Тоглолтын үеэр амиа алдах шахжээ
2015-09-16

 

Илбийн “Criss Angel” тоглолтоороо олон улсад танигдсан илбэчин Спенсер санамсаргүй алдаанаас болж, тоглолтынхоо үеэр амиа алдах шахсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Илбэчин хамтран тоглогчийн хамтаар АНУ-ын Нью Жерси мужийн Үндэсний театрын гадна илбийн үзүүлбэр үзүүлсэн байна. Тэрбээр гар, хөл болон их биеэ гав, гинжээр холбож 30 инчийн устай шилэн хайрцаг дотор өөрийгөө түгжсэн байна. Туслахууд илбэчин орсон хайрцгийг кранаар өргөж, гурван метрийн өндөрт байршуулжээ. Илбэчин устай хайрцагнаас 25 секундын дотор гарах ёстой бөгөөд хэрвээ гав, гинжээ тайлж чадахгүй хугацаа алдвал амиа алдах эрсдэлтэй байдаг байна.

 

Спенсер өчигдрийн илбийн үеэр хайрцагнаасаа гарч чадахгүй байсан учир цагдаа нар аргагүй эрхэнд шилэн хайрцгийг буулгаж, илбэчинг дотроос нь гаргажээ. Хайрцагнаас гаргах үед илбэчин амьсгалахгүй байсан бөгөөд цагдаагийн ажилтан хиймэл амьсгал хийж, амийг нь аварсан байна. Спенсерийг эмнэлэгт хүргэсэн аж. Цагдаа нар илбэчинг авраагүй байсан бол тэрбээр амиа алдах байсан хэмээн эмч нар мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин