Улаанбаатар
З.Энхболд АНУ-ын төрийн департаментын туслах Даниел Расселийг хүлээн авч уулзав
2015-9-9

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.09/ АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

 

АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалтад оролцож буйгаа танилцуулав. Тэрээр “Монгол Улс бол бүс нутагтаа төдийгүй дэлхийн нийтэд ардчиллын загвар орон хэмээн бид үнэлдэг бөгөөд ардчиллыг дэмжих үйл ажиллагаанд талархал илэрхийлье. АНУ бол Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бүх талаар дэмждэг гэдгийг энэ дашрамд тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэв. Мөн тэрээр АНУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, эдийн засгийн мэргэжилтнүүд Монгол Улс улс төр, татвар, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг бүрдүүлж чадвал хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо байгаа хэмээн дүгнэж буйг Улсын Их Хурлын даргад танилцуулаад, хоёр улсын бизнес, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар санал солилцов.

 

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ноён Даниел Расселийг Монгол Улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр ардчилал бол монголчуудын түүхэн сонголт байсан хэмээн онцлон хэлэв. Түүнчлэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал нь Монгол Улсын хувьд томоохон сорилт болж байгаа хэдий ч эдийн засгийн олон тулгууртай болох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглэв. Монгол Улс болон АНУ-ын эдийн засгийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх бололцоо байгааг тэрээр дурдаад, үүнийг Улсын Их Хурал талаар дэмжин ажиллаж байна гэлээ.  

 

 

АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел, Монгол Улс хөрөнгө оруулагчдыг дэмжин, улс төр, хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг АНУ-ын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад уламжилж, хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд бүх талаараа дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

 

Энэ үеэр улс төр, эдийн засаг, бизнес, хууль эрх зүйн орчны талаар харилцан ярилцаж, хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. 

 

Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин