Сэтгүүлчдэд уучлалт үзүүлэхийг хүсчээ
2015-08-31

Египетийн шүүх “Al-Jazeera” телевизийн гурван сэтгүүлчийг 7-10 жил шоронд хорих ялаар шийтгэсэн билээ. Сэтгүүлчдийг Египетийн эсрэг үйл ажиллагаа явуулж, иргэдийг жагсаал, алан хядах ажиллагаанд уриалан дуудсан материал, нийтлэл нийтэлсэн, Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн дэмжигчид гэгддэг “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг дэмжсэн хэмээн буруутгаж, ялласан тухай олон улсад мэдэгдсэн юм. Канадын иргэн Мухаммед Фахми, Египетийн иргэн Бахер Мухаммед, Австралийн иргэн Петер Гресте нарыг өнгөрсөн онд баривчилсан ч гадны иргэншилтэй хоёр сэтгүүлчийг өнгөрсөн хоёрдугаар сард батлан даалтад суллаад байсан.

 

Мухаммед Фахмигийн өмгөөлөгч Амал Клуни өчигдөр Британийн “ВВС” агентлагийн сэтгүүлч Лусе Доусеттэй ярилцах үедээ Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси бүрэн эрхийнхээ хүрээнд хилс хэргээр ял сонссон сэтгүүлчдийг уучилж, суллахыг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Амал “Египетийн шүүх хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж, сэтгүүлчдийг торны цаана хорих нь хууль бус. Бичсэн нийтлэл, мэдээнийхээ төлөө “Al-Jazeera”-ийн сэтгүүлчид хоригдох ёсгүй. Өнөөдөр бид тууштай тэмцэхгүй бол цаашид хэдэн сэтгүүлч, хэвлэлийн ажилтан бичсэн, нийтэлсэн зүйлийнхээ төлөө хорих ял сонсох бол. Бидний эцсийн найдвар бол Ерөнхийлөгч Сиси. Түүнээс сэтгүүлчдэд уучлалт үзүүлэхийг хүсч байна. Сэтгүүлчид эрх чөлөөтэй болох хүртэл тэмцсээр байх болно” гэж хэлжээ.

 

Гадаадын сэтгүүлчид батлан даалтаар суллагдах үед Ерөнхийлөгч Сиси “Хэвлэн нийтлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн эрх, эрх чөлөөг боомилох нь шударга бус явдал” гэж мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин