Төрөлт буурч, цалин нэмэгджээ

ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ. Нийгэм статистикийн үзүүлэлтээр оны эхний 8 сарын байдлаар, улсын хэмжээнд 53872 эх амаржиж, 54197 хүүхэд төржээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад төрөлтийн тоо 0.7 хувиар буурсан байна. Улаанбурхан өвчнөөр өвчлөгчид олон байсан нь халдварт өвчлөлийн үзүүлэлтийг өмнөх оныхоос 2.1 дахин нэмэгдэхэд хүргэжээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ оны 8 сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 19.4 мянга буюу 63.8 хувь нь 15-34 насны залуучууд байгаа аж.
Ажиллагчдын сарын дундаж цалин 2014 оны байдлаар 786.7 байсан бол 2015 оны байдлаар 853.9 болон нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны эхний 8 сард 889.5 тэрбум төгрөг, зарлага 1020.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 34.5 тэрбум төгрөг буюу 4.0 хувь, зарлага 178.0 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар өсчээ.
Макро эдийн засгийн үзүүлэлтээр, мөнгөний нийлүүлэлт энэ оны 8 дугаар сарын эцэст 10.0 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 100.9 тэрбум төгрөг буюу 1.0 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 171.7 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурсан байна.
Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 497.6 тэрбум төгрөг буюу 4.0 хувиар буурчээ.
Оны эхний 8 сард дэлхийн 140 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5798.4 сая ам. Доллар, үүнээс экспорт 3251.6 сая ам.доллар импорт 2546.8 сая ам.доллар байна.
Бүртгэгдсэн гэмт хэрэг оны эхнйи 8 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 713 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 246 хэрэг буюу 52.7 хувиар өссөн зэрэг мэдээллүүдийг хүргэлээ.
Монголын эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан, Нэгдсэн бодлого хамтын ажиллагааны газрын дарга н.Бадамцэцэг, Хүн, ам нийгэм статистикийн газрын дарга Д. Оюунчимэг нар оролцлоо.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад, гадаад худалдааны эргэлт багассан, улсын төсвийг бүрэлдүүлдэг татвар багассан, зээл зохистой харилцаанаас давсан, тариалангийн хувьд 7 хүрэхгүй мянган тонн төмс хурааж авсан үзүүлэлттэй байгаа талаар мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ