Малайзчууд Ерөнхий сайдаа огцрохыг шаардав
2015-08-30

 

Малайзын нийслэл Куала Лампур хотноо олон мянган хүн Ерөнхий сайд Нажаб Разакийг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр энэхүү жагсаалд ойролцоогоор 25 мянган хүн оролцож байгаа гэв.

 

Жагсагчид Ерөнхий сайдыг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн буруутгаж, ажлаа дараагийн хүндээ шилжүүлэхийг шаардсан байна. Өнгөрөгч зургаадугаар сард нэгэн хэвлэл 2009 оны есдүгээр сард үл мэдэгдэх гадаадын ивээн тэтгэгч Ерөнхий сайдын хувийн данс руу 700 сая ам.долларыг шилжүүлсэн болохыг нийтэд зарласан юм. Энэхүү дуулианы дараа Разак өөрийн орлогч болон санхүүгийн дэд сайдаа ажлаас нь чөлөөлсөн билээ. Жагсагчид түүнийг албан тушаалаа авч үлдэхийн тулд орлогч, сайдыг золиосны хүн болголоо хэмээн буруутгаж, албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна.  Куала Лампур хотноо болж буй эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжиж буй бөгөөд жагсагчид Разакийг огцрох хүртэл тэмцлээ үргэлжүүлэхээ Засгийн газартаа мэдэгджээ.

 

Сураггүй алга болсон “МН370” онгоц болон Украины зүүн хязгаарт осолдсон “МН17” онгоцны сүйрлийн дараагаас Разакийн нэр хүнд огцом унажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин