Си дарга АНУ-д айлчлахаа мэдэгдлээ
2015-09-16

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ сарын 25-нд АНУ-д төрийн айлчлал хийхээр болсон тухай Цагаан ордны хэвлэлийн алба “AFP” агентлагт уламжилжээ.

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бээжин хотноо “АПЕК”-ийн гишүүн орнуудын удирдагчид чуулсан билээ. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Си даргыг эх орондоо айлчлахыг хүссэн юм. Си дарга энэхүү саналыг хүлээн авсан бөгөөд хэзээ айлчлахаа мэдэгдээгүй байсан. Тэгвэл Си даргын хэвлэлийн алба өнгөрсөн долоо хоногт даргын айлчлалыг энэ сард болно гэж мэдэгдсэн.

 

Америк, Хятадын хэвлэлүүд Си даргын айлчлал цуцлагдаж болзошгүй хэмээн бичиж байгаа. Учир нь энэ онд Цагаан ордны дотоод сүлжээ хэд хэдэн удаа кибер халдлагад өртсөн билээ. Эдгээр халдлагуудын цаана Орос, Хятад байгаа хэмээн АНУ-ын Тагнуулын байгууллагаас мэдээлж, тус улсуудын эсрэг хориг тавихаа мэдэгдсэн. Энэхүү халдлагатай Бээжин холбоогүй хэмээн мэдэгдэж, хориг тавьсан тохиолдолд хариу арга хэмжээ авахаа сануулсан юм.

 

“Кибер халдлагаас болж хоёр улсын дипломат харилцаанд зэв суусан нь үнэн ч Си даргын айлчлал товлосон өдрөө болно” хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин