Шинэ нисэх буудлын ажлын гүйцэтгэл 48 хувьтай байна
2015-09-02

Япон Улсын Засгийн газрын  хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд  барьж байгуулж байгаа билээ.

 

 Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд том оврын хүнд даацын онгоц хөөрч буух зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай /перрон/, бие даасан ус, дулаан, цахилгаан эрчим хүчний хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, нисэх онгоцыг газрын тоног төхөөрөмжөөр үйлчлэх болон гал гарсан үед унтраах албаны барилга, Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний /карго/ барилга, онгоцыг шатахуунаар цэнэглэх газар доорхи гидрант систем, 8000 тн багтаамж бүхий шатахууны агуулах сав, борооны болон үерийн уснаас хамгаалах далан суваг зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдэж байгаа юм.

 

Одоогийн байдлаар шинэ нисэх буудлыг барьж байгуулахад хийх газар шорооны ажлын 97 хувийг гүйцэтгээд байна. Тодруулбал, өнгөрөгч сарын 10-ны байдлаар төслийн нийт хэрэгжилт 48.6 хувь буюу бараг хоёр хувиар давуулан биелүүлсэн байна.

 

Агаарын хөлөг хөөрч, буух зурвасын бетон цутгалтыг энэ оны 7 сард бүрэн дуусган явгалах замын бетон цутгалтын ажлыг эхлүүлж ажил эрчимтэй явж байна. Зорчигч үйлчилгээний барилгад холбогдох гүүрэн байгууламжийн ажилд 204.1 мянган куб.м бетон, төмөрбетон цутгах ажлын 61 шахам хувийг гүйцэтгэжээ.. Зорчигч үйлчилгээний барилгын төмөр бетон угсралтын ажлыг энэ оны 6 дугаар сард бүрэн дуусган бусад үндсэн барилга байгууламжуудын төмөрбетон каркас цутгах ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. 

 

Япон Улсаас авсан хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын Засгийн газар хоёр талын эх үүсвэртэй 110 кВ-ийн цахилгаан дамжуулах шугам, барих ажлыг 2011 онд эхлүүлж Налайх талын 48.5 км цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг угсрах ажлыг дуусгаж 2014 оны 2-р сард ашиглалтад оруулсанаар төслийн ажлыг гүйцэтгэх байгууллагуудыг цахилгаан эрчим хүчээр  бүрэн хангаж байна.

 

Сонгино талын хоёр хэлхээтэй 110 кВ-ын 34.5 км цахилгаан дамжуулах шугмын ажил дууссан, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барих дэд станцыг ашиглалтад ороход холбохоор хүлээж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар холбоо, мэдээлийн 24 кор-ийн шилэн кабель татах ажлыг 2013 оны 8-р сард гүйцэтгэж ашиглалтад оруулсанаар шинэ нисэх буудалд интернет, бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдсэн. Нисэх буудлыг үерээс хамгаалах 9.8 км далан, сувгийн байгууламжийг барьж байгуулан ашиглалт хүлээлгэн өгөхөд бэлэн болгоод байна. Шинэ нисэх буудлыг хурдны авто замаар холбох асуудлыг Монгол Улсын Засгийн газар анхаарч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан болно.

 

Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр Японы “Мицүбиши”, “Чиёода” компаниудын түншлэл, Ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани  ажиллаж байна. Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын “Delta”, “Buti”, ”Mez Res”, “OTK”, ND, Геокад, IT ZONE зэрэг 30 шахам дотоодын компани, Япон, БНСУ, Хятад, Чех улсын дангаараа болон хамтарсан хөрөнгө оруулалттай 30 шахам компаний мэргэжлийн өндөр ур чадвартай 1800 гаруй ажилчид, инженерүүд гар бие оролцон ажиллаж  байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин