Бангкок: Гол сэжигтэн зугтаажээ
2015-09-15

Бангкок хотын цагдаагийн газар бунхны дэргэд халдлага үйлдсэн гол сэжигтэн Тайландаас амжилттай зугтааж, хил давсан хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. 1988 оны долоодугаар сард Турк улсад төрсөн Абудисатаер Абудугехаман гэгч халдлагын дараа Хятадын Шинжаан хотноо очиж дараа нь Истанбул хот руу явсан байна.

 

Цагдаа нар залууг бунхны халдлагыг зохион байгуулсан гол сэжигтэн хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн аж. Харин Тайландын эрх баригчид гол сэжигтэнг хилийн дээс алхаж амжаагүй хэмээн мэдэгдэж, интерполын тусламжтай эрэн сурвалжлах үүргийг Бангкок хотын цагдаа нарт өгчээ.

 

Халдлагатай холбоотой гурван этгээдийг баривчилсан бөгөөд халдлагын үеэр хяналтын камерт бичигдсэн шар футболктой эрийг өнгөрсөн долоо хоногт баривчилсан. Шар футболктой эрийг Камбожийн хилээс баривчилсан юм. Харин сүүлд баригдсан гурав дахь сэжигтэн Юусупу Мирел өнгөрсөн долоо хоногт хэргээ хүлээж, халдлагад оролцсон болохоо хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр “Бунхны дэргэдэх халдлагад ойролцоогоор найман хүн оролцсон” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин