Хууль бусаар алт олборлогчид олширчээ
2015-09-03

Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед хууль бусаар алт олборлогчид олширсон талаар албаны эх сурвалж мэдээллэв.

 

Тухайлбал,  Увс аймгийн Тариалан сумын нутаг, Гэдэг хэмээх газарт энэ оны зургаадугаар сарын сүүлчээс эхлэн бичил уурхай эрхлэгчид, нөхөрлөлүүд хууль бусаар голын голдирол өөрчилж, алт олборлож эхэлжээ. Тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож, техник хэрэгслийг нь лацдан, акт тогтоосон байна. Шалгалтын явцад алт олборлогчид Тариалан сумтай гэрээ байгуулж зөвшөөрөл авсан гэж байсан ч уг гэрээн дээр ашигт малтмал олборлох газрыг зааж өгөөгүй байжээ. 

 


Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг Тариалан сумын Засаг дарга С.Цолмонд хүргүүлсэн байна. Ашигт малтмалын газраас Тариалан суманд бичил уурхайн зориулалтаар ашиглагдах 35,1 га газрын дүгнэлт ирсэн хэдий ч алт олборлож буй тус газар үүнд багтаагүй аж. Алт олборлогчид лацыг хөндөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тул Мэргэжлийн хяналтын газраас хууль бус алт олборлогчдын хөндсөн газрын хэмжээ, хохирлыг тодорхойлох, албадан нүүлгэх арга хэмжээ авахуулахаар холбогдох газруудад хандсан байна.



Долдугаар сарын 17-нд аймгийн Засаг дарга захирамж гарган Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, алт олборлогчдыг шалгаж, хууль бус үйлдлийг таслан зогсоожээ. Гэвч хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагчийн лацыг хөндсөн, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан нөхөрлөл, иргэдийг албадан нүүлгэх тухай албан тоотыг наймдугаар сарын 11-нд гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүргүүлээд байгаа аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Төр:
Төр засаг ажлийн байр гаргаж өгөхгүй бол өлсөж үхэлтэй биш алт ухахаас өөр яах билээ.тэр алтыг хэн нэгэн танилтай авилагч нөхөр хэзээ нэгэн цагт ухах нь тодорхой.гадаад иргэн ч ухаж л байдаг алтыг монгол хүн ухахд юу нь болохгүй гэж
2019-08-04
Zochin:
Ene humuusiin tolgoilogch n aimgiin ardchilsan namd haryatai humuus l bdag sh dee horig tawij hariutclaga tootsno gesench hen n ch hariutclaga huleehgui
2015-09-04