Манай тамирчид олимпийн эрхийн тэмцээнд тулалдана
2015-09-07

Монголын шигшээ баг ААШТ-д оролцохоор есөн боксчны бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьсон. Манай тамирчдаас А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар нэг, хоёрдугаар тойрогт тэмцээнээ өндөрлүүлсэн бол Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/,  Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдсэн. 

 

Улмаар Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртсэн бол Д.Отгондалай эх орныхоо тивийн аваргын алтан медалийн тоог нэгээр нэмэгдүүлсэн юм. Тэгвэл дэлхийн аваргын тэмцээний эрхээ авсан болон Азийн аваргад амжилт үзүүлсэн тамирчдад өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.

Дээрх тэмцээний үеэр гарсан будилаантай асуудал гарчээ. Энэ талаар тамирчдаас сэтгэгдлийг нь сонслоо.

 

 

Б.Түвшинбат: Шүүгчдийн алдаанаас болж хожигдсон

 

 

 

-Юуны өмнө ААШТ-д амжилттай оролцоод ирсэнд баяр хүргье. Энэ удаагийн тэмцээнд өрсөлдөгч нар хэр ширүүн байв?

-Энэ удаагийн тэмцээнээс эхний долоон хүн ДАШТ-д оролцох эрхээ авах байсан. Миний хувьд гурван тулаан хийсэн. Эхний тулаанд Казахстан, дараа нь Ираны тамирчинтай тус тус тулалдсан. Харин мөнгөн медалийн төлөө Казахстаны тамирчин, дэлхийн шилдэг тамирчинтай тулалдсан. Түүнд оноогоороо ялагдсан байгаа. Өрсөлдөгч нар ширүүн байсан. Мөн шинээр олон тамирчин гарч ирж байна лээ.

 

-Казахстаны тамирчинтай өмнө нь тоглож байв уу?

-Өмнө нь Инчонийн Азийн наадамд хүрэл медалийн төлөө тоглоод оноогоороо ялагдаж байсан. Харин энэ удаагийн тоглолтоороо би түүнийг хүнд цохилтод оруулж ялсан. Гэвч уг цохилтод маань шүүгчид оноо огт өгөөгүй. Цаанаа ямар нэг бодлоготой байсан байх гэж бодож байна.

 

-Будилаантай болсон гэж үзэж байгаа юм уу?

-Тийм. Шүүгчдийн алдаанаас болж хожигдсон гэж бодож байна.

 

-ДАШТ ойрхон байна. Бэлтгэл хэр байна?

-Hэг сарын дараа ДАШТ болно. Тэндээс олимпийн эрх өгнө. Манай тамирчдаас дөрвөн тамирчин ДАШТ-д оролцоно. Бэлтгэл дажгүй, сайн байгаа.

 

-Олимпийн эрхийн тэмцээнд явах гэж байна. Сэтгэлзүйд өөрчлөлт хэр гарч байна?

-Олимпийн эрхийн тэмцээний шалгуур нарийсч байгаа. Гурван раундаар тоглоно. Зургаан раундаар эрх олгоно. Бид нар гурван раундаар эрх авахыг нь сонгосон байгаа. Манай тамирчид маань их хичээж, бэлтгэлээ хийж байгаа. Дараагийн олимпоос медаль авна гэсэн зорилготой, бэлтгэл хийж байна гэв.

 

 

Д.Отгондалай маань хөмсөгөө сэт цохиулан байж алтан медалийг хүртсэн

 

Хүндэтгэлийн үеэр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн “ААШТ хариуцлагатай, хүнд тулаанууд болсон. Уг тэмцээнд 23 орон оролцсоноос манай тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Мөн ДАШТ-д оролцох эрхээ аваад ирсэн байгаа. Тулаан бүр маш өрсөлдөөнтэй болсон. Д.Отгондалай маань хөмсөгөө сэт цохиулан байж алтан медаль хүртсэн байгаа. Дасгалжуулагчийн зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хүнд хүнд цохилтуудыг өрсөлдөгчдөө өгч байсан. Өрсөлдөгч нар их ширүүн байлаа” гэсэн юм.

 

 

Д.Отгондалай: Одоо улам хариуцлагатай тэмцээн үлдчихлээ

 

 

-Та алтан медалийн төлөө нийт хэдэн тоглолт хийсэн бэ?

-Би энэ удаагийн Азийн аваргад оролцохын өмнө 60 кг-д чансаагаар нэгд бичигдсэн. Тиймээс нийт оролцсон 24 тамирчнаа тэргүүлсэн. Дөрвөн тоглолт хийсэн. Эхний тойрогт гоц мөргөж, анхны тулаанаа Индонезын Ф.Папендантай хийж, 3:0-оор хожин шөвгийн 16-д үлдсэн. Улмаар Тайландын Л.Пачаня, Узбекстаны Авдураймов нарыг мөн л илүүрхэн хожлоо. Алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанаа Казахстаны тамирчин З.Сафиуллинтай хийж, 2:1 онооны харьцаагаар хожсон юм. Ер нь бол бүх тоглоод хүнд болсон. Ялангуяа шөвгийн тоглолт их хэцүү байлаа. Гэхдээ өрсөлдөгч тамирчнаасаа давуу байгаагаа мэдэрсэн болохоор хөмсөг задрахад санаа зовоогүй. Бүхий л байгаа хүчээ дайчлан тоглоё гэж бодож байсан.

 

-Энэ удаагийн тэмцээн ДАШТ-д оролцох эрх олгож байснаараа ихээхэн онцлогтой боллоо. Манай бусад тамирчны тухайд юу хэлэх вэ?

-Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Н.Мөнхсайхан дасгалжуулагч нарын удирдлагад есөн тамирчин Азийн аваргад оролцлоо. Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэмд тивийн аваргадаа эхний долоод орсон тамирчид ДАШТ-ийг зорих эрхийг олгож байсан болохоор өрсөлдөөн үнэхээр ширүүн байлаа. Тэр дундаа манай тамирчдын хувьд ч хүндхэн тулаанууд олон боллоо. Нийт 66 тамирчин ДАШТ-ийг зорих эрхтэй болсон. Тэдэн дунд манай дөрвөн боксчин багтсан. Гэхдээ манай тамирчдын тоо нэмэгдэх боломж байлаа. Шүүлтийн хувьд бол бас л булхиатай шүүлт олон болсон.

 

-Тэгэхээр зарим тоглолтод шүүлт нөлөөлжээ.

-69 кг-д Д.Түвшинбат мөнгөн медалийн төлөө дэлхийн аварга Казахстаны тамирчин Д.Елеусиновыг гурван үе илүүрхэж байсан ч харамсалтай нь ялагдсан. Энэ тоглолтын дараа Казахстаны шүүгч манай талд “Танай тамирчин илүү тоглосон шүү” гэдгийг хэлсэн.

 

-Таны энэхүү алтан медаль Азийн аваргын хэд дэх медаль вэ? Мөн манай боксчид Азийн аваргаас хэдэн алтан медаль аваад байна вэ?

-Би 2011 онд БНХАУ-д болсон Азийн аваргаас мөнгөн медаль авч байсан. Энэ жил алтан медаль авч амжилтаа улам ахиуллаа. Боксын Азийн аваргын тэмцээний хувьд анх 1971 онд Ираны Тегеранд зохиогдож байсан. Дөрвөн жилд нэг удаа болдог байсан тэмцээн сүүлийн жилүүдэд хоёр жилд тутамд болж байна. Азийн аваргаас анх манай тамирчдаас 1971 онд Х.Алтанхуяг медаль авч байсан түүхтэй юм билээ. Тэр цагаас хойш олон тамирчин тивийн аваргад түрүүлсэн. 2007 оны Азийн аваргад П.Сэрдамба, Э.Бадар-Ууган, З.Энхзориг нар түрүүлж байсан нь олон хүүхдэд ихээхэн урам өгсөн дөө. Би тэр үед боксоор ид хичээллэж байсан юм. 2011 онд БНСУ-д болсон тэмцээнээс У.Мөнх-Эрдэнэ алтан медаль авч байсан бол би энэ жил Азийн аварга боллоо. Миний энэ алтан медаль манай тамирчдын 11 дэх нь.

 

-ДАШТ тун удахгүй болно. Мэдээж одоо танд дэлхий, олимпийн медаль л дутуу байна даа?

-Тиймээ. Бидний хувьд одоо улам хариуцлагатай тэмцээн үлдчихлээ. Энэ жилийн ДАШТ Катарын Доха хотноо болно. Ер нь сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Мэдээж Азийн аваргад амжилттай оролцсон амжилтаа улам бататгаж, дэлхийн аваргаас медаль хүртэхийн төлөө чадах бүхнээ хийх болно. Манай баг тамирчид ч сайн бэлтгэж байгаа.

 

Б.Дэжид

Гэрэл зургийг П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Zvgeerei amjilt bayarlah boloogvi ee!!! Hvndetgel:
Yasn ewgvi hviten hugiin tsaraitain be!!! Ta nar
2015-09-10
Зочин:
Муу байна. Азийн аврагаас ганцхан алт баярлаад. Орос кубатэй таарвал яаахийн?
2015-09-07