Л.Эрдэнэчимэг ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
2015-09-17

Олон улсын ахмадын өдрийг угтан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны ахмад настны төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

Тэрбээр жил бүр Олон улсын ахмадын өдөр болон Цагаан сараар сонгогдсон тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч баяр хүргэдэг бөгөөд энэ удаа хороодын ахмад настнуудад ирэх баярын арга хэмжээнд нь зориулж 500 мянган төгрөгийн хандив өргөсөн нь нийт дүүргийн хэмжээнд 16 сая төгрөг болж байгаа аж.

 

Ахмад настнууд сонгосон гишүүндээ ард иргэдийнхээ дуу хоолойг төрийн түшээдэд хүргэж, дүүргийн оршин суугчдын аж байдлыг сайжруулахын төлөө багагүй ажил хийсэнд нь талархлаа илэрхийлээд оршин суугаа нутаг дэвсгэрт нь, ялангуяа гэр хорооллынхны ахуй амьдралд тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд тусалж дэмжихийг хүслээ. Тухайлбал, тус дүүргийн хэд хэдэн хороонд сургууль, цэцэрлэг огт байхгүй, зам харгуй тавигдаагүйгүйгээс эмнэлгийн тусламж яаралтай авах боломжгүй, алслагдсан зарим чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэггүй, зарим хороо өнөө хэр нь тог цахилгаангүй байгаа зэрэг цөөнгүй бэрхшээл дурдсан юм.

 

Л.Эрдэнэчимэг УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд тэтгэвэр тэтгэмж, цэцэрлэг сургуулийн барилга зэрэг зарим асуудлыг төсөвт тусгуулах талаар анхаарч ажиллахаа мэдэгдээд ахмадууд  хүсэлт шаардлага тавихаасаа илүү хамтдаа баг болон ажиллахын дээр анхан шатны байгууллагуудаа зохих ёсоор нь ажиллуулж чадвал энд яригдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөмтэй гэдгийг тэдэнд хэлсэн юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин