”Намын дарга дэмжинэ гэдэгт итгэж байна”

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын нэрийг өргөн барилаа. Тэрбээр УИХ-ын дэд даргад сайд нарын нэрээ өргөн барьсаны дараагаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:
-Үндсэн хуулийн 39.3, Засгийн газрын тухай хуулийн 23.1.1 дэхь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд миний бие өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох саналаа УИХ-д өргөн мэдүүллээ.
Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болор, БОНХАЖ-ын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нарыг нэр дэвшүүлсэн. Мөн БХБ-ын сайдаар З.Баянсэлэнгэ, Зам тээврийн сайдаар М.Зоригт, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайхан нарын нэрийг өргөн барьсан.
АН-ын дүрмээр бол эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болдог. Одоогоор энэ хоёр албан тушаалыг хоёр өөр хүн хашиж байгаа. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд би сайд нарын нэрсийг өргөн мэдүүллээ. Намын дарга УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна. Ирэх долоо хоногт УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлана. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хоригоос гадна Засгийн газрын зарим сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ