа л гэдэг юм. Би наймдугаар анги төгсөхөд нь бүр яг нарийн ярьж өгсөн. Шөнөжин хоёулаа уйлж суусан. Тэрнээс хойш дахиж энэ талаар яриагүй ээ яршиг. Хүүхдийн сэтгэл сэмлэхийн нэмэр гэж бодоод.

 

Х -Хэцүү түүх байна аа. Өөрөө одоо тэгээд ганцаараа...

Э -Би яах вэ. Туулаад гарсан амьдрал. Тийм даруу дорой хүн байгаагүй юм. Шартай хортой ганцаараа зүтгээд л гарсан...

 

Х -Би уг нь энэ хаварт ч, намарт ч дуртай. Чиний ярьсныг сонссон нээрээ заримдаа их хүнд байдаг шиг санагдчихлаа.

Э -Чи их мэдрэмжтэй хүн юм аа...

 

Ингээд эмэгтэй Драгон хүрээд буусан юм. Ойр төрлийн хөгшчүүл нь хойшоо малтай гарчихдаг. Тэдний хэд дээрээ очихоор гэнэт шийдээд явж байгаа гэнэ. Уг нь такси  аваад “замаараа зээгээ авах гэтэл тэд нар нь шууд цаанаасаа Драгон очьё” гэсэн гэнэ. Тэгээд тэр чигтээ таксидаж бас ч нэлээн хямарсан тул надад хамаг зовлонгоо ярьсан учраа хэллээ. “Охин одоо зээг энд авчирч өгнө. Хөөрхөн ханьтай байдаг юм тэр чинь. Шулганаад л зүгээр...” гэж нүүрэнд нь мишээл тодорсон тэрбээр бүх гунигаа хөөчихсөн мэт дуу орсон чигээр үлдлээ. Цаанаас нь туранхайвтар залуухан царайлаг хүүхэн хүүхэдтэйгээ ирж яваа харагдлаа. Ээждээ тэврүүлсэн охин хавар намарт дургүй эмээ рүүгээ гар сунган тэмүүлээд сүйд...

 

За ингээд түр баяртай гэе дээ. Солонгос орны бүгчим халууныг хүндхэн өдрүүдтэй давж намрыг нь үзээд үр хүүхдээ элэг бүтэн аваад Монгол руугаа буцахаар зэхэж байна. Бүх уншигч нартаа “дэмжсээр байгаарай” гэж хэлье. Бүгдэд нь сайн сайхныг хүсье. 

 

2013 оны 7-р сараас эхэлж хоёр жилийн туршид  алдаа оноотой үргэлжлүүлж буй  миний бичлэгийн 130 дахь дугаар ийн нэгэн эмэгтэйн нэлээн гунигтай түүх хүүрнэснээр хүрлээ.

 

Үргэлжлэл бий... Амралтаа сайхан өнгөрүүлээрэй...

 

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
зэд:
Хаагуур юу хийгээд алга болчихвоо хоовон гуай
2015-09-20
Цнцгээ:
энэ нөхөр одоо цувралаа бичихгүй хаагуур юу хийгээд явна аа
2015-09-20
Зочин:
Sain baina uu bayrhuu ahaa ta mashin avchirch tavihgui yumuu
2015-09-18
Зочинnergui:
Vvhsjsisksksbxbxkosowu
2015-09-18
nergui:
Gkkzbjx
2015-09-18
Zorigoo:
Tanii niitleluud unshih durtai shuu amjilt husey
2015-09-15
zochin:
Яасан бэ 2 долоо хоног алга
2015-09-11
Зочин:
Setgegdel n haragdahgvi yum
2015-09-10
63-60UNB:
Sain baina uu hoovon guai ta hezee solongosoos ireh yum be mashin avchirch tavihgui yumuu orlogo ni hetsuudeed bn yaraltai holboo barinuu
2015-09-08
hudalch hoovon:
hoovon guai 2ulaa neg l udur taarna shuu
2015-09-08
nergui:
Hoovon chi haana bgn yum be hu
2015-09-06
Бимаа:
Сайнуу Хоовон, бие нь сайнуу, Би нэг хэсэг амралт энэ тэр гээд уншаагүй харин 129 уншсаад богино сэтгэгдэл үлдээсэн боловч ороогүй байсан, ямарч байсан уншаад л байгаа, Сүүлчийн эгчийг уншаад зүрх эмтэрлээ, гэхдээ сэтгэлийн тэнхээтэй сайхан хүн юмаа, за амжилт хүсье
2015-08-30
munkhuu:
за даа юм бичнэ гэдэг амар ажил биш шүү, цаг зав ч их орно, дээр нь найруулга, утга агуулгыг гаргах гээд ярвигтай. Би нэг хэсэг улаан блогчин байлаа, хаа ч явсан биччихмээр юм юу байна гээд л явдагсан, гадаадад байдаг болохоор тэр талаараа л, ажил төрөл найз нөхдийн тухай бичнэ, хүмүүс их сонирхдог байлаа, одоо больсоон, завгүй болсон. Тэр үед их завтай байж дээ. Хоовонд цаг наргүй ажлынхаа зав чөлөөгөөр сонирхолтой нийтлэлүүд бичдэгт баярлалаа.
2015-08-29
Тулуй:
Хоовон сайн шүү
2015-08-28
Hn:
Huniig uurteiguu adilhan bodohoo bolio. Chi le hudal huurmagaar amidardag baih. Horvod unen yum gej egel humuust bdag yum. Taalgdahgui bol unshihaa bolioch. Zaaval ingej uuriguu zowooj har energy tsugluulj unshij yana ve chi.
2015-08-28
Er hun...:
Сайн байцгаана уу залуусаа сүүлийн үед ажил ихтэй Хоовонгийнхоо бичсэнийг уншсаар л байлаа гэхдээ хариу бичиж төвдсөнгүй. Намар намарт гуниг төрдөг нэг тийм хүнд болчихдог юм... Ойрын өдрүүдэд амьсгаа дээгүүр өнгөрё байна Том охин 3-р ангид дунд охин 1-р ангид орох гээд л бага нь бэлтгэл бүлэгтээ орох гээд л эхнэр бид 2 хэд хоног гадуур гүйж хичээлийнхэн хэрэгсэлийг бэлдэж дуусаад сууж байна даа. Шаргал намрын уртхан өдрүүдийг хаяа нэг гуниглан өнгөрүүлж аавыгаа алдсан тэр өдрийг санан санан сэтгэл сэмэрдэг шүү. Эцэг хүн явах өдрөө мэддэг мэдэрдэг гэдэгт би итгэгэдэг магадгүй надад ингэх үе ирэх л байх,,, Амьдарлын түмэн нугачааг сөрж ч явсан дагаж ч явсан мөчүүд буурал дээдсүүдтэй минь өнгөрч тэр их сэтгэлийн тэвчээрийг одоо цагт гаргах нэг нь хир их байгаа бол гэдэгээс айдаг... Буурал өвгөдүүд минь багассаар л ...
2015-08-28
zochin:
hudlaa baahn yum evluulj bicheed, saaand orsonoo zohiogood baahn icjeh yumaa, odoo chi bolio
2015-08-28
Hn:
Huniig uurteiguu adilhan bodohoo bolio. Chi le hudal huurmagaar amidardag baih. Horvod unen yum gej egel humuust bdag yum. Taalgdahgui bol unshihaa bolioch. Zaaval ingej uuriguu zowooj har energy tsugluulj unshij yana ve chi.
уншигч:
Наадам дөхөөд гэж байснаа юу болоод драп каракул болоод явчихваа хоовоон
2015-08-28
irgen:
Amjilt husii
2015-08-28
Тэнгис:
Чиний бичснийг унших дуртай шүү. 129 ийн үргэлжлэлийг хүлээж байлаа. Сэтгэл сэмэрмээр түүх байна. Анзаарсан юм гэвэл наадам дөхчихсөн байхад каракул захтай драпан пальто өмсчихсөн байсан гэдэг нь сонин санагдлаа. Эгч хугацааны хувьд жоохон андуурсан байх л да. Ажлын амжилт хүсье. Хоовоон
2015-08-28