Куала Лампурын төв замуудыг хаахаа мэдэгдлээ
2015-08-31

Малайзын нийслэл Куала Лампур хотноо олон мянган иргэн гурав дахь өдрөө Ерөнхий сайд Нажаб Разакийг огцрохыг шаардан жагсч байна. Жагсагчид шар өнгийн футболкоор жигдэрч, “Авлига авч, ард түмнээ хохироодог Разак төрөөс зайл” гэх лоозон барьцгаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд “Разак өөрийн хүсэлтээр суудлаа тавьж өгөхгүй бол маргаашнаас эхэлж төв замуудыг хааж, хөдөлгөөнд саад учруулах болно” гэсэн байна.

 

Энэхүү жагсаалд тус улсын Ерөнхий сайд асан Махатир Мухаммед нэгдсэн байна. Тэрбээр “Ардаа хуурдаг удирдагч Малайзад хэрэггүй” гэж мэдэгджээ. Жагсагчид Ерөнхий сайдыг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн буруутгаж байгаа юм. Учир нь өнгөрөгч зургаадугаар сард нэгэн хэвлэл 2009 оны есдүгээр сард үл мэдэгдэх гадаадын ивээн тэтгэгч Ерөнхий сайдын хувийн данс руу 700 сая ам.доллар шилжүүлсэн болохыг нийтэд зарласан юм. Разак өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд авлига авч, ажлын хариуцлага алдсан хэмээн орлогчоо халжээ.

 

Куала Лампур хотноо болж буй эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан интернэт хэрэглэгчид Разакийн нэр хүндэд халдаж эхэлсэн тухай цагдаагийн газраас мэдээлсэн байна. Мөн иргэдийн сэтгэл санааг өөрчилж, хүчирхийлэлд уриалан дуудсан 100 гаруй сайт, блог хаягийн эздэд анхааруулга өгчээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр “Дээрх жагсаалд “МН370”, “МН17” онгоцны зорчигчдын гэр бүл нэгдэхээр төлөвлөж байгаа” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин