Шерил: Би бол давтагдашгүй
2015-09-15

X Factor шоуны шүүгч, дуучин Шерилийн “ELLE сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Сүүлийн үед уран бүтээлч гэхээсээ илүү “X Factor” шоуны шүүгчээр дэлгэцээр их гарах болжээ. Шүүгч байх таалагдаж байна уу?

 

-Тиймээ, таалагдаж байгаа. Нуугдмал авъяасыг гарган ирж буйдаа баяртай байна. Бурхан минь Британи сод авъяастануудаар дүүрсэн гэхэд болно. Зөв хүнээ сонгоод, зөв хөдөлвөл дэлхийн шилдэг дуучид “X Factor”-аас гарч ирэх боломжтой.

 

-Гэхдээ тоотой хэдэн дуучин “X Factor”-аас гарч, одоо уран бүтээлээ туурвиж байна?

 

-Урлагийн хүн сэтгэлийн тэвчээртэй байх ёстой. Бяцхан саадын өмнө өвдөг сөгдөж болохгүй. Шилдэг уран бүтээлийн төлөө нойр, хоолноос татгалзаж болно. Өөрийнхөө дутагдалтай талаа ялаагүй хүн хэзээ ч урлагийн хүн тэр тусмаа шилдэг уран бүтээл гаргаж чадахгүй. Залуус бүх зүйлийг амархан мэтээр хардаг. Сайн дуулдаг байлаа гээд төгс бүтээл гаргахгүй.

 

-Та Британийн уран бүтээлчдээс хэний уран бүтээлийг сонсдог вэ. Өрсөлдөгч бус зүгээр л сонсогчийн хувиар?

 

-Адель. Түүний дуу хоолой яг л сахиусан тэнгэрийнх шиг. Төгс. Гаргасан уран бүтээл бүхэн нь төгс. Би Аделийн фэн. Бүх цомог нь надад бий. Би энэ бүсгүйн дуу хоолойны төлөө хэдэн ч долларыг үрж чадна. Сайхан дуунаас бүү татгалз.

 

-Аделийн аль дуунд нь дуртай вэ?

 

-“Skyfall”. Би энэ дууг өдөрт 10-аас дээш удаа сонсдог. Үнэхээр гайхалтай дуу. Адель шиг олон дуучин Британийн урлагт хэрэгтэй. Британийн урлаг холливуудтай эн тэнцүү байгаасай гэж хүсдэг.

 

-Энэ бүсгүй танаас илүү дуулдаг ч та атаархдаг уу?

 

-Тиймээ. Хэрвээ би энэ бүсгүй шиг төгс хоолойтой байсан бол өдөр бүр дуулах байсан. Энэ бүсгүй гоц авъяасыг гэртээ нуугаад ил гаргахгүй байна.

 

 

-Саяхан X Factor” шоуны шүүгчид сэтгэл догдлом түүхтэй, 21 настай Жош Дэниелсийн дууг сонсоод уйлсан. Төмөр зүрхтэй гэгддэг Саймон Коуэлл хүртэл уйлсан. Тэр эрхмийг уйлж байхыг харж байгаагүй?

 

-Жошийн түүх гайхалтай байснаас гадна түүний дуу хоолой бидний зүрхийг догдлуулсан. Хэрвээ тэр залуугийн дууг сонсоод уйлаагүй бол онцгүй хэрэг. Дуу хоолой зүрхэнд хамгийн хүчтэй тусдаг. Саймон бол чанга залуу. Энэ залууд таалагдахгүй бол чи цаашаа алхаж чадахгүй. Чиний дуу хоолой энэ залууд таалагдахгүй бол чи дуучин болж чадахгүй. “Үгүй, хасагдлаа” гэх үгийг байнга хэлж, нэгэн хэвийн Саймоныг уйлж байхыг хараад их гайхсан шүү. Саймон уйлахдаа илүү сайхан харагддаг гэдгийг тэр үед л мэдсэн. /инээв/

 

-Та хоёрыг таагүй харилцаатай байдаг гэдэг?

 

-Бид хоёр зөвхөн авъяасын төлөө маргалддаг, муудалцдаг. Хэрвээ шүүгчийн ширээний ард суугаад өөр зүйлсийн талаар яриад хэрэлдээд байвал онцгүй биз дээ.

 

-Та өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгээ мэдэх үү?

 

-Мэднэ. Яагаад ийм асуулт асууж байгаа юм бэ. Их гайхлаа шүү. /инээв/

 

-Та Британийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй. Таны гоо үзэсгэлэн бүсгүйчүүдийн хувьд брэнд болж байна. Таны хацрын хонхорхой үнэхээр хөөрхөн харагддаг. Өөрийгөө толинд харахдаа юу гэж боддог вэ?

 

-Баярлалаа. Магтаалд дургүй эмэгтэй хүн гэж байхгүй. Чиний хэлснийг сонсоод би бага зэрэг ичингүйрэв. Толинд харах бүртээ залуу насаа авч үлдэх юмсан гэж боддог. Цаг хугацааны эрхээр залуу нас минь шувуу адил нисэн одож байна.

 

-Шерил гэх бүсгүйтэй адилхан болохын тулд бүсгүйчүүд гоо сайхны хагалгаанд орж байна. Энэ тухайд?

 

-Хэн нэгнийг дуурайх хэрэггүй. Өөрөөрөө бай. Энэ бол хамгийн зөв сонголт. Үнэнийг хэлэхэд, надтай адилхан болох гэж хичээх хэрэггүй. Би бол давтагдашгүй. Дэлхийн бүх хүн давтагдашгүй.

 

-Амьдралдаа хийж байсан хамгийн том алдааныхаа тухай сонирхуулаач?

 

-Эшли Коул. Би энэ залуугийн эхнэр байх хугацаандаа жаргалтай байсан. Гэхдээ төгсгөлд нь уйлж, өөрийгөө буруу сонголт хийснээ мэдсэн.

 

-Эшлитэй зэрэгцээд Английн хөлбөмбөгийн олон ч од эхнэрээ хуурсан нь илчлэгдсэн. Гэхдээ тэдний хэн нь ч гэр бүлээсээ салаагүй. Үүнийг хараад магадгүй та нөхөртэйгээ үлдээгүйдээ харамсдаг уу?

 

-Үгүй ээ, энэ бол миний шийдвэр. Харин нөхөртэйгөө үлдэхээр шийдсэн нь тэдний сонголт. Бусад хүний шийдвэрийг дүгнэж цэгнэх нь буруу. Бид яах гэж гэрлэдэг юм бэ. Бид сайхан амьдрахын тулд гэрлэдэг. Хэрвээ үлдсэн амьдралдаа хэн нэгэнд үнэнч байж чадахгүй бол үлдэж буй хугацаандаа зүгээр л зугаац. Битгий хэн нэгний зүрхийг шархлуул. Зүгээр л ганцаараа энэ амьдралыг туул.

 

-Салалт таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

 

-Би их ганцаардмал болсон. Зүгээр л хэнд нэгэнд итгэж, хайртай болохоосоо айдаг болсон.

 

-Гэхдээ та гэрлэсэн?

 

-Тиймээ. Би гэрлэсэн.

 

 

-Та хууралт, салалтын дараа Жан-Бернард Фернандес-Версини гэх залууд дурлаж, хуримаа хүртэл хийсэн?

 

-Эмэгтэйчүүдийг хүндэлдэг, хайрладаг залууст би дуртай. Олон ч хүн намайг буруу сонголт хийж байна гэдэг байсан. Нэг зүйлийг хэлэхэд, би энэ залуутай амьдрах болохоос та бүхэн биш. Би л жаргалтай байвал бусад нь надад хамаагүй.

 

-Хэзээ ээж болох вэ?

 

-Нэг л өдөр ээж болох болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин