Жагсагчид руу бөмбөг шидсэн этгээдийг баривчилжээ
2015-09-02

Салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүс нутгуудад илүү эрх мэдэл олгох шинэчлэлтийг Украины Үндсэн хуульд оруулах эсэхийг тус улсын хууль тогтоогчид хэлэлцсэнээс болж Киев хотноо эмх замбараагүй байдал үүсч, олон зуун хүн гэмтэж бэртсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжиж буй бөгөөд ойролцоогоор 3000 хүн нэгдсэн байна. Жагсаалын үеэр 30 орчим насны эр парламентын ордны гаднах талбай руу тэсрэх бөмбөг шидснээс болж нэг хүн амиа алдаж, 131 хүн гэмтжээ.

 

Ерөнхийлөгч Петр Порошенко жагсагчид руу тэсрэх бөмбөг шидсэн этгээдийг баривчилж, шударга шүүхийн өмнө авчрахыг хууль сахиулах байгууллагын удирдлагуудад үүрэгджээ. Киев хотноо эмх замбараагүй байдал үүсч, жагсагчид төв замын хөдөлгөөнд саад учруулж эхэлсэн байна.

 

Дотоод хэргийн сайд Арсен Аваков “Иргэд рүү бөмбөг шидсэн этгээдэд ямар хүн захиалга өгснийг тодруулахаар ажиллаж байна. Мөрдлөгийн явцад бөмбөг тэсэлсэн этгээдийг “Свобода” намын гишүүн болохыг тогтоосон байгаа. Тэрбээр сайн дураараа салан тусгаарлагчдын талд тулалдаж байсан” гэж хэлжээ.

 

Үндсэн хуульд оруулахаар зэхэж буй хуулийн төслийг урьдчилсан байдлаар 450 гишүүний 265 нь дэмжсэн байна. Ирэх арванхоёрдугаар сард эцсийн санал хураалтыг явуулахаар болжээ. Парламентын нийт гишүүний 300-аас дээш нь энэхүү хуулийг дэмжвэл, салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүс нутгууд шинэ хууль хэрэгжиж эхлэх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин