Спикерүүдийн бага хурал өндөрлөв

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцлоо. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцсон талаарх багц мэдээллийг толилуулж байна.
2015 оны 8 дугаар сарын 31. Даваа гараг
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзалт хийв
Уулзалтын эхэнд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима хэлэхдээ, Нью-Йорк хотноо Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг тохиолдуулан тантай уулзах завшаан олдсонд туйлын баяртай байна.
Таны өнгөрсөн хоёрдугаар сард Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан. Хоёр орны парламентын бүлгүүд хоёр улсын харилцааны гүүр болон ажиллаж ирснийг мөн дурдах хэрэгтэй. Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярыг өнгөрсөн долдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх үеэр манай улсыг төлөөлөн төлөөлөгч оролцсон. Хоёр орны хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцаанд бид өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж буйгаа онцоллоо.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хурлын үеэр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Япон Улстай найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ