1000 гаруй хэргийг шалгуулахаар болжээ
2015-09-10

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Улсын Ерөнхий Прокурорын газар 2015 оны эхний хагас жилд иргэд, байгууллагаас цагаатгалын асуудлаар ирүүлсэн 30 шахам өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэжээ.

 

 

Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу тусгай төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн байж болох хэргүүдийн судалгааг төв, аймаг, орон нутгийн архивуудаас гаргуулахад ТЕГ-ын тусгай архивт шийдвэрлэгдээгүй байсан 1000 гаруй хэргийг шинэ нөхцөл байдлаар хэргийн ажиллагааг прокурорын тогтоолоор үүсгэж шалгуулахаар боллоо гэж УЕПГ-аас мэдээлж байна.

 

Мөн өмнө нь 1990 оноос хойш нэхэмжлэгчдийн өргөдлөөр шалгуулсан боловч улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн гэх хуульд заасан нотлох баримт тогтоогдоогүйгээс шалгах ажиллагааг зогсоосон 100 шахам хэргийг ТЕГ-ын тусгай архиваас татаж хянаад сэргээж шалгуулах шардлагтай зарим хэргүүдийг дахин шалгуулснаар 6 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон 8 хүнд цагаатгалын үнэмлэх олгожээ.

 

Цагаатгалын хуулийг хэрэгжүүлэх хугацаанд прокурорын байгууллага 30 гаруй мянган хэлмэгдсэдийг цагаатгаад байгаа аж. Мөн Прокурорын байгууллагаас цагаатгалын хуулинд заасан нэхэмжлэгчдийн өргөдлийг хүлээн авах болон нөхөн олговор олгох хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-нд дуусгавар болсныг сунгуулахаар цагаатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж УИХ-д өргөн бариад буй юм.

 

Shuud.mn
Сонин хачин