Хилийн дагуу түймрээс хамгаалах зурвас татлаа
2015-09-15

Хил хамгаалах ерөнхий газар, БОНХАЖЯ-наас 2015 онд хилийн бүс  нутагт хийсэн инженерийн ажлуудыг хариуцсан хилийн ангид хүлээлгэн өглөө. Хэнтий, Дорнод аймагт түймрээс хамгаалах зурвас сэргээх болон, шинээр гаргах, ойн зурвас гаргах  зэрэг томоохон дөрвөн ажлыг энэ жил гүйцэтгэсэн байна.

 

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн хэсэгт БОНХАЖЯ-ны 78,3 сая төгрөгийн санхүүжилтээр 12.7 км урт, 30 метрийн өргөнтэй ойн түймрээс хамгаалах зурвас татсан байна.

 

Мөн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн санхүүжилтээр 10 метрийн өргөн, 74 км урттай түймрээс хамгаалах шороон зурвас татжээ. Ингэснээр тус аймгийн дагуух хилийн бүсэд нийт 116,7 км урт шороон зурвас татсан байна.

 

Харин Хэнтий аймаг дахь хилийн 0287 дугаар ангийн хариуцсан хэсэгт буюу Биндэр суманд 11м өргөн, 40см гүн, 12 км урт, Дадал суманд 11м-ийн өргөн, 40 см-ийн гүн, 8 км урт зурвасыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.

 

Ингэснээр тус аймгийн хэмжээнд 2015 онд нийт 10-11 метр өргөн 77 км урт түймрээс хамгаалах, мөр хянах зорилго бүхий зурвасыг чанартай гүйцэтгэжээ. Эдгээр ажлуудыг Хил хамгаалах ерөнхий газар, хилийн анги, БОНХАЖЯ, аймгуудын БОАЖ-ын газрын мэргэжилтнүүд хүлээн авч тухайн хэсгийг хариуцсан хилийн ангид хүлээлгэн өгсөн байна.

 

Түүнчлэн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хилийн дугаар тэмдэгтийн чиглэлд 2014 онд хийгдсэн 250 км мөр хянах зурвасыг сэргээн, ургамлын эсрэг хор цацах ажлыг гүйцэтгэжээ.

 

Дорнод Хэнтий аймагт хавар намрын улиралд хуурайшилт ихтэйгээс үүдэн ой, тал хээрийн түймрийн гаралт их байдаг бөгөөд хилийн инженерийн байгууламжийг сайжруулснаар хил даван орж ирэх түймрийн гаралт ч буурах юм. Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах, хилийн зөрчлөөс сэргийлэх, орон нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хамгаалахад үйл ажиллагаанд илүү ахиц гарна гэж албаныхан үзэж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин