Засаг бүрдүүлэх завсрын сайдуудыг дэмжих үү
2015-09-07

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ.  Спикерийн эзгүйд шинээр томилох сайд нарын нэрсийг Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан.  Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Засгийн газрын сайд нарыг томилох, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ гэсэн хоёрхон асуудал багтсан.

 

Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд парламент хоёр дахь удаагаа ээлжит бус чуулганыг зарлаж байна. Өмнөх ээлжит бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай, Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг тус тус баталж, Засгийн газрын зарим сайд нарыг огцруулсан.  Ээлжит бус чуулганы хооронд  Засгийн газрын танхимын бүрэлдэхүүн дутуу, зарим сайдууд  давхар алба хашиж, сайдгүй яаманд  үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байлаа.  Батлагдсан Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьж,  шинэ сайдуудын томилогоог явуулахаар дахин ээлжит бус чуулган зарлахаа УИХ-ын дарга мэдэгдэж байсан.

 

Шинэ сайдуудын нэрийг өргөн барих улс төрийн тохиролцоо эрх баригч хүчин болон  Засагт хамтарсан  “Шударга ёс” эвслийн бүлгийн хоронд явагдлаа.  МАН-ын 6 сайд чөлөөлөгдсөн квотыг Засгийн газарт хамтарсан АН, “Шударга ёс” эвслийн бүлэг яг тэнцүү хувааж авчээ.

 

Ерөнхий сайд хуулийн хугацаандаа шахагдан, сайдуудын нэрсийг өргөн барилаа. Түүнээс бус сайд чөлөөлөгдсөнөөс хойшхи хуулийн хугацаа заагаагүй байсан бол намрын чуулган эхлэхээр шийдвэрлэх байсан. Дээр нь сайд болох санаархал давалмгайлж, бүлэг, фракцуудын амбиц хүчээ авч,  эрх баригч хүчин өөрт ногдсон сайдын гурван суудал дээр ширүүхэн асуудал дэгдээж, ойлголцохгүй явсан талтай. АН-ын зүгээс фракц, бүлэглэлүүдэд асуудал дэгдээхгүйн тулд УИХ-ын гишүүдээсээ сайдыг томилохоор тохиролцсон юм билээ. Мэдээж, “дэд”-үүд гаднаас томилогдоно.

 

Ямартай ч Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд  Сангийн сайдад Б.Болор,  Зам, тээврийн сайдад М.Зоригт,  Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан нарын нэрийг намаасаа өргөн барилаа. Харин хамтарсан  “Шударга ёс” эвслээс  Шадар сайдад Ц.Оюунбаатар, БХБ-ын сайдад З.Баянсэлэнгэ, БОНХАЖ-ын сайдад Н.Батцэрэгийг дэвшүүлэхээр өргөн барьсан байсан. Энэ удаагийн сайдууд бүгд  парламентаас томилогдон, “давхар дээл” өмсөхөөр байгаа.  Ерөнхийлөгч сайдад нэр дэвшиж байгаа эрхмүүд бүгд парламентаас томилогдож,  “давхар дээл” өмсөхөөр байгаа учир дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ерөнхий сайд сайдад нэр дэвшүүлж байгаа эрхмүүдийг Ерөнхийлөгчтэй зөвхөн зөвшилцөх л заалттай. Хэрвээ Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөөгүй бол дараагийн хүнийг нэр дэвшүүлэх асуудал байхгүй.  Гэхдээ парламентаас сайдад нэр дэвшүүлж байгаа нь Ерөнхий сайдын байр суурь биш эрх баригч хүчний бодлого билээ. 

 

Засгийн газарт хамтарсан АН, “Шударга ёс” эвслийнхэн сайдад нэр дэвшсэн эрхмүүдийг чуулганаар хэлэлцэхэд   хэн хэн нь дэмжинэ гэсэн  ам тангарагтай байх. Сөрөг хүчин МАН ч оруулж ирсэн сайд нарыг дэмжихээ илэрхийлсэн. Хамгийн гол нь УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайдын өргөн барьсан  намаасаа сайдаар томилогдох нэр дэвшигчдийг хэрхэн хүлээж авч байгаа бол.  Сайдад нэр дэвшиж байгаа дээрх 6 эрхмийн Б.Болороос бусад нь салбартаа мэргэжлийн бус. АН-аас сайдад нэр дэвшиж байгаа 3 эрхмийг салбараа аваад явж, танхимтайгаа гар нийлээд ажиллаж чадна гэж Ерөнхий сайд байтугай олон нийт хүлээн зөвшөөрч байна лээ.  Сайдад нэр нь явж, сураг нь сонсогдоод байсан Н.Батбаяр, Л.Эрдэнэчимэг нарын дэргэд харин ч бусадтайгаа хамтарч ажиллаж чадах боломжийн залуусыг нэр дэвшүүлжээ гэж олон нийт ам сайтай байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчдийн тухайд жинхэнэ намын даргын шийдвэрээр оноогдсон эрхмүүд. Сайдын квотоо МАХН-2, МҮАН-1 тус тус хуваан авчээ.  

 

Гэр хорооллоосоо нүүгээгүй, тэндээ хашаа байшингаа тохижуулах амьдарч байгаа, хаягийг нь харсан болно хэмээн иргэний үнэмлэхээ дэлгэн харуулдаг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн тухайд БХБ-ын сайдаар нэр дэвшиж байгаа нь  өнгөрсөн хугацаанд нүүрээ бууруулаагүй, МАХН-ын дарга Н.Энхбаяртаа үнэнчээр зүтгэснийг нь үнэлж,  цаашид ч тууштай  байхыг сануулж шаардаж олгосон “шагнал”, түүнээс бус  мэргэжлийн болоод удирдах ур чадвар ярилтгүй. Ерөнхий сайд УИХ-д сайд нарынхаа нэрийг өргөн барьсаны дараагаар  “АН-ын дүрмээр бол эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болдог. Одоогоор энэ хоёр албан тушаалыг хоёр өөр хүн хашиж байгаа. Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд би сайд нарын нэрсийг өргөн мэдүүллээ. Намын дарга УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.” хэмээн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод гуйх, аргадахын завсар олон нийтийн хэрэгслээр дамжуулан үг дайсан.  Намын даргын хувьд  Ерөнхий сайддаа дээрээс  “тушааж” ,  өөрийнхөө “хүн”-ийг сайдад дэвшүүлж чадаагүй  З.Энхболд  сайдад нэр дэвшигчдийг дэмжих болов уу. З.Энхболд даргыг улстөрчийнх нь хувьд зуумтгай хүн гэдэг. Тиймээс энэ удаад сайдуудыг дэмжүүлээд,  өөртэй нь тэрсэлдсэн Ерөнхий сайддаа  дараагаар нь “арга хэмжээ” авахаар тооцох уу. Нэг албан тушаал дээр хоёр хүн “эрх”-ээ  булаацалдаад байгаа. “Нэгэнтээ намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн заалт З.Энхболд АН-ын даргынхаа хувьд ч, “Ерөнхий сайд байх байсан” албан тушаалтны хувьд ч Засгийн газрын тэргүүний бодлого, шийдвэрт нөлөөлдөг.  Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тухайд тэрбээр эрх үүргээ ганцаараа эдэлж чадахгүй намын даргатайгаа хуваалцаад байгаа нь нууц биш. Гэхдээ энэ удаад засаглалын хямралыг арилгах үүднээс эрх баригчид ч, сөрөг хүчин нь ч  сайдаар нэр дэвшиж байгаа эрхмүүдийг “бор халзан хонь” ч байсан нүдээ аниад, дэмжээд явуулах цаг хугацааны уулзвар дээр ирээд байгаа билээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энхбаяр энэ улсыг хөгжүүлэх санаатай бол ийм амьтдыг сайд болгоно гэж үү. цаад санаа нь монгол улсыг доройтуулах бодлоготой нам юм байна дэд сайдад бас нэг боловсрол дорой амьтан дэвшуулэх байх даа
2015-09-07
зочин:
АН-ын явуулж байгаа бодлогыг хараад монгол улс тэр аяаараа түмпэн түмпэнгээр бөөлжиж байнаэ даа, яаж энэ мангаруудаас хурдан салж улс орноо аврах вэ, 16 он хурдан болоосой
2015-09-07
Zochin:
Erinhiilugch uu! Bayanselengiin esreg oron dayar buuljis zarlah zarlig gargaj uguuch?
2015-09-07