Л.Гансүх нарын шүүх хурал дахин хойшиллоо
2015-09-02

Гэрэл зургийг MPA.MN

 

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгаж буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал дахин хойшиллоо.

 

Энэ удаагийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцохоор ирсэн юм. Харин түүнээс гадна бас нэгэн гэрч оролцох ёстой байсан. Гэвч гэрч дутуу учраас Л.Гансүхийн өмгөөлөгчид  шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

 

Ингэснээр түүний шүүх хурал дөрөв дэх удаа хойшилж байна. Өмнөх шүүх хуралд шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнд баахан хүсэлт тавьснаар хойшилсон бол энэ удаад гэрч шүүх хуралд ирээгүй гэсэн шалтгаанаар хойшлов. 

 

Шүүх хурал энэ сарын 10-ны өдөр 10 цагаас эхлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн товлолоо.

 

Тэднийг Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутгаад байгаа юм. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хурлын үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан.

 

Тэгвэл түүний хүсэлтэд "Таны хүсэлтэд дурьдсан Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах боломж бүрэн нээлттэй. Гагцхүү дээрх харилцааг хэрэгжүүлэхдээ шүүх, Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахих, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний хувийн болон гэр бүл, захидал харицлааны нууц, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хууль ёсны зарчмыг тууштай баримтлах үүрэгтэй" гэсэн хариуг хүргүүлсэн билээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Өршөөлийн хууль харж горьдоод л...
2015-09-02