Дэлхийн 67 орны төлөөлөгчид сонгуулийн асуудлаар чуулав
2015-08-31

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны 2 дугаар их хурал болон “Сонгуулийн нэгдмэл байдлыг хангахад сонгуулийн байгууллагын гүйцэтгэх үүрэг ба тулгарч буй асуудлууд” сэдэвт бага хурал Доминикан улсын Санто Доминго хотноо энэ сарын 18-22-ны өдрүүдэд болж өндөрлөв. Дээрх хурлын нээлтийн ажиллагаанд Доминикан улсын Ерөнхийлөгч Данило Медина, тус улсын Сенатын зөвлөлийн дарга, Үндсэн хуулийн шүүхийн дарга, Сонгуулийн дээд шүүхийн дарга зэрэг албан ёсны хүмүүс оролцов. Тус их хуралд дэлхийн 67 орны 200 гаруй төлөөлөгч түүний дотор Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөгчид оролцов.

 

Их хурлаар шинээр гишүүн болохоор хүсэлт гаргасан 8 улсын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээс гадна дээрх холбооны дүрэмд  өөрчлөлт оруулах, гишүүнчлэлийн жилийн татварын хэмжээ, ДСБА-аас цаашид хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

 

Сонгуулийн ардчиллын чанар, сонгуулийн байгууллагын үүрэг, сонгуулийн төсөв, санхүүгийн хараат бус байдлын ач холбогдол, сонгуулийн хууль эрх зүй, нам болон хувь хүний хандивын үр нөлөө, сонгуулийн санхүүжилтийн нээлттэй байдал ба эргэн тайлагнах хариуцлага тооцох зарчим, сонгуулийн үйл явц дахь технологийн хувьсгал, түүний үр нөлөө, мэдээллийн ил тод байдал, хяналтын менежмент, санал өгөх үйл явц, сонгууль дахь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх, үүрэг, хяналт зэрэг тулгамдсан асуудлаар  салбар хуралдаан болов.

 

Хурлын үеэр БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Лий Ин Бүүк Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны даргын үүрэгт ажлаа Доминикан улсын Сонгуулийн төв хорооны дарга Розарио Маркест шилжүүлэн өгөв. Хоёр жил тутам хуралддаг тус байгууллагын дараагийн их хурал Румын улсад болно.

Shuud.mn
Сонин хачин