I Эмнэлгийн хамт олонд илгээлт хүргүүлэв
2015-09-17

Монгол Улсын ууган эмнэлэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт клиникийн төв эмнэлэг үүсэн байгуулагдсаны  90  жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд илгээлт явуулжээ. Уг илгээлтэд:

 

-Зуун дамжсан арвин түүхтэй Монгол Улсын ууган эмнэлэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт “Улсын клиникийн төв эмнэлэг” гэж монгол хүний зүрх сэтгэлд хоногшсон, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн удирдлага, эмч, сувилагч, асрагч, ажилтан, албан хаагчид Та бүхэнд үүсэн байгуулагдсаны  90  жилийн ойг тохиолдуулан баярын мэнд дэвшүүлье.

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлээгүй өрх гэр, нэгдүгээр эмнэлэг гэдэг нэрийг мэдэхгүй монгол хүн байхгүй болохоор Эрүүл мэндийн салбарын тулгыг тулж, тооныг өргөн, түүхийг бичилцсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 90 жилийн ой зөвхөн эмнэлгийн хамт олны төдийгүй монголын ард түмэн, эрүүл мэндийн салбарын хамт олны баяр болж байна.

 

 90 жилийн баялаг түүхтэй энэ эмнэлэг 1929 оноос эхлэн  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургууль, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв, Нийслэлийн яаралтай тусламжийн төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг 20 гаруй сургууль, эмнэлэгийн тулгын чулууг тавьж монголын эрүүл мэндийн салбарын түүчээ болон хөгжиж байна.

 

Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг гуравдагч шатлалын буюу улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, анагаах байгууллагуудад мэргэжил арга зүйн лавлагаа, тусламж үзүүлэх чадавхи бүхий тэргүүлэх төв эмнэлэг болтлоо өргөжин хөгжиж байна. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах эмчилгээ, бөөр судлал, гемодиализ, бөөрний дурангийн оношлогоо, эмчилгээ, Диабет, дотоод шүүрлийн булчирхайн эмгэг судлал, Хэрх үе, цус судлал болон бөөрний, бүдүүн шулуун гэдэсний, эрүү нүүрний, чих хамар хоолойн мэс засал зэрэг 20 гаруй төрөлжсөн оношлогоо, эмчилгээг өндөр технолгоор хийж, цөмийн онош зүйн болон эд нийцлийн лабораториор оношилгоо шинжилгээг дангаараа хийж байна.

 

Өнөөдрийн байдлаар монгол улсад нутагшуулах томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж, эмч, мэргэжилтнүүд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж нарийн мэргэжил эзэмшин,  шаардлагатай лабораторын болон бусад тоног, төхөөрөмжүүдийг суурилуулж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний технологийг нэвтрүүлсэнээр бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 104 удаа, элэг шилжүүлэн суулгах  мэс заслыг 20 удаа, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг 2 удаа, үе шилжүүлэн суулгах мэс заслыг 1188 удаа амжилттай хийж, дэлхийн өндөр технологийг өөрийн орны эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэн салбартаа анхдагч, манлайлагч нь болсон Та бүхнээр бахархаж байна.   

 

Эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж, "Гемодиализын орчин үеийн стандарт-менежмент"-ийг нэвтрүүлэх, Евро стандартыг хангасан эмнэлгийн ариутгалын вакум өрөө, чиглэсэн урсгал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан Ариутгалын тасгийн цогц шинэчлэлийг хийх, Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатор байгуулж лабораторийн тусламж үйлчилгээг 24 цагийн турш иргэдэд хүргэдэг тогтолцоог бүрдүүлэх, Хэвлийн хөндийн хагалгаанд дурангийн шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан нь Танай хамт олны оюуны болон мэргэжлийн өндөр чадавхийн илэрхийлэл болж байна. Өнгөрсөн хугацаанд тус эмнэлгээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяатууд, төрийн шагналтан, эрдэмтэн, профессорууд олноороо төрөн гарсан нь үүнийг давхар нотолж байгаа юм.

 

Ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогсоно гэдэг туйлын хариуцлагатай, цаг наргүй ажил гэдгийг бид ойлгож байна. Тийм ч учраас ойрын үед эмнэлгийн засаглалыг боловсронгуй болгож, эмнэлгийн бие даасан байдлыг хангах зорилт тавьж эрх зүйн шинэчлэлтийг хийх гэж байна. Энэ бол Та бүхний ажиллах нөхцлийг зах зээлийн зарчимд нийцүүлж, оношлогоо, эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эмч сувилагчдын ур чадварт түшиглэсэн урамшуулал, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байна.

 

Та бүхэн Төв Азийн тэргүүлэх эмнэлэг болон хөгжих эрхэм зорилго тавьж, өөрчлөлт шинэчлэлтийг шат дараатайгаар хийж, оношлогоо эмчилгээнд анагаахын шинжлэх ухааны дэвшилтэд технологийг нэвтрүүлж байгаа нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үндэс болж байна. Энэ эрхэм зорилтоо биелүүлж чадна гэдэгт би итгэл төгс байна.

 

Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

Shuud.mn
Сонин хачин