Хилари Дафф: Миний амьдрал үлгэр шиг байгаагүй
2015-09-07

Дуучин, жүжигчин Хилари Даффийн “Teen Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та 27 настай. 9 настайгаасаа олны танил болж, олон гайхалтай дүр бүтээсэн. Таныг холливуудын од гэхээсээ илүү өсвөрийн од гэдэг. Энэ бүхэн танд ямар санагддаг вэ?

 

-Надад хүүхэд нас гэж байхгүй. Их жоохон байхаасаа л алдартай болсон учир тоглож, зугаалах цаг хугацаагаа студи, зураг авалтын талбайд өнгөрүүлсэн. Өнгөрснөө эргээд харахад хүүхэд насны дурсамжгүй нэг л их ажил хийсэн, хувирсан нэгэн гэдгээ мэдсэн. Би хангалттай хугацааг уран бүтээлд зориулсан. Намайг том болсон гэдгийг хүмүүс мэдэхгүй байгаа нь дарамт учруулдаг. Би ээж хүн. Гэтэл үзэгчид намайг 9, 10 настай үеийн Даффаар хүлээн авах нь таалагддаггүй.

 

-Энэ бүхэн таны амьдралд ямар дарамт учруулав?

-Жишээлбэл дүр. Би адал явдалт, түүхийн, уянгын киноны гол дүр бүтээхийг хүсдэг. Гэтэл найруулагчид 20 жилийн өмнө тоглож байсан дүрийг минь дахин санал болгодог. Би хөгжиж, дэвшмээр байна. Үргэлж инээдмийн жанрын кинонд тоглож, нэгэн хэвийн дүр бүтээхээсээ залхаж байна.

 

-Гэхдээ таны бүтээсэн дүрүүд гайхалтай хэзээ ч мартагдашгүй байдаг?

-Учир нь би тэр дүрүүдийг байнга бүтээж, дэлгэцийн өмнө гардаг болохоор үзэгчид миний төрхийг андахаа больсон байх. Хэрвээ Хилари Дафф хэзээ ч бүтээж байгаагүй сэтгэцийн өвчтэй, биеэ үнэлэгч, алуурчны дүр бүтээвэл гайхалтай шүү дээ. Үзэгчид надаас олон зүйл хүсдэгийг би мэддэг.

 

 

-Тоглохыг хүссэн дүрийнхээ төлөө тэмцсэн үе бий юу?

-Мэдээж хэрэг найруулагчид гол болон туслах дүрийн сонгон шалгаруулалтыг мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зарладаг. Харамсалтай нь би харъяа агентлагтай учир дүрийн сонгон шалгаруулалтад оролцдоггүй. Гэхдээ би өөрийн тоглосон дүр, ирсэн саналаа үл хүндэтгэсэн хэрэг биш. Зүгээр л 27 настай эмэгтэй бяцхан охины дүрийг бүтээхээс залхсан юм.

 

-Та өөрийгөө азтай гэж боддог уу?

-Тиймээ. Миний амьдрал үлгэр шиг байгаагүй. Гэхдээ өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна.

 

-Хүүхэд байхдаа ямар амьдрал мөрөөддөг байв?

-Би гурван хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан. Нэг хүү, хоёр охин. Харин төсөөллийн ханхүү минь өндөр, хөмсөг нь их гоё. Би ийм л залуутай сууж, хүүхдийг нь төрүүлэх болно гэж боддог байлаа. Төсөөллийн ханхүүтэйгээ учирсан ч бид салцгаасан. Харамсахгүй байгаа. Нөхрөөсөө салсаны дараа бүгд л намайг өрөвдөх болсон. Гэхдээ би цоглог, шаналаагүй гэдгээ батлахын тулд бусдын өмнө жүжиглэхийг хүсээгүй. Би гунигласан үедээ уйлдаг. Жинхэнэ төрхөө хэнээс ч нуухыг хүсээгүй. Би хүүтэй. Ганцаардах үед минь түших хүү надад байна.

 

 

 

-Нөхөр Майк Комригоос салаад нэг жил боллоо. Та хоёрыг эргэн нийлсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн ч таны ярианаас сонсоход үгүй бололтой?

-Бид найзууд болсон. Хүүгийнхээ төлөө найзууд болохоор шийдсэн. Мэдээж хэрэг амаргүй л дээ. Гэхдээ найз болох саналыг би эхэлж тавьсан.

 

-Та нөхрөөсөө салсны дараа “Tinder” гэх танилцах сайтад бүртгүүлсэн?

-Үнэхээр хөгжилтэй зүйл болсон. Нэг үгээр алдаа гэхэд болно. Найзууд маань манайд ирэх үедээ танилцах сайтын тухай ярьж байсан. Бид танилцах сайтад ямархуу залуус бүртгүүлж, ирээдүйн ханиа хайдаг тухай мэдээллийг уншаад их гайхсан. Сайтад бүртгүүлсэн залуусын ихэнх нь өндөр боловсролтойгоос гадна их царайлаг. Би “Олны танил биш байсан бол энэ сайтад бүртгүүлэхгүй юу” гэж хэлэхэд найзууд минь “Хилари чи үнэхээр хүсч байна уу. Хамгийн гол нь чи ганц бие. Асуудал гэх зүйл байхгүй. Азаар чамайг насаараа хайрлах залуутай ч танилцах ч юм уу. Зориг гарга” гэсэн. Би эхлээд найзуудаа тоглож байна гэж бодсон. Гурван хоногийн дараа “Tinder” сайтаас нэг мэйл ирчихсэн байсан. Нээгээд үзсэн ч надтай танилцахыг хүссэн залуусын мэдээлэл, зураг байсан. Тэр үед л найзууд минь тоглоогүй гэдгийг ойлгосон.

 

-Болзоонд явсан биз дээ. Хэдэн залуутай уулзав?

-10 гаруй залуутай болзоонд явсан. Уулзсан залуус намайг Хилари Даффийн зургийг нүүр зураг дээрээ тавьчихсан нэгэн гэж бодсон гэсэн. Уулзалт бүхэн мартагдашгүй.

 

-Одтой уулзсан залуус ямар байв?

-Биеэ барьсан. Гэхдээ хөгжилтэй. Намайг инээлгэсэн.

 

-Таалагдсан залуус байсан уу?

-Тиймээ байсан. Дахин уулзахаар болсон.

 

-Үнэхээр танилцах сайтын тусламжтай нөхөртэй болох гэж байгаа юм уу?

-Зүгээр л хөгжилдөхийг хүссэн.

 

-Танилцах сайт, залуус гээд л олон асуудалд Майк уурласан уу?

-Үгүй ээ, уурлаагүй. Бид нэг нэгнийхээ хувийн амьдралд оролцохгүй байхаар шийдсэн.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин