Намуудыг ”засъя”
2015-09-15

“Нараа дагавал даарахгүй, намаа дагавал алзахгүй “ гэх 70 жил хэрэгжсэн, тэртээх 25 жилийн өмнө энэ үг  хуучраагүй,  өнөө  хүчтэй хэвээр байна.  Ардчилсан нийгэмд шилжин, байнгын үйл ажиллагаатай парламенттай болоод 25 жил болж байгаа ч засаг хямарч, төрийн систем доголдсон хэвээр байгаа.  Өнөөдөр сонгогчид төрөө байгуулж, бүрдүүлдэг эрх зөрчигдөж,  улс төрийн хүчин сонгогчдын эрхийг булаацалдлаа.  Сонгогчдын сонголтоос бус намаас  “томилогдон” парламентад орж ирсэн улстөрчдөөс төрийн бодлогыг нэхэж шаардаад  ч нэмэргүйг өнгөрсөн гурван жилд бид хангалттай мэдэрлээ. Тиймээс  өнөөдөр  улс төрийн нам, улстөрчдөөс сонгогчид, иргэд хариуцлага, ёсзүйг хайж, нэхэх болов.

 

Хариуцлага, ёсзүйн талаар байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцгойлон дурдана лээ. Үнэндээ Төрийн тэргүүний улстөрчдөд хандан хэлсэн үг “загатнасан газар нь  маажих”-тай адил сонсогдсон гэж олон нийт ам сайтай байна лээ.

 

Өнөөдөр олон нийт  хариуцлагатай, ёс зүйтэй улс төрийг төр, засгаасаа нэхэж байгаа. Түүнээс бус хэн нэг албан хаагчид, хурган даргад сануулга, цалингийн торгуулийн шар хуудас өгснөөр төр хариуцлагажиж,  түшээд ёсзүйтэй болчихгүй.

 

Хариуцлага дээрээсээ л эхлэх ёстой. Хуулийг дарга нар өөрсдөө биелүүлж эхлэх ёстой. Хариуцлагатай, албан тушаалын ёс зүйтэй байх нь чухал байна.  Монголд хариуцлагын тогтолцоо байхгүй болсон. Хариуцлагын тогтолцоо байхгүй бол ардчилал, ардчилсан нийгмийн тухай яриад хэрэггүй. Дарга нар нь хариуцлага хүлээдэггүй байх юм бол ардчилсан нийгмийн тухай яриад хэрэггүй ” гэдгийг Ерөнхийлөгч онцолсоныг эрхэм түшээд нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихаж болохгүй байлтай.

 

Нийгэм өөрчлөгдсөн ч хариуцлага, ёс зүй хэвээр хаана ч үйлчилж байдаг. Парламентын олонхийг намын бүлгүүд бүрдүүлдэг. Олон суудал авсан намын гишүүд төр, засгийн өндөр дээд албыг хашиж, төрийн байгууллагад хууль бус халаа сэлгээ явагдсан шүүмжлэл өнөө ч гарсаар байгаа.    Өнөөдөр төрийн албанд  сонгуульд ялсан, парламентад суудалтай намын эрхмүүд илүү ямба эдэлж, албан тушаал дэвшиж байгаа нь нууц биш.  Нэг гэр бүлийн эхнэр нөхөр, ах дүү нар өөр өөр намд гишүүнчлэлээр элсэн, тухайн намдаа үнэнчээр зүтгэх нь эрхэлж байгаа ажил, албан тушаалаа  хадгалж үлдэх “сонгомол” арга ч гэцгээж, ийм жишээ ч  байна.

 

Салбартаа мэргэшсэн ажилтан тушаалтан гэхээсээ намдаа нэр нөлөөтэй хэн нэгэн давуу эрх эдэлж албан тушаалд томилогдон, авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдох нь ихэссэн. Намын нэр нөлөөгөөр томилогдсон албан тушаалтан хуулийг гууль болгож, хариуцлагыг уландаа гишгэн, ёс зүйгүй авирлах нь нийгмийн ердийн үзэгдэл болтлоо уусан  “төлөвшжээ”.

 

Тиймээс ч Ерөнхийлөгч “ улс төрийн нам гэдэг нь албан тушаалд дуртай хүмүүсийн цуглуулга биш. Энэ бол  манлайлагчид, Монголын шинэ өнгө, төрх болсон, Монголыг авч явах үнэхээр шигшээ баг л энд бүрэлдэж байх ёстой. Өнөөдөр улс төрийн намыг тойроод шигшээ баг бүрэлдэж байна уу, ямар баг бүрэлдэж байна вэ?  Өөрсдөө үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Энэрүү хөтөлж чадах хариуцлагатай, чадалтай улс төрийн намын системийг Монголд бий болгох хэрэгтэй. Улс төрийн нам ялангуяа эрх барьж, эрх барихад оролцож байгаа бол ийм байх ёстой.

 

Бид бүх байгууллагаас хариуцлага шаарддаг мөртлөө улс төрийн намаас хариуцлага шаардаж чадахгүй л байгаа. Тийм малгайн дор орсон нөхөд өнөөдөр хариуцлагаас зугтах гэж гүйдэг болсон. Монгол Улсыг хариуцлагагүй болгож байгаа, энэ ардчилсан сонголтыг утга учиргүй болгож байгаа этгээдүүд энэ дор цуглардаг болсон шүү. Энэ байдалд бүгдээрээ цэг тавья. Ингэж цаашаа хөгжлийнхөө байдлыг тогтооё. Ийм шалгуурыг бий болгоё. Хэрэв нам хариуцлагатай болохгүй бол төр хариуцлагатай болохгүй байна.

 

Ар ардаа байгаа нам, нам нь дотроо хэдэн фракц, бүлэглэлд хуваагдчихсан . Хүн бүхэн мэднэ. Монголын ажлыг ямар хүмүүс зогсоож байна. Яаж зогсоож байна. Ямар аргаар, ямар дэвийн аргаар зогсоож байна гэдгийг. Одоо энэ дэвийн, адын аргаасаа салъя, энэ ёрын муухай юмнаас больё л доо” гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон.

 

Үнэндээ ч улс төрийн нам дахь олон фракц, бүлэглэл төрийн ажлыг гацааж,  албан тушаалын томилгоонд хошууран  өрсөлдсөөр парламентын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, дараагийн сонгуулийн жилтэй золгох гэж байна.

 

Тиймээс  эхлээд баруун зүүний чиглэл нь холилдсон, холимог системтэй улс төрийн хүчнүүд дотооддоо хариуцлага, ёс зүйгээ сахиж,   төр удирдах бэлтгэлээ хангахыг ирж яваа цаг шаардаж байгаа билээ.

 

Харин намуудыг хэрхэн “засах” вэ? Улс төрийн хүчнүүд дотоод дүрмээ боловсруулж гишүүдээ “шигших” нь тэдний эрх.  Мэдээж, намын удирдагчид өөрт нь үнэнч, журмын анд, урваж шарвадаггүй  баруун зүүн гар хэрэгтэй.  Харин Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэн баталж, түүндээ гишүүний хариуцлага, ёс зүйг чангатган,  хуулиар заагаад өгчихмөөр.  Парламентат засаглалтай улс хуулиа л мөрдөнө.   Зүг зүг рүү үсчсэн өчнөөн мянган гишүүнтэй гэж үнэмлэх тараахаар  аймаг, нийслэл, дүүргийн салбар хороод дээрээ санаа сэтгэл нэгтэй,  намын бодлогоо төрийн бодлоготой уялдуулан зангидаад, нийгмийн хариуцлагаа дээдэлдэг  гишүүд  намд байтугай төрд ч хэрэгтэй дээ. “Ер нь улс төрийн нам бол судалгааны байгууллага байх ёстой. Шилдэг шийдлүүд, шилдэг үзэл санаануудыг цуглуулж байх ёстой” гэдгийг Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ дурдсан.

 

Тиймээс намрын чуулганаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, ирэх сонгуульдаа ч улс төрийн хүчнүүд шинэчилсэн хууль, шинэ хариуцлага, ёсзүйтэй өрсөлдмөөр юм.  Улс төрийн хүчнүүд парламентад суудалтай болох гэж яарах бус эхлээд намаа засаад дараа нь төрд зүтгэвэл ямар вэ?

 

Н.Энхбат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Namuud geheesee iluu eronhiilogchoo zasaj zalruulj oorchilmoor um. Am ajil ni zorson ard tumnee hudlaa hoshigruulsan dalan hudalch hoer nuurtei eronhiilogchiig ogtsruulah heregtei.
2015-09-15
зочин:
Ийм нам нэртэй хогийн жорлонгудыг засч залруулдаггүй бөгөөд бүрмөсөн тарааж устгах ёстой юм. Хулгайчийг хулгай хийхээ болино гэж горьдож суудаг тэнэгүүдэд л тохирсон үг байна.
2015-09-15
Зочин:
Хариуцлага гэдэг зүйл алга болгох ажлыг сонгуулийн хуулиар л хийсэн шүү дээ. Өнөөдөр УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгохоо больсон цагаас Ард түмэн хэн ч биш болсон тэд зөвхөн бүлэг фракц байгуулж намдаа яаж зүтгэх вэ гэдэг боллоо УИХ-ын гишүүдийг эхлээд ард түмэн сонгодог хуучин зарчим хэрэгтэй байна.
2015-09-15
Зочин:
эхлээд уих- г тараах хэрэгтэй. 16 оны сонгууль хүргэвэл монгол дуусна. ан махн- эргүүнүүдээс яаралтай салах хэрэгтэй. хотыг балгас болтол нь чанаргүй барилгаар бизнёс хийсэн нам тэдний улс төрчидийг сонгохгүй байх хэрэгтэй.
2015-09-15
зочин:
АН-ыг тараах хэрэгтэй, бусад намууд ч яахав ээ, улс орны эсрэг ажилладаг, эдийн засаг унагаадаг, удирдаж чаддааггүй, төрийн сайдад эрүүгийн рекетүүдийг санал болгож монголын төрийг доромжилдог, газар нутгийг чөлөөт бүс нэрээр зарах гэж байгаа ийм нам хэрэггүй
2015-09-15
зочин:
Одоо нам дагасан, хэн нэгэн дарга дагасан нөхөд л сайн амьдарч байх шив дээ. Насаараа хүн дагаж амьдрах бүлэглэл маш их газар авч төр, засаг, нийгмийг тэр чигээр нь хамарч байна. Жинхэнэ төрд ажиллах хүмүүс нь үнэхээр жийгдэх болов. Одоо энэ засгийн үед нөгөө хүн дагадаг нөхдийн амьдрал эрс сайжрав. Хүн дагах ажил нь ид цэцэглэж байна даа. Тэгээд үүнийгээ багаар ажиллах гэж нэрлээд байгаа юм. Төр, засгийг самрах сайхан менежмент хэрэгжиж байна. Нөгөө хүн дагадаг нөхөд нь бүх мэдээг цуглуулаад дараагийн ээлжийн дарга нарт өгөхөд бэлэн болж байгаа.
2015-09-15