Бангкок: Гэмт этгээдийг баривчилжээ
2015-08-31

Тайландын нийслэл Бангкок хотын төвд байрлах “The Erawan” бунхны дэргэд гэмт этгээд халдлага зохион байгуулж, 22 хүний аминд хүрсэн билээ. Дэлбэрэлтийн үеэр 101 хүн гэмтэж, бэртсэн юм. Бангкокийн цагдаа нар халдлагатай холбоотой хэмээн хоёр иргэнийг баривчилсан ч өнгөрсөн долоо хоногийн эхээр хэрэгт холбогдолгүй хэмээн суллажээ. Тэд халдлагын үеэр гэмт этгээдийн хажууд зогсч байсан учир ийнхүү баригдсан байна.

 

Бунхны дэргэд байршуулсан хяналтын камерын тусламжтай халдлага үйлдсэн этгээдийн гадаад төрхийг тодорхойлоод байгаа юм. Цагдаа нар халдлага үйлдэгчийг 180 см өндөртэй гадаадын иргэн хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл цагдаа нар өнгөрсөн амралтын өдөр халдлагатай холбоотой байх магадлалтай 28 настай эрэгтэйг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Гэмт этгээдийг Нонг Жок гэдэг. Түүнийг Бангкок хотын захын хорооллоос баривчилжээ. Жокийг орогнож байсан газраас галт зэвсэг, их хэмжээний тэсрэх бодис илрүүлж хураан авсан тухай Тайландын цэргийн генерал Удомдеж Ситабутр мэдэгдсэн байна. Гэхдээ баригдсан залуу халдлагын үеэр хяналтын камерт бичигдсан шар футболктой эр биш гэдгийг генерал мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин