Улааныхан ба Цэнхэрийнхэн
2015-09-01

“Гурван  өдөр үргэлжилсэн "Хонгорын залуус бид хамтдаа" 1000 залуусын чуулганд 1250 гаруй залуус оролцлоо” гэсэн жиргээ байна. Зургийг нь харвал улаан голдуу буюу МАН-ын залуусын байгууллагын билэг тэмдгийн өнгөөр ижилссэн залуус. Хонгорынхон МАН-тай хамтдаа л гэсэн юм болов уу гэж харагдана.

 

Үүнээс хэдхэн хоногийн өмнө хаяа залгаа Өвөрхангайн залуус Элсэн тасархайдаа цуглан бие биесээсээ суралцан туршлага мэдлэгээ хуваалцсан тухай мэдээ гарч харагдсан. Цэнхэр өнгөөр л жигдэрсэн байх. Өвөрхангайн залуус бол АН-аа түшье гэжээ хэмээн бодогдохоор. Баянхонгорын залуусыг улаан өнгөнд жигдрүүлсэн хүн нь Их хурлын гишүүн байсан Г.Занданшатар бол Өвөрхангайн цэнхэр өнгийн жигдрэлтийг Г.Батхүү гишүүн гардсан бололтой.

 

Ийнхүү улс төрийн намуудын “улаан зүтгэлтэн бэлтгэх” хичээлийн жилийн нээлт ч 9 сарын 1-нтэй уралдан явагджээ.

 

Аймаг сум, баг хороогоор нь залуусаа хувааж аваад жаал наадуулж тоглуулсан бас яриа хэлэлцүүлэг өрнүүлсэн гэв. Хол зайтай амьдардаг нутгийн залуусын уулзахын баярыг улс төржүүлэх гэсэнгүй. Гэхдээ бодох харах зүйл энд бий. Хөдөөгийн бор залуу “эндээ худаг гаргачихья” гэхээр нь наашаа хардаггүй дээдчүүд иймэрхүү аминчхан уулзалтад намын илгээлтээр очиж тулж ажиллаж байна.

 

Үүний цаана “Намаа дэмжээрэй, ахыгаа бодоорой” л гэдэг арга хэмжээ зохиогдож байгаа нь тодорхой. Тусгай хөтөлбөртэй, уралдаан тэмцээнтэй, төсөв мөнгөтэй ийм уулзалтууд урьдын адил залуусыг “улааныхан ба цэнхэрийнхэн” гэсэн хуваагдалд дуудаж байгааг үгүйсгэх аргагүй. Нутгаа сахиж хот явчихаагүй залуусыг жалга дов дотроо танай манай нам болох талцаанд хийж өгч байгаа нь ч нууц биш.

 

 

Намууд хатуу гишүүнчлэлээсээ татгалзья гэж ярих ч намын батлахаараа залуусыг хатуу гишүүнчлэлд хийсээр байгаагийн илрэл энэ. Сонгууль дөхөхөөр бошгыг халах залуучуудын хөдөлгөөнийг сэргээдэг нь гарт нь орсон ажил болсон. Наадмын араас залгуулсан намуудын “залуус” ажиллагаанаас сум орноо хөгжүүлэх тухайд ингэж тэгж ярилаа, ийм зүйл хийхээр нэгдлээ гэсэн алга ташаад урам өгчихөөр уриа  тунхаг сонсогдохгүй юм. Газар газраас зардал мөнгийг нь дааж залж авчирсан улстөрчид тэднийг зүгээр нэг олс татаж тоглуулж, хорхог хийх тэмцээн зохиож өгөөд тараагаагүй  л байх.

 

 

Гэрийн сүүдэрт шагай хаяж тоглож, адууны захад амь нэгтэй өссөн айл саахалтын хоёр найз ингээд улаан цэнхэр туйлд гарчихаж байгаа юм. Өөр өөрийн өнгөтэй “футболкоо” өмсөөд хэн нь юу хожихоо харах, улс төрийн карьераа эхлүүлж буй хэрэг. Хэн нь намдаа үнэнч болохоо харуулж сонгуулиар эргэлт буцалтгүй дэмжих гарын үсгээ ийм уулзалт дээр биеэр өгчихсөнтэй адил. Малынх нь захад ч залуусыг зүгээр байлгадаггүй энэ их улс төржилт, нам дагасан хуваагдал явсаар Монголын хагарал болж ужиграх бий дээ.

 

Олон жил намдаа үнэнч байх хатуу сонголт хийсний балгаар өдгөө бид татаж гаргаж дарж авч болдоггүй. Бас хоорондоо эвээ олоод ажиллаж чаддаггүй 76 түшээдтэй болчихоод байж байна. Бид өдрөөс өдөрт эвдэрлийн гогцоо нь хаанаа зангирсан нь үл ойлгогдох хуваагдалт орчихоод байгаа. Бий болсон их талцал төрийн тархи барьж цус харвалт өгдөг дээрээ ирчихээд байгааг бид мөн харж байна. 

 

Засаг төр нь тэрний хүн, эдний фракц гэж хуваагдана. Өөрийн элссэн бүлэг фракцынхаа ямар ч хуйвалдаан луйврыг ил далд зөвшөөрнө. Хатуухан хэлэхэд, ивээн туслагч, дагасан даргынхаа өмнөөс хүндрэхээс бусдыг хийж байна. Их хурлыг тараая гэвэл гараад л одоо тарцгаая гэнэ. Энийг нь гацаая гэвэл амархаан л гэнэ. Өнөөдөр төрд гарчихсан улстөрчид, төрийн албан хаагчид бараг бүгд л дээр цохон дурдсан “залуус” ажиллагаатай төстэй тархи угаах дамжаанаас ялгарч гарсан “онцчууд” гэдгийг батлахад тийм хэцүү биш. Захаас нь хэнийг ч хамаагүй сонгоод улс төрийн замнал намтрыг товч дурдахад л хангалттай.

 

 

Төрийн минь жолоог атгалзаж байгаа ухаантнууд, түүний бодлогыг барьж яваа эрхмүүдэд бор зүрхээрээ боловсрол мэдлэг эзэмшээд, цэвэр зүтгэл ур чадвараар шударга шалгуур давж, ёс зүйн хэм хэмжээгээрээ хүлээн зөвшөөрөгдөөд гараад ирсэн хүнийг нэрлэх гэвэл нэлээн гацаж зулгуйдаж байж нэг хоёр хүнийг хэлэх байх. Намуудын идэвхийлэн хийдэг энэхүү “залуус” арга хэмжээ нэг талаас байж болох улс төрийн ажиллагаа. Гэвч цөөхөн монголчуудын хувьд талцал болох халтай. Нэг нутгийн залуусын уулзалт явсаар гэмгүй сайхан залуусыг намын дөнгөнд хийж, тархийг нь бохирдуулах хорт муу үр дагавар үлдээдэг гэхэд хатуудсан болохгүй. 

 

Аавын хүүгийн ухаантайг нь биш арай хөрөнгө бэлтэй, цайрсан  зулгуйг нь татаж гаргаад багийн даргаас аймгийн саарал ордон хүртэл өгсүүлчихэж байна. Цаана нь төрийн ордны босго ойрхон харагдаад ирэхэд хүн чанараа гээж эхэлнэ. Ийн нутгаа хөгжүүлэх уриатай эхэлсэн багийн залуусын уулзалтууд намаа дэмжих бошгыг халах хөдөлгөөн болж залуусыг танигдахгүй болтол нь өөрчилдөг шүү. Энд саяхан хурлаа хийсэн Залуучуудын байгууллагыг дайруулаагүй гэдгийг тухайлан хэлье.

Энэ бүхний ард тэмдэглэхэд төрийг сульдаасан талцлын “автор” нь одоогийн том гэсэн тодотголтой хоёр нам гэдэг нь маргаангүй юм.

 

Төрийн яамд ч тэр даргын хүн, тэр сайдын баг гэж хуваагдана. Тэрнийхээ төлөө нөгөө багийнхныг цусгүй алах ажиллагааг байнга боловсруулж хэрэгжүүлнэ. Үүнийг нь дагаад нам дагасан төрийн түшмэдүүд ховын шүүр барьсан нисдэг шулам лугаа болж  мөнгөтэй “поошиг” хөлөглөн яам төрийн ордон хоёрын дунд албан тушаал горилох агаарын зам нээчихээд байна.     

 

Залуу минь, Чи хаана амьдарч байгаа хэн ч байлаа гэсэн өөрийн бодолтой байгаарай, Залуу минь. Бид чөлөөт ардчилсан сонгууль өгч намуудыг сонгох болсон тэр цагаас чөлөөтэй сэтгэж өөрийнхөөрөө байх л хамгийн хэцүү болсон 25 жилийг үдсэн байна шүү. Сонгуулиа ч энэхүү намын харьяалал гэдэг нөлөөн дор хийж ирсэн. Тусгал нь одоо гарч төр нийгмийг бүхэлд хамарсан хямрал нүүрлэчихээд байгааг ядаж зөвшөөрцгөөе. Иргэн бүр аль нэг нам бус “Миний гэр бүл, Миний эх орон” гэдэг эрхэм зүйлийнхээ эрэмбийг дагаж МОНГОЛ гэсэн зургаан үсгээрээ гоёх бус нэгдэх цаг ирснийг хэлэх юун.

 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Kommunistuudyn uvchin haldvartai. Ulaan futbolktoi ni ulaanhamgaalagchid orchin uyiin Korchagin, etsgiigee hovolj aluuldag Morozov
2015-09-01
бибид:
яг їнэн.Энэ бїхнийг АН эхлїїлсэн.Бїх тїїх урлаг руу дайрч эхлїїлсэн.Бат-Їїл одоо аавынхаа нэрийг солиулах хэрэгтэй.Социализмын їеийн нэрийг солих шаардлагатай
2015-09-01
zochin:
Bayar xurgie. Yag unen shuu. Zaluusiig xorloj bna. Uunii orond erdem nomtoi bolgoxson
2015-09-01