“Монгол хүн 2020” хангайн бүсийн чуулган боллоо
2015-09-14

 

Ардчилсан намын хангайн бүсийн чуулга уулзалт энэ сарын 11,12-ний өдрүүдэд Архангай аймгийн Их тамир сумын нутагт байрлах “Тайхар чулуу” жуулчны баазад зохион байгуулагдлаа. Хангайн бүсийн Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган аймгуудийн 500 гаруй гишүүд төлөөлөгчид энэхүү чуулганд оролцсон юм.

 

Энэхүү чуулга уулзалтанд Ардчилсан намын дарга З.Энхболд оролцож үг хэлсэн. Мөн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, АН-ын Нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, АН-ын улс төрийн бодлогыг харицусан нарийн бичгийн дарга Г.Батхүү, Сангийн сайд Б.Болор, УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, ҮЗХ-ны гишүүд, аймгийн удирдлагууд, анхан шатны намын дарга нар, гишүүд төлөөлөгчид оролцлоо.

 

Тус чуулганаар Ардчилсан намынхан зөвхөн дотоод асуудлаа хэлэлцэх бус, “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтууд, үндэсний хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд хийгдсэн шинэчлэл, шийдлийн бүтээн байгуулалтын ажлыг дүгнэх, хэлэлцсэн. Ингэхдээ орон нутгийн төлөөллийн санал бодлыг сонсож, ирэх сонгуулиар мөрийн хөтөлбөртөө тусгах ажээ.

 

Чуулганы үеэр УИХ-ын дарга З.Энхболд   “Монгол хүн 2020 - Өнөөдөр, маргааш...”  сэдвээр, АН-ын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Ардчиллын үнэ цэнэ, түүхэн сургамж” илтгэлийг тус тус тавьлаа. Мөн Хангайн бүсийн хөгжлийн асуудал сэдэвт илтгэлд аймгуудын АН-ын дарга нар аймагтаа өрнөж буй бүтээн байгуулалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тус бүр танилцуулав.

 

Түүнчлэн “Монгол Хүн-2020” мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай орлоготой монгол хүн”,  “Аюулгүй орчинтой монгол хүн”, “Эрүүл чийрэг монгол хүн”, “Эрдэм боловсролтой монгол хүн”, “Эрх чөлөөтэй монгол хүн” хөтөлбөрүүдээр салбар хуралдаан зохион байгуулж, ололт амжилт, алдаа дутагдлаа цэгнэж  зөвлөмж болгон гаргасан юм. Энэ үеэр чуулганд оролцогчдын хэлсэн үгийг хүргэж байна.

 

Бид уул уурхайгаас хамааралгүй болж эхэлж байна

 

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд:  Манай нам “Монгол хүн 2020” гэдэг хөтөлбөрийг анх боловсруулахдаа найман жилийн хугацаанд хэрэгжихээр бодож боловсруулсан. Учир нь хөтөлбөрийн хамрах хүрээ асар их байсан тул яаж ч бодсон  дөрвөн жилд багтахгүй гэдэг нь тодорхой байсан. Бидний тухайд найман жил хэрэгжих хөтөлбөрийнхөө эхний гурван жилийн үр дүнг энэ удаад тайлагнаж байна.

 

АН өнгөрсөн сонгуулиар 170 сум, 15 аймагт иргэдийн хуралд олонх болж орон нутгийн засгийн эрхийг давхар барилцаж байна. 2000 онд зөвхөн УИХ-д байсан. Одоо бол орон нутгийн сонгуулийнхаа хариуцлагыг давхар хүлээх ёстой. Энэ үндсэн дээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудынхаа талаар Архангай аймагт чуулан ярилцаж байна.

 

Сүүлийн 20 жилд 80 км зам тавьсан байсан бол гурван жилийн хугацаанд 250 км хатуу хучилттай зам тавьсан. Харин зам барихад зарцуулсан мөнгө буцааж төлөгдөхгүй. Гэхдээ эдийн засгийн нөөц бололцоог нэмэгдүүлсэн. Найман аймгийг хатуу хучилттай замд холбосон. Ард түмэн эдийн засгийн болоод цаг хугацааны хэмнэлт гарсныг мэдэрсэн. Харин МАН хоёр их наяд төгрөгийг халамж болгон тараасан. Үлдсэн зүйл юу ч байхгүй.

 

Тэдний тавьсан өрийг бид одоо төлж байна. Төлөвлөгөө дөрвөн жилийнх биш найман жилээр хэрэгжиж яваа ч дөрвөн жилийн хугацаанд та нар бүх аймгийг хатуу хучилттай замаар холбох ёстой гэж МАН-ынхан биднийг шахаад байгаа. Гэхдээ бид ирэх дөрвөн жилд баруун таван аймгаа холбож дуусгана. Баруун таван аймаг одоогоор хатуу хучилттай замаар хэсэгчлэн холбогдсон байгаа.

 

Бид өнгөрсөн хугацаанд үйлдвэржилтэд маш их амжилт олсон байна. Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй ижил төстэй 370 нэр төрлийн барааны  импортын татварыг 20 хувиар нэмэгдүүлсэн. Ноос,ноолуурын үйлдвэрийг дэмжих зорилгоор зургаан хувийн хүүтэй  82 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 хувь нь экспортонд гарч байна. Энэ нь ноосны урамшуулалаар малчдыг давхар дэмжсэн бодлого байсан. Үр дүнгээ өгч байна.

 

Тухайлбал, Архангайд ирэх замдаа Өвөрхангай аймгийн Арвайхээрээр дайрч ноос угаах шинэ үйлдвэртэй танилцлаа. 5000 тонн ноос угаах үйлдвэр баригдсан энэ үйлдвэрээр би ороход “ Чингис бонд”-оос 2.2 тэрбумын зээл авсан. 250 хүн ажиллуулах төлөвлөгөөтэй уг үйлдвэрт одоогийн байдлаар 160 хүн ажиллаж байна. Бүтээгдэхүүнийх нь 70 хувь экспортод, үлдэж буй 30 хувь нь дотооддоо зарагддаг. Цаашдаа утас ээрэх, даавуу нэхэх үйлдвэр байгуулж өргөжүүлэхээр болсон байна.  250 хүний тогтмол ажлын байр гэдэг бол нэг аймгийн төвд маш том үзүүлэлт.

 

Арвайхээрийн ноос угаах үйлдвэрийн жишээ бүх аймагт байна. Тухайлбал, орон нутагт 1055 үйлдвэрийг үйлдвэрлэлийг дэмжих зургаа болон найман хувийн хүүтэй зээлээр санхүүжүүлж босгосон. Эхнээсээ ажилд ороод, үйл ажиллагаа нь тогтворжоод явж байгаа үйлдвэрүүд маш олон байна.

 

Барилгын материал үйлдвэрлэх арматурын үйлдвэр ашиглалтад орлоо. Ингэснээр гаднаас нэг тонн артамурын төмрийг нэг сая төгрөгөөр авдаг байсан бол энэ мөнгө дотооддоо үйлдэх боломж бүрдэж байна. Нэг ёсондоо бие биедээ худалддаг тогтолцоо ноёрхож байсан бол одоо өөрсдөө бүтээх үйлдвэрлэлүү шилжиж байна. Бид өөрт хэрэгцээтэй байгаа юмаа хийхээс өөр аргагүй болсон. Яагаад гэвэл бүх юмаа гадаадаас авдаг байхад, гадаадад юмны үнэ өслөө гэхэд манайд дагаад өсдөг байсан.

 

Манай түүхий эдийн үнэ 2012 оныхтой харьцуулахад өнгөрсөн хугацаанд гурав дахин уналаа. Шалан дээр унасан гэж хэлж болно. Ийм том өөрчлөлт гарчхаад байхад эдийн засаг яагаад өдий зэрэгтэй байгаад байна гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Барилгын салбар ерөнхийдөө уул уурхайн дутагдлыг маш сайн нөхөж өглөө. Хөдөө аж ахуйн салбар мөн нөхөж чадаж байна. Мал сүрэг маань түүхэндээ байгаагүй өндөр тоотойгоор өслөө. Малынхаа махыг экспортлох ажлыг ч Засгийн газар шуурхай хийж байна. Үүний төлөө тусгайлсан компани хүртэл байгуулсан.

 

Сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжингийн парадад оролцох үеэрээ хойд хөршүүдтэйгээ махныхаа талаар дээд түвшний хэлэлцээрийг дуусгасан. Энэ жил зуд болж магадгүй гэж байгаа тул урд жилүүдээс ахиухан хэмжээний махыг гаргах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэх мэтээр олон тулгуурт эдийн засгийн бодлогыг бодит утгаар нь авч хэрэгжүүлж байна.

 

Хуучин зөвхөн уул уурхайдаа найддаг байсан бол одоо бид уул уурхайгаас хамааралгүй эдийн засагтай болж эхэлж байна. Монгол хүний амьдрах ёстой орон сууцуудыг монголчууд нь өөрсдөө барьж, барилгын материалаа дотооддоо шийддэг боллоо. Энэ мэтээр эдийн засгаа солонгоруулах үйл ажиллагаа явагдаж байна. Бүсийн чуулганаар АН энэ дөрвөн жилд хийхээр амласан мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэж, иргэдээ сонсож  “Монгол хүн  2020” хөтөлбөрийнхөө үр дүнг хэлэлцлээ.  

 

МАН –ынхан АН-ын хийсэн ажлыг нь харлуулж байна

 

УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа: “АН тооромзолж мэддэггүй бол МАН хаазлах дуртай” гэж хэлц үгийг би хэлмээр байна. Үнэхээр АН бүтээн байгуулалт улс орныхоо хөгжлийн төлөө сүүлийн гурван жилд  тооромз авч чадалгүй зүтгэж байна.

 

Гэтэл МАН –ынхан АН-ын хийсэн ажлыг нь харлуулж, зарим гишүүд нь би хийсэн мэтээр ярьж, эдийн засаг хямарсан ард түмний амьдрал туйлдлаа гэж тэндний тархийг угаах гэж хаазлаад хаазлаад нэмэргүй болжээ.

 

Нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа олон зүйлийг бид өнөөдөр бүсийн чуулган хийж байгаа аймаг бүрээс харж байна. Манай Архангай аймаг бусад аймгуудаас илүү хөгжиж байна. Энэ нь эвлэлдэж нэгдэж чадвал хөгжлийн шинэ шатанд богинохон хугацаанд гарч чаддагийн жишээ болж байна.

 

Монгол Улс цэцэглэн хөгжиж  монгол хүн эх орондоо сайхан амьдрах ёстой. Ардчиллын эцсийн зорилго хэзээ дуусах юм гэж бодох хэрэггүй. Бүсийн чуулганаас шинэ бодлого, шинэ санаа, шинэ туршлага, шинэ зөвлөмж шинэ зорилго урган гарсаар байх болно. “ Монгол хүн 2020” хөтөлбөрийн биелэлт хэрэгжилт, гүйцэтгэл биелэгдсээр байх болно цаашаа үргэлжилсээр ч байна.

 

“ Монгол хүн 2020” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр: Манай нам “Монгол хүн 2020” бүсийн чуулганаар өнгөрсөн хугацаанд алдсан алдаа, олсон ололтоо бүгдийг нь ярилцаж байна.

 

Бидний хамгийн том олсон ололт гэвэл, цаг хугацааг маш сайн ашиглаж хоёр, гуравхан жилийн хугацаанд томоохон бүтээн байгуулалтуудыг орон нутгуудад өрнүүлсэн явдал. Орон нутгийн хөгжлийн сан гэдэг бол орон нутагт маш их үр ашигтай шийдэл болсон гэж ойлгож болно.

 

Өмнө нь их хурлын гишүүн сонгогдсон тойргийнхоо сургуулийн цонх шилний тухай асуудал ярьдаг байсан бол өдгөө тэр мөнгөө орон нутгийнхаа мэдэлд шилжүүлсэн байна. Цаашид үүнийг улам сайн сайжруулах ёстой. УИХ-ын гишүүн бол УИХ-ынхаа хуулийг батлах ийм л ажил руугаа орох ёстой юм. Гишүүдэд өгдөг тэрбум төгрөгийн багцыг орон нутагт өгснийг ард иргэд үнэхээр сайшааж байна. Мөн бүх газруудад сайн бүтээн байгуулалтуудыг хийсэн гэдэгтэй санал нэг байна.

 

Алдаж байгаа алдаа гэвэл, цаашид боловсон хүчнийг сургах, төрийн боловсон хүчний залгамж чанарыг сайжруулах, төрийн албыг тогтвортой байлгах, бусад бүх намуудаас төрийн алба гэдэг зүйлийг хараат бус байлгах гэдэг зүйлийг анхаарах асуудал дээр санал нэгдэж байна. Үүнийг ард иргэд ч санал нэгтэйгээр илэрхийлсээр байгаа. Ер нь Монгол төрийн албыг тогтвортой байлгах тал дээр цаашид маш сайн анхаарч ажиллах шаардлагатай байна аа л гэж ойлгож байна.

 

Ардчилсан намын бүсчилсэн чуулга уулзалтууд цаашид үргэлжилнэ. Тодруулбал, энэ долоо хоногийн сүүлчээр Дархан-Уул аймагт төвийн бүсийн аймгуудын төлөөлөл цуглах бол нийслэл Улаанбаатар хотноо нэгдсэн уулзалт болж, “Монгол хүн-2020” хөтөлбөрийн дараагийн дөрвөн жилийн ажлуудаа тодорхойлох аж.  

 

 

 

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
bibix:
Heden teneg mangar yumnuud.an bsan tsagt mgl uls hezee ch uudluhgui
2015-09-15