Бангкок: Гол сэжигтэнг баривчилжээ
2015-09-02

Бангкокын цагдаа нар бунхны дэргэд халдлага үйлдсэн хэмээн өчигдөр 19.00 цагийн орчимд Камбож улстай хил залгаа орших Сакэу мужаас нэгэн эрэгтэйг баривчилсан билээ. Залуу баригдах үедээ өөрийгөө хяналтын камерт бичигдсэн шар футболктой эр биш хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Прают Чан-Оча Камбожийн хилээс баригдсан эрийг шар футболктой эр буюу халдлагын гол сэжигтэн хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Цагдаа нар үүргээ амжилттай гүйцэтгэж, гол сэжигтэнг баривчилсан” гэж хэлжээ.

 

Халдлага болохоос өмнө шар футболктой эр бунхан руу гар цүнхтэй орж байгаа нь хяналтын камерт бичигдсэн юм. Тэрбээр дэлбэрэлт болохоос хоёр минутын өмнө бунхнаас гарч явсан бөгөөд удалгүй хүчтэй дэлбэрэлт болжээ. Цагдаа нар шар футболктой эрийн хамсаатан хэмээн Турк улсын иргэн Адем Карада гэгчийг баривчлаад байгаа. Түүний гэрээс тэсрэх бөмбөг, галт зэвсгийг олсон юм.

 

Цагдаа нар нэгэн барилга дотроос тэсрэх бөмбөг үйлдвэрлэсэн материалыг олж, байрны эзэд болох эрэгтэй, эмэгтэй хоёрыг орон даяар эрэн сурвалжилж, гэрэл зургийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад байгаа. Тэсрэх бөмбөг үйлдвэрлэсэн гэгдээд буй эмэгтэй Тайландын иргэн бөгөөд нэрийг нь Уанна Суансан гэдэг байна. Тэрбээр Турк улсад амьдардаг бөгөөд гурван сарын өмнө Бангкок хотноо иржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин