Ерөнхийлөгчийн хориг улстөрчид, улс төрийн намуудыг шахаанд орууллаа
2015-09-08

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцсэн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан өдрөөсөө эхлэн олны анхаарлын төвд байсаар нэг сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд олон ч үйл явдал боллоо. Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуулийн 4.1, долдугаар зүйл, заалтад хориг тавихаа мэдэгдсэнээс хойш улстөрчид, УИХ-д суудалгүй нам эвсэл, урлаг соёлынхон, оюутан залуус хүртэл Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих ёстой гэх байр суурийг илэрхийлж жагсч цуглалаа.


ИЗНН-ынхан төв талбай дээр гарын үсэг цуглуулж, 5000 иргэн Ерөнхийлөгчийн хоригийг буюу хуулийн төсөлд оруулсан авилга авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгтнүүдийг өршөөхгүй байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.  Наймдугаар сарын 11-нд хаалттай горимоор хэлэлцэн, ногоон гэрлээр баталсан хууль зарим талаараа нийгэмд хүлээлт үүсгэж байсан нь үнэн. Санаатай болон санамсаргүй байдлаар анх удаа гэмт хэрэг үйлдэж, зохих ял шийтгэлээ хүртсэн иргэдэд төр ивээлээ үзүүлж байгаад талархсан, энэ хуулийг хоёр жилийн хугацаанд хүлээсэн олон зуун иргэд байгаа нь мэдээж. Гэвч нөгөө талд Өршөөл үзүүлэх хууль анхлан яригдаж байснаасаа 180 градус өөрчлөгдөж авлига авч баяжсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэсэг бүлэгт зориулагдахаар болсон нь нийгмийн эсэргүүцлийн гол шалтгаан болсон юм.
 

Цагаан захтнууд өршөөгдөх ёсгүй


Энэ  бол  иргэдийн ч,  Ерөнхийлөгчийн  илэрхийлсэн  товч  бөгөөд  тодорхой  байр  суурь.  Өнөөдрийн мөрдөгдөж буй Эрүүгийн хууль 304 заалттай. Үүнээс 227 заалт нь зүйлчилж зааж өгдөг. 4.1 дүгээр заалт дээр 191 зүйл ангийг өршөөхөөр заажээ. Дандаа авлига, албан тушаалын хэрэгт хамааралтай. Харин Ерөнхийлөгч үүнээс долоон зүйл заалтыг өршөөхгүй байхаар хориг тавьсан. Өөрөөр хэлбэл, 268, 263, 264, 270, 273, 148, 150 гэсэн зүйл ангиудад хэсэгчлэн хориг тавьсан билээ.


Жишээ татвал, Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд Хээл хахууль зуучлах гэсэн зүйл анги байдаг бөгөөд 270.1-д Хээл хахууль өгч авахад зуучилсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ,  270.2-д Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байсныг өршөөлд хамруулахаар тусгажээ.


Хуулийн төслийн долдугаар зүйл заалт дээр хэрэг бүртгэл нь мөрдөн байцаалтад байгаа хэргүүдийг өршөөх заалт оруулсныг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөөгүй юм. Мөн нэмэлтээр хуулийн төслийн тавдугаар зүйл заалтад буй зарим хэргийн эдлэх ёстой ялаас хоёр жил хасах тухай заалт дээр 181.3 танхайрах, 147.2 бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, 96.2 бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэсэн зүйл ангиудыг нэмж оруулахаар санал тавьжээ. Эдгээр гурван зүйл ангиар ихэвчлэн залуус ял сонсдог бөгөөд ид хийж бүтээх насандаа хэцүү нэртийн хаалга татаж, харанхуй өрөөнд буй залуустаа төр нэг удаа ч болов ивээлээ үзүүлэх ёстой гэж үзжээ.


Эдгээр гурван зүйл анги өмнөх Өршөөлийн хуульд орж байсан учраас уламжлалаа хадгалах ёстой гэсэн байр суурийг ч төрийн тэргүүн илэрхийлсэн. Төрийн тэргүүний тавьсан өршөөлийн хориг өмнө бичсэнчлэн 25 гишүүн хүлээж авснаар хүчин төгөлдөр болох учиртай. Тиймээс хуулийг хаалттай батлахад хувь нэмэр оруулсан АН, “Шударга ёс” эвсэл хүлээж авдаггүй юм гэхэд ИЗНН-ын хоёр, бие даагч гурав, сөрөг хүчний 25 гишүүн хүлээж авахаар шийдвэр гаргасан тохиолдолд хүчин төгөлдөр болж цагаан захтан хэмээн нийгэмд хэлэгдэж буй авлига, албан тушаалын хэрэгтнүүд эдлэх ёстой ялаа үргэлжлүүлэн эдэлж, төрд учруулсан тэрбум, тэрбумын хохирлынхоо төлөө эдлэх ёстой ялаа эдлээд явах учиртай.
 

Намууд юу хэлэв


 Улс төрийн намуудын хоригт ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдэг нь юу юунаас илүү ард түмний анхаарлыг татаж байгаа нь дамжиггүй. Яагаад гэвэл АН авлига, албан тушаалын хэргийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн ард түмэнд амласан. Харин “Шударга ёс” эвсэл шударга ёсыг нийгэмд тогтооно гэдгээ амалсан. Ардын нам ард түмэнтэйгээ хамт байхаа илэрхийлсэн учраас тэд хэлсэн амандаа хүрэх үү, эс бөгөөс хэсэг бүлэгт үйлчлэх үү гэдэг нь юу юунаас ч илүү сонирхол татах сэдэв байсан юм. МАН анх энэ хуулийг батлахад хэлэлцүүлэгт оролцохоос татгалзаж байсан. Шалтгаанаа тэд Засгийн газрын анх оруулж ирсэн хууль 180 градус өөрчлөгдсөн учраас бид хэлэлцүүлэгт оролцож санал өгөөгүй хэмээн тайлбарласан билээ. Олонхийг бүрдүүлсэн хоёр намын дэргэд 25 гишүүн цөөнх байсан нь дамжиггүй. Тиймдээ ч хэлэлцүүлэгт ороогүй юм байна гэж ойлгож болно. Тэгвэл одоо хоригийг МАН-ын 25 хүлээн зөвшөөрөх үү гэдэг л тэд юуны төлөө байсан бэ гэдгийг харуулах учиртай. Тэгвэл, МАН-ын бүлэг болон Удирдах зөвлөл өнгөрсөн нэг сарын хугацаанд хуулийн төслийн хоригийн талаар ярилцаад хүлээн авах ёстой гэдэгт 100 хувь санал нэгдсэн аж.


Энэ талаар өчигдөр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийсэн бол өмнө нь намын дарга М.Энхболд “Үндсэн хуулийн зөвшилцөл” сэдэвт намуудын зөвшилцөх уулзалтын үеэр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэдэгт 100 хувь санал нэгдсэн. Манай намын байр суурь тодорхой болсон хэмээсэн юм. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэгдэх АН-ын гишүүд дотооддоо энэ асуудлаар хуваагдсан гэдэг нь тодорхой байгаа. Р.Гончигдорж тэргүүтэй зарим гишүүд Ерөнхийлөгчийн хориг хүчингүй. Тавьсан өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой гэх байр суурийг илэрхийлж байгаа.


Харин Ж.Батзандан тэргүүтэй хэсэг бүлэг гишүүд АН авлигачдыг өршөөж болохгүй хэмээж байгаа юм. Юутай ч АН-ын бүлэг өчигдөр байр сууриа албан ёсоор илэрхийлж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахаар санал нэгдсэн гэв. “Шударга ёс” эвсэл хүлээж авахгүй, ганцхан Н.Энхбаярт зориулагдсан мэтээр нийгэмд ойлгуулж байна хэмээн анхны байр сууриа хатуу хамгаалж байгаа. Харин ИЗНН-ынхан авлигачдыг өршөөх ёсгүй хэмээн хамгийн түрүүнд улс төрийн акци үзүүлсэн бөгөөд өчигдөр энэ талаараа УИХ-ын гишүүдэд санал хүргүүлжээ. УИХ-д дахь бие даагч гишүүд мөн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа юм.
 

Хоригийг нээлттэй хэлэлцэе


Дээрх байр сууриас харахад, эвслийн 10 гишүүнээс бусад нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар байгаа юм. Хэрвээ ингэх л байсан бол яагаад авлига, албан тушаалын хэргийг өршөөх заалт оруулж, АН нэр хүндээрээ туг тахив гэдэг асуулт урган гарах нь дамжиггүй. Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө эсрэг сөрөх, АН-ын дотоод хагарал уу, аль эсвэл ганц нэг хүний шантаажид тэд орсон уу гэдэг ч анхаарал татах л сэдэв. Магад АН Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадна гэсэн итгэл байсныг үгүйсгэх аргагүй. Намын зүгээс шантааж үзүүлэх, эсвэл тохироо хийх байдлаар явчихаж болно гэсэн хүлээлт байж. Харин Ерөнхийлөгч тэгээгүй. “Шударга ёс” эвсэл эцсээ хүртэл байр сууриа хамгаалж байгаа нь намын даргаа ялаас чөлөөлөх, эх орондоо тайван хөл тавих эрхтэй болгох гэсэн хүсэлтэй нь холбоотой. Тиймдээ ч АН-д Засгийн газраас гарна гэх шантааж үзүүлж хуулийг батлуулж чаджээ. Харин одоо нөхцөл байдал өөрөөр эргэчихлээ.


Н.Энхбаяр өөр нэг хуулийн нүх сүв эрж олохгүй л бол түүнд Өршөөлийн хууль хамаатахгүй болж байна. Авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байгаа мөн мөрдөн байцаалтын шатанд байгаа АН, МАН-ын гишүүдийн хэрэг бүгд эргээд шалгагдаж эхэлнэ. АТГ-т шалгуулж буй 200 гаруй албан тушаалтны хэрэгт Өршөөлийн хууль ямар ч хамааралгүй болж байна. Энэ бол улстөрчдийн айх, эмээх том шалтгаан. Улстөрчдийн ах дүү, амраг саднаас гадна өөрсдөө ч АТГ-т бүртгэлтэй байгаа. Бүрэн эрхээрээ л хамгаалуулсан болохоос 2016 онд тэд ар араасаа л хэцүү нэртэд морилох зүйл бишгүй хийчихсэн. Тиймдээ ч өнгөн дээрээ сайхан зүйл ярьчихаад хөшигний цаана өөр зүйл хийх хүмүүс олон учраас Өршөөл үзүүлэх хуульд тавсан Ерөнхийлөгчийн хоригийг нээлттэй хэлэлцэхээс өөр гарц алга. Ингэж байж л ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж чадна. Авлигатай тэмцэх чин хүсэлтэй гишүүн хэд бэ гэдгийг мэдэж чадах юм. Хоригийг өнөөдөр байнгын хороо болон чуулганаар нээлттэй хийх шаардлагатай байна.
 

Н.Энхбаяр Засгийн газрыг огцруулах уу


Ийм хардлага нийгэмд бий болсныг бичихгүй өнгөрч чадахгүй нь. Яагаад гэвэл Өршөөл үзүүлэх хууль анхнаасаа энэ хүнд зориулагдсан гэх яриа байсан. Хэдийгээр намынх нь гишүүд тийм биш хэмээж байгаа ч Н.Энхбаярын шалгуулж буй хэргүүд дээрх хориг тавьсан заалтад байгаа учраас түүнд хууль үйлчлэхгүй гэсэн пиар газар авахгүй. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг улс төрийн намууд хүлээж авсан тохиолдолд Н.Энхбаярыг дахиад л АТГ-аас шалгаж, цагдаж эхэлнэ. Үүнийг ч экс Ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэдэж байгаа.


Тиймдээ ч Засгийн газарт нэг сарын настай сайдууд явуулж, харин нэг сарын дараа АН-ыг далаар нь цэвэр тавихаар шийдсэн тухай “бор шувуу” Төрийн ордонд нисч байна. АН Өршөөлийн хуулиар биш юм гэхэд өөр нэг арга зам ашиглаж Н.Энхбаярыг улс төрд эргэж ирэх боломжийг сонгуулиас өмнө өгч чадахгүй л бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа тодорхой болно гэх яриа ч үнэний ортой дуулдаж байна. МАХН Засгийн газраас гарсан тохиолдолд АН-д дахин ямар ч боломж үлдэхгүй. Эргэж МАН-ыг гуйж ичих нүүрээ элгэндээ наахгүй л бол бие даагч, ИЗНН-тай нэгдээд ч МАХН, МАН-ын эсрэг хүчин мөхөсдөх билээ.


Тиймээс АН нэгийг бодож, хоёрыг тунгаасан учраас Ерөнхийлөгчид буулт хийлээ гэж дүгнэж болох нь. МАХН-тай тохирсон яриагаа сарын хугацаанд хийж чадахгүй бол тэд Засгийн газраа огцруулсан тоогоороо рекорд тогтоох нь дамжиггүй. Төрийн тэргүүний тавьсан хориг улстөрчдийг тархиа ажиллуулах шалтгаан болж байна. Түүнчлэн, улстөрчдийг, улс төрийн намуудыг буланд шахаж чадлаа. Тэд гарах гарцаа олон янзаар тооцоолж суугаа нь дамжиггүй. Харин ард түмний хувьд энэ хориг хэн нь хэн бэ гэдгийг харах хамгийн том боломжийг бий болголоо.

 

 


Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
УИХ-ыг одоо тарааж сонгуулиа явуулья, дараа жилийн 6 сар хүртэл АН энэ улсын бүүр элгээр нь хэвтүүлэх юм байна, хууль , дүрэм, ёс зүйгүй ч боллоо
2015-09-09
зочинф:
АН-ыхан тоо бодож тохироо хийж үнэхээр чадахгүй юмаа. АН-35 дээр ИЗНН-2 нэмэх нь МҮАН-4= 41 гишүүн засаг хийх хангалттай тоо.
2015-09-08
Зочин:
tsag n haruulna hugtsaa bogino
2015-09-08
Зочин:
peazda tegvel hyatdiin kolon esvel orsiin kolom
2015-09-08
Ard daatgal:
Ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-09-08
Зочин:
ODOO ENHBAYR ZASAGT HAMTRAH BISH TARAAGAAD SONGUULI YAVUULAH TSAG BOLJEE
2015-09-08
Зочин:
уих- г тараах хэрэгтэй. тэгж байж урт шар дээлт дебил сэлэнгэ мэтийн махн- ы новшнуудаас сална.
2015-09-08
Зочин:
уих- г тараах хэрэгтэй. тэгж байж урт шар дээлт дебил сэлэнгэ мэтийн махн- ы новшнуудаас сална.
2015-09-08